Мэдээллийн ил тод байдлын талаар хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2011.06.15-нд нийтлэгдсэн

Мэдээллийн ил тод байдлын талаар хэлэлцэв

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар  Мэдээллийн эрх, эрх чөлөөний тухай, Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрх эрх чөлөөний тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Дээрх хуулийн хүрээнд төрийн байгууллагууд мэдээллээ олон нийтэд ил тод болгох, хүссэн мэдээллийг нь гаргаж өгөх үүрэг хүлээж буй юм. Хэрвээ хүссэн мэдээллийг нь гаргаж өгөөгүй бол томоохон албан тушаалтанг ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах бол бага шиг албан тушаалтныг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгуулиар торгох хүртэл арга хэмжээ авахаар тусгаад байна.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Батбаяр “Энэ хуулиас болж ялих шалихгүй шалтгаанаар төрийн албаныхан ажлаасаа чөлөөлөгддөг болбол яах вэ” гэсэн бол УИХ-ын гишүүн Р.Раш “Үндэслэлгүй мэдээлэл шаардаад, түүнийг нь гаргаж өгөхгүй болохоор гомдол гаргаад, тухайн албан тушаалтан түүнээс нь болж ажлаасаа халагдахад хүрвэл яах вэ. Одоо телевиз бүр ардаа эзэнтэй, хүнийг гүтгэх өдий төдий юм хадгалаастай байна” гэсэн юм.

Энэ хуулийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Су.Батболд “Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөл, УИХ-ын нэр бүхий гишүүдээс гаргасан төслүүдэд  төрийн албан хаагчдад ногдуулах хариуцлага өндөр, маш хатуу байсан. Төслийг нэгтгэн боловсруулах шатанд хариуцлага тооцох заалтуудыг  зөөлрүүлж, Төрийн албаны тухай хуулиар хариуцлага тооцохоор болж зохицуулалт хийсэн” гэсэн тайлбар өглөө. Ингээд гишүүдийн дунд санал хураалт явуулж, төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэлээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж