Чөлөөт худалдааны бүсийн гэрээнд Хятад, ASEAN гарын үсэг зурав

Хуучирсан мэдээ: 2015.11.23-нд нийтлэгдсэн

Чөлөөт худалдааны бүсийн гэрээнд Хятад, ASEAN гарын үсэг зурав

Хятад болон Зүүн өмнөд Азийн орнуудын нийгэмлэг (ASEAN) бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд түлхэц үзүүлэх зорилгоор чөлөөт худалдааны бүсийг шинэчлэх гэрээг өчигдөр /XI.22/ баталсан байна. Куала Лумпур хотноо ASEAN-ы гишүүн 10 орны тэргүүн болон Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцян нар чөлөөт худалдааны бүсийг шинэчилсэн гэрээнд гарын үсэг зуржээ.

Хятад ASEAN-тай эдийн засаг, худалдаа наймааны хамтын ажиллагааг өргөжүүлэх, гүнзгийрүүлэх хүсэл шаардлагын дор 2014 оны наймдугаар сараас хойш ердөө дөрвөн удаагийн дугуй ширээний уулзалт хэлэлцээ явагдсанаар чөлөөх худалдааны бүсийг шинэчлэх гэрээг байгуулжээ. Чөлөөт худалдааны бүсийг шинэчилсэнээр өргөн хүрээг хамарсан бүс нутагт хүнс, үйлчилгээ, хөрөнгө оруулалт, эдийн засаг технологийн хамтын ажиллаа нь Хятад болон “ASEAN”-ны  эдийн засгийг хөгжүүлэх шинэ хөдөлгөгч хүч болж байна.

Хятад ASEAN-тай 2020 он гэхэд талуудын худалдаа наймааг нэг их наяд ам.долларт хүргэж, Бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншлэл ба Ази-Номхон далайн чөлөөт худалдааны бүсийн гэрээ хэлцлүүдийг дэмжих зорилгыг агуулжээ. Хятад болон “ASEAN”-ны чөлөөт худалдааны бүс 2010 онд нээгдсэн аж. Талуудын худалдаа наймаа 2002 онд 54.8 тэрбум ам.доллар байснаа 2014 онд бараг ес дахин нэмэгдэж 480.4 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Зүүн өмнөд Азийн орнуудын нийгэмлэг 1967 онд байгуулагдсан бөгөөд Бруней, Кампуч, Индонез, Лаос, Малайз, Мьянмар, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнам улсууд гишүүн юм.

Б.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж