“Зам ба бүс” дэх эдийн засгийн коридор

Хуучирсан мэдээ: 2015.11.23-нд нийтлэгдсэн

“Зам ба бүс” дэх эдийн засгийн коридор

“Зам ба бүс” дэх эдийн засгийн коридор

-Монгол-Орос-Хятадыг холбосон эдийн засгийн коридор нь “Бүс ба зам” төслийн хүрээнд бий болох зургаан том коридорын нэг байх юм-

БНХАУ-ын дарга Си Жиньпин Шинэ Торгоны зам буюу “Нэг бүс, нэг зам” санаачилгыг 2013 онд дэвшүүлээд үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд олон улс орныг хамарсан өргөн далайцтай ажлыг эхлүүлээд байгаа. Одоогоос 2000 жилийн тэртээ Ази болон Европ тивийг холбож байсан худалдааны замын маршрутаар Евро-Азийг холбосон эдийн засаг, санхүүгийн бүс байгуулах зорилготой агуу гэж хэлж болохоор төсөл юм.

Шинэ Торгоны замын эдийн засгийн бүс нь хуурай замаар Азийг Европ, Ойрхи Дорнодтой, далайн замаар Азийг Зүүн Африк, Европтой холбох юм. Хуурай замын чиглэл нь гэхэд Шанхайгаас Берлин хүртэл 12 мянган км урт байх юм. Харин усан зам нь Хятадаас Энэтхэгийн далайгаар дамжин Африкийн зүүн эрэг, цаашлаад Газар дундын тэнгис хүрнэ. Шинэ Торгоны зам төсөл хэрэгжсэнээр 4.4 тэрбум хүн амтай, 21 их наяд ам.долларын бараа эргэлттэй шинэ эдийн засгийн бүс бий болно.

Хятадын энэхүү том амбицыг шүүмжлэх хүмүүс цөөнгүй байгаа. Асар том зах зээл, хямд ажиллах хүчинд дулдуйдан сүүлийн арваад жилийн дотор дэлхийн хоёр дахь эдийн засаг болж чадсан Хятад одоо дэлхийг эзэгнэх бодлогоо ил тунхаглалаа хэмээн шүүмжилж байгаа. Нэн ялангуяа энэхүү санаачилгаа албан ёсоор “Нэг бүс, нэг зам” хэмээн томъёолсон нь олон орны эрх ашгийг хөндсөн. Тиймээс Хятадын удирдагчид энэхүү агуу төслийнхээ нэрнээс “нэг” гэдэг үгийг хасч “Зам ба бүс” хэмээн саяхнаас нэрийдэх болсон байна.

Хятадын Засгийн газраас гаргасан төсөл хэрэгжүүлэх маршрутыг харвал энэ их бүтээн байгуулалт Монгол улсыг тойрон өрнөхөөр байгаа. Гэсэн ч Монгол-Орос-Хятад гурван улсыг холбосон эдийн засгийн коридор бий болгохоор ярьж байгаа нь энэхүү том төсөлтэй холбогдох шижим болж байгаа юм. Гурван улсыг холбосон эдийн засгийн коридор байгуулах яриа хэлэлцээ сүүлийн хоёр жил буюу 2014, 2015 онд зохиогдсон Монгол-Орос-Хятад гурван улсын  төрийн тэргүүн нарын уулзалтын болон хоёр улсын хоорондох өндөр дээд хэмжээний айлчлалын үеэр яригддаг гол сэдвийн нэг болоод байгаа. Хамгийн сүүлд энэ оны арваннэгдүгээр сарын 9-11-нд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийсэн айлчлалын хамтарсан мэдэгдэлд “Талууд Монгол Улсын “Талын зам” болон Хятадын “Бүс болон Зам” хөгжлийн стратегийг уялдуулах нь хамтын ажиллагааны шинэ боломжуудыг бий болгоно гэж үзэж буйгаа илэрхийлэв. Талууд цаашид эдгээр санаачилгыг бүх талаар уялдуулахыг түргэтгэж, хоёр улсын Засгийн газар хооронд хөгжлийн стратегиа уялдуулах тухай хэлэлцээр байгуулахыг идэвхтэй судлан ярилцана. Талууд “Бүс болон Зам” санаачлагыг хэрэгжүүлэх хүрээнд Монголын Улсыг бүс нутгийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад холбох томоохон төслүүдийг санхүүжүүлэхэд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, “Торгоны замын сан” зэрэг санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагаа явуулахыг дэмжинэ. Талууд хамтран ажиллаж Монгол Улсын нутгаар дамжуулан Хятад-Европыг холбосон дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлнэ” хэмээн тусгасан.

Харин Монголын санал болгож буй “Талын зам” төсөл, мөн гурван улсыг холбосон коридор байгуулах ажил ямар шатандаа яваа вэ гэдэгт шууд хариулт өгөх хүн олдохгүй байна. Өндөр дээд түвшний уулзалтуудын үеэр л яригддаг “хамтран ажиллана, харилцан дэмжинэ, идэвхтэй судална” гэсэн дипломат хариултууд бол харин хангалттай байна. Гэхдээ ямар ч гэсэн эдийн засгийн коридор байгуулах ажил яриа хэлэлцээний түвшинд урагш ахиж байгаа гэсэн нааштай мэдээ байгаа ч энэ ажлыг нэгтгэн базсан ямар нэг баримт бичиг хараахан алга байна. Монгол улсын хөгжилд чухал ач холбогдол бүхий энэ ажлыг хариуцсан нэгж хаа нэг газар байгуулж, эзэнтэй болгох нь бидэнд ч, бидэнтэй харилцаж байгаа хоёр хөршийнхөнд ч амар баймаар. 2015 оны долдугаар сард ОХУ-ын Уфа хотноо болсон гурван улсын тэргүүн нарын хоёр дахь уулзалтаар “Хятад, Орос, Монголын гурван талын хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийг хянан баталж, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хонгилыг байгуулах төлөвлөгөөний хөтөлбөрийг боловсруулах тухай санамж бичигт гарын үсэг зурсан. Одоо дунд хугацааны хөтөлбөрийн дагуу уулзалт, яриа хийгдэж байгааг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн сүүлийн айлчлалын үеэр сэтгүүлчдэд мэдэгдсэн.

Эдийн засгийн коридор байгуулах нь хөрш зэргэлдээ манай гурван улсын аль алины эрх ашигт нийцэж буй. ОХУ болоод БНХАУ-ын хувьд аль алиных нь харьцангуй бага хөгжилтэй, дэд бүтцийг хөгжүүлэх шаардлагатай бүс нутгийг хөгжүүлэхэд энэ коридор чухал ач холбогдолтой. БНХАУ-ын хувьд гурван улсын коридор байгуулах нь Өвөр Монголыг хөгжүүлэх стратегийн ач холбогдолтой гэж үзэж буй юм билээ. Өвөр Монголын өөртөө засах орны хөгжлийн судалгааны төвөөс энэ оны есдүгээр сард “Бүс ба зам” төслийн баримт бичгийг хэвлэн гаргасан товхимолд “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хонгилын бүтээн байгуулалт, гурван талын хамтын ажиллагааны гол агуулга” гэсэн бүлэг байна. “Торгоны замын эдийн засгийн бүс болон XXI зууны далайн торгон замыг хамтран бүтээн байгуулах хэтийн төлөв ба үйл ажиллагааг ахиулах санаачилга”-д “Өвөр Монгол, Монгол, Оростой холбон нэвтрэх газар зүйн давуу талыг ашиглаж, Хар мөрөн мужийн, Орос болон бүс нутгийн төмөр замын сүлжээ, Хар мөрөн, Гирийн, Ляонин муж болон ОХУ-ын Алс Дорнодын бүс нутгийн эх газар ба далайг холбосон тээврийн хамтын ажиллагааг сайжруулж, Бээжин-Москва чиглэлийн Евро-Азийн хурдны тээврийн хонгилын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, умарш нээлттэй гол чухал цонхыг байгуулна” гэжээ. Гурван улсын эдийн засгийн коридор нь “Бүс ба зам”-ын төлөвлөгөөний дагуу байгуулагдах зургаан том коридорын нэг болохыг онцолсон байна. Нөгөө таван коридорыг шинэ Евро-Азийн эх газрын гүүр, Хятад-Төв Ази-Баруун Ази, Хятад-Энэтхэг-Хятадын хойг, Хятад-Пакистан, Мьянмар-Хятад-Энэтхэг-Бангладеш гэсэн коридорууд байх аж.

Д.НАРАНТУЯА

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж