Импортын бараа, бүтээгдэхүүний хэмжээ буурчээ

Хуучирсан мэдээ: 2015.11.23-нд нийтлэгдсэн

Импортын бараа, бүтээгдэхүүний хэмжээ буурчээ

“Хүний төлөө-Хилийн хяналт” сарын аяныг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын /МХЕГ/ Хил хорио, цээрийн хяналтын газраас санаачлан явуулж эхэлсэн. Сарын аяны хүрээнд өнөөдөр "Хариуцлагатай бизнес" үзэсгэлэн худалдаа, форум Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгуулж байна. Үзэсгэлэнд 50 гаруй аж ахуй нэгж  оролцож, бүтээгдэхүүн бүрээ агуулахын үнээр худалдаалж буй юм.

Улс орны эдийн засаг буурсантай холбоотой импортоор орж, ирэх бараа бүтээгдэхүүний тоо ширхэг буурсныг  Хил, хорио цээрийн хяналтын газрын дарга Х.Чинбат  тодотголоо. Өнгөрсөн зургаадугаар сарын тайлан мэдээгээр Монгол Улсад эрсдэлийн ангиллаар хянагдан, импортоор 791300 тонн, 30267 литр, 10 сая 57 мянган ширхэг бараа, бүтээгдэхүүн орж иржээ. Өнгөрсөн аравдугаар сарын статистик мэдээллээр манай улсын  нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 1988.7 сая ам.доллар буюу 21.9 хувь, үүний дотор экспортын хэмжээ 677.8 сая ам.долл буюу 14.7 хувь, импортын хэмжээ 1310.8 сая ам.доллар буюу 29.3 хувиар буурчээ.

Импортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 1310.8 сая ам.доллар буюу 29.3 хувиар буурахад эрдэс бүтээгдэхүүний импорт 451.4 сая ам.доллар авто, агаар, усан замын тээврийн эд ангийнх 233.3 сая ам.доллар, машин тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл тэдгээрийн эд ангийнх 217.0 сая ам доллар, үндсэн төмөрлөг бүтээгдэхүүнийх 161.3 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлжээ.  Монгол Улсад МХЕГ-ын Хил хорио цээрийн хяналтын газрын хяналт дор 3555 нэр төрлийн импортын бараа тогтмол оруулж, ирэн худалддаг 500 орчим аж ахуй байдаг. Сүүлийн жилүүдэд импортын бүтээгдэхүүнтэй холбоотой зөрчил багассан гэж Хил хорио цээрийн хяналтын газраас мэдээллээ.

Мөн ОХУ руу визгүй зорчих болсноор гар тээшээрээ дамжуулан иргэд хүнсний бүтээгдэхүүнийг их хэмжээгээр оруулж ирэх зөрчил гарах болжээ. Энэ нөгөө талдаа гар тээш дэх бүтээгдэхүүний хэмжээг зохицуулсан журам байхгүйтэй холбоотой юм.

Одоо гол нь аж ахуй нэгжүүд өөрсдийн бизнестээ хариуцлагатай хандаж, дотоодын хяналтаа сайжруулах шаардлагатай болжээ. Учир нь, иргэд импортоор орж ирдэг бараа бүтээгдэхүүн болоод түүнд тавигдах хяналтын талаар мэдээлэл дутмаг байдгаас худалдаа эрхлэгчид иргэдийг төөрөгдүүлэх зөрчил ихээр гардаг болсон байна. Жишээлбэл, Монгол Улсад Орос, Хятад, Польш гэсэн улсын сортын алим орж ирдэг. Гэвч худалдаа эрхлэгчид эдгээр сортын алимыг европ сортын америк алим гэж тайлбарлан борлуулдаг байна. 

Д.УЛАМБАЯР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж