БНХАУ, БНСУ, Тайвань, ХонКонг, Монгол Улсын футзалын шигшээ багийн тамирчид энэ долоо хоногт “Буянт-Ухаа” спортын ордонд “Узбекистан-2016” тивийн аваргад өрсөлдөх эрхийн төлөө өрсөлдсөн. Эндээс БНХАУ гурван хожил, нэг тэнцээгээр хэсгээ тэргүүлсэн бол Тайваны баг гурван хожилтойгоор удаалж, ирэх онд Узбекистаныг зорих эрхээ авлаа. Монгол футзалын шигшээ баг анх 2011 онд тус тэмцээний урьдчилсан шатны тоглолтод оролцсон бөгөөд энэ жил хоёр дахь удаагаа оролцлоо. Мөн Азийн хөлбөмбөгийн холбооноос “А” хэсгийн тоглолтыг Монголд зохион байгуулах эрхийг өгсөн нь энэ долоо хоногийн нэгэн томоохон үйл явдал байсан юм.
Монгол Улсын шигшээ багийн дасгалжуулагчаар “Улаанбаатар Унаганууд”-ын С.Эрдэнэ-Очир багш ажилласан бөгөөд түүнтэй ярилцлаа.
-Монголын футзалын шигшээ баг хоёр дахь удаагаа тивийн урьдчилсан шатанд оролцлоо. Энэ удаа урьдчилсан шатны “А” хэсгийн тэмцээнийг нутагтаа зохион байгууллаа. Эндээс ярилцлагаа эхэлье?
-Азийн хөлбөмбөгийн холбооноос Монголын футзалын спортыг дэмжих зорилгоор энэ удаагийн тэмцээнийг зохион байгуулах эрхийг өгсөнд баярлаж байна. Монголын хөлбөмбөгийн холбоо энэхүү тэмцээнийг хүлээн авч баг тамирчдыг ямар түвшинд явааг ард түмэндээ харууллаа. Дэлхий дээрх хүн амын тоогоор тэргүүлэгч Ази тивийн футзалын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн ирэх онд Узбекистан улсад болно. Тэмцээнийг зохион байгуулагч Узбекистан болон 2012 оны аварга Японы багууд эрхээ шууд авсан байгаа. Урьдчилсан шатны тоглолтод 24 баг баруун, зүүн, төв болон зүүн өмнөд гэсэн дөрвөн бүсэд хуваагдан 14 эрхийн төлөө өрсөлдлөө. Эндээс “А” хэсэг буюу зүүн бүсийн тэмцээн Улаанбаатар хотод болсноороо ихээхэн онцлогтой болсон юм. Манай багийн хувьд 2011 оноос хойш хоёр дахь удаагаа тивийн аваргын урьдчилсан шатанд өрсөлдсөн болохоор туршлага бага байлаа. Азийн хүчирхэг багуудтай энэ удаа олон тоглолтыг хийж, футзалын спорт манай улсад ямар түвшинд байгааг харууллаа. Магадгүй цаашид бидэнд илүү их боломж, нөөц байна гэдгийг энэхүү тэмцээн олон түмэнд өгсөн. Мөн “Буянт-Ухаа” спортын ордонд болсон тэмцээнээс хөгжөөн дэмжигчид маань их зүйлийг хүссэн нь дамжиггүй. Монголын баг Азийн хүчирхэг багуудтай чадлынхаа хэрээр тоглосон гэж үзэж байна. Бидний хувьд ХонКонгийн багийг хожиж, бусад тоглолтуудад хожил авч чадсангүй. Хятадын багтай тэнцэж, Тайваны багийг хожсон бол цааш өрсөлдөх боломж байлаа.
-Энэ удаагийн тэмцээний сүүлийн тоглолт Монгол-Тайваны багуудын хооронд боллоо. Мөн энэхүү тоглолтын үр дүнгээс хамаарч хэсгийн хоёрдугаар байраар шалгарах баг тодрох байсан.? Дасгалжуулагчийн хувьд ямар тактик барьж тоглосон бэ?
-Сүүлийн тоглолтын хувьд урьд нь хэрэгжүүлж байсан 4-4 тактикийг өөрчилж, 2-2-оор хүн сэлгэн эрчтэй, хурдан тоглолтыг үзүүлэхийг зорьсон. Эхлээд гоол хийж, хожих тактиктай талбайд гарсан. Сэтгэлийн хөөрлөө тамирчид маань дарж чадсангүй. Хамгаалалтад алдаа гаргаж, эхлээд гурван гоол алдлаа. Өмнөх тоглолтууд шиг оноог гүйцэх гэж хичээсэн боловч чадсангүй. Гэхдээ тамирчид маань өөрсдийнхөө бүхий л боломжийг ашиглаж тоглосон. Энэ өдөр Тайваны баг азтай байлаа. Мөн БНХАУ, БНСУ-ын багуудаас чансаагаараа дээр нь байдаг Тайваны багтай манай тамирчид сайн тоглосоныг дасгалжуулагчийн хувьд үнэлж байна. Мөн БНХАУ-БНСУ-ын тоглолт тэнцээгээр өндөрлөж, сүүлийн тоглолтын үр дүнгээс хамаарч хэсгийн хоёрдугаар байраар шалгарах баг тодрох байсан гээд энэ тоглолт яах аргагүй сонирхолтой өрнөлөө.
-Сүүлийн тоглолтод О.Баяржаргал, Э.Баасандорж нар яагаад талбайд гарсангүй вэ?
-Хэсгийн шийдвэрлэх сүүлийн тоглолтод манай шигшээ багийн гурван тоглогч талбайд гараагүй. О.Баяржаргал, Э.Баасандорж нар даарснаас халуунтай байсан бол О.Очбаяр хүзүүний гэмтлийн улмаас тоглолтод оролцож чадаагүй.
Миний бодлоор футзалын спорт манай улсад өндөр хөгжинө гэж харж байна. Хамгийн ойр буюу хойд хөршийн багуудтай тоглоод байхад бидэнд асар их туршлага болно. ОХУ-ын багуудаас маш их суралцах зүйл их байгаа болохоор тэдэнтэй аль болох олон тоглолт хийх хэрэгтэй. Манай тамирчид Азид биеийн хүчний болон техникийн хувьд хөгжих боломжтой. Тиймээс ОХУ-ын багуудтай ойрхон тоглож, тэмцээн уралдаанд оролцоод яваад байх юм бол бид цааш өндөр амжилт гаргана гэж бодож байна.
-Тайвань-Монголын тоглолт 5:3 онооны харьцаагаар өндөрлөсөн. Тоглолтын төгсгөлд оноог барих боломж байсан уу?
-Энэ тоглолт үнэхээр сонирхолтой болсон. Хэрвээ Тайваны баг манай багийг хожсон тохиолдолд хоёрдугаар байраар шалгарах бүрэн боломжтой болох байсан. Учир нь өмнөх тоглолт БНХАУ-БНСУ-ын багуудын тоглолт тэнцээгээр өндөрлөсөн учраас Тайваны баг хожиж, тивийн аваргад оролцох эрхийн төлөө маш том өрсөлдөөнийг гаргасан. Хэдийгээр бид хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө хоёр дахь хожлоо авахыг хүссэн ч чадаагүй. Онооны харьцаа 4:3 болж, манай баг хожигдож явсан үед довтлогч Ц.Түмэнжаргалын оруулсан гоолыг тооцсон бол тэнцээ болж, байдал өөрөөр эргэх байсан болов уу. Энэ бөмбөг хамгаалагчийн нуруунаас дамжин орсон гэж талбайд байсан тамирчид хэлсэн ч шүүгчид үүнийг тооцоогүй. Бөмбөг хүчтэй ирсэн болохоор шүүгч үүнийг хараагүй байх. Энэхүү маргааны дараа удалгүй тав дахь гоолио бид алдсан.
-Монголын баг тамирчид бэлтгэлийг хэрхэн хийсэн бэ? Бэлтгэлийг хангалттай хийсэн гэж та үзэж байна уу?
-Үнэнийг хэлэхэд бид бэлтгэлийг бүрэн дүүрэн хийж чадсангүй. Лигийн тоглолтоор авсан биеийн хүчний бэлтгэл дээр голлосон байгаа. Сүүлийн долоо хоногийн тактикийн бэлтгэлийг хийсэн. Ийм том тэмцээний үеэр нэг сарын бэлтгэл хангалтгүй гэдгийг харлаа. Тоглолтуудаас харж байхад бид бэлтгэлийг төгс хийж чадахгүй байгаа нь харагдлаа. Мөн тамирчид маань тэмцээнд олон ороогүй байдал анзаарагдсан. Тамирчид маань олон хөгжөөн дэмжигчдийнхөө өмнө тоглож байгаагүй болохоор сэтгэл зүйн бэлтгэл дутагдсан тал бий.
-Манай шигшээ баг хэсгийн гурав дахь тоглолтоо урд хөршийн багтай хийсэн. Энэ тоглолтод хожих боломж байсан уу? Мөн Монголын баг 2017 онд тивийн АШТ-ий урьдчилсан шалгаруулалтад оролцох боломж байгаа юу?
-Футзалын тивийн аварга шалгаруулах тэмцээн 1999 оноос эхлэн зохиогдож эхлэхэд БНХАУ-ын баг тасралтгүй оролцсоор байна. Энэ удаагийн хэсгийн тоглолтод ч тэд хүчтэй байлаа. Тоглолтын явцаас харахад бид бага гоол алдсан. Бидэнд жаахан туршлага дутсан тал бий. Тайваны багтай тоглохын өмнө энэхүү тоглолтын бичлэгийг үзэж, дүгнэлт хийсэн. Хятадын багийг хожих гэж тамирчид маань их хүч гаргасан болохоор сүүлийн тоглолтод ядралтай байсан. Энэхүү тэмцээн 2010 оноос эхлэн хоёр жил тутамд нэг удаа зохиогдох болсоноор тэмцээний чанар чансааг улам өндөр болгож ирлээ. Тиймээс урьдчилсан шатны тоглолтод их том өрсөлдөөн гарч үнэхээр сайн байгаа багууд цааш тоглох эрхийг авч байна. Бидний хувьд цаашид бэлтгэл сургуулилалтаа сайн хийж, туршлага хуримтлуулаад явах юм бол тивийн аваргад оролцох боломж бий. Цаашид бидэнд боломж байгаа гэж харж байна.
-Ямар боломж байна вэ?
-Миний бодлоор футзалын спорт манай улсад өндөр хөгжинө гэж харж байна. Хамгийн ойр буюу хойд хөршийн багуудтай тоглоод байхад бидэнд асар их туршлага болно. ОХУ-ын багуудаас маш их суралцах зүйл их байгаа болохоор тэдэнтэй аль болох олон тоглолт хийх хэрэгтэй. Манай тамирчид Азид биеийн хүчний болон техникийн хувьд хөгжих боломжтой. Тиймээс ОХУ-ын багуудтай ойрхон тоглож, тэмцээн уралдаанд оролцоод яваад байх юм бол бид цааш өндөр амжилт гаргана гэж бодож байна.
-Хөгжөөн дэмжигчид энэ удаагийн тоглолтоос эхлэн хүчтэй байлаа. Манай тамирчид Хонконгийн багийг хожиж, гараагаа амжилттай эхлүүлсэн болохоор дахин хожил хүсч байсан нь илэрхий байсан. Үзэгчийн суудлаас хэлэх хөгжөөн дэмжигчдийн үг дасгалжуулагчийн шийдвэр гаргахад нөлөөлж байсан уу?
-ХонКонгийн баг энэ удаа дөрвөн тоглолт хийхдээ нэг ч хожил аваагүй. Гэхдээ тэд Тайваны багийг хожих дөхсөн.(6-5) Монголын баг ХонКонгийн багийг хожиж, гараагаа амжилттай эхлүүлсэн. Сүүлийн тоглолтын өмнө гурван тоглогч эрүүл мэндийн шалтгаанаас болоод талбайд гарах боломжгүй болсон. Мэдээж баг тамирчдаа дэмжихээр ирсэн хөгжөөн дэмжигчид янз бүрээр харсан байх. Дасгалжуулагчийн хувьд өөрийн боловсруулсан тактикийг барьж, шийдвэрээ гаргасан байгаа.
-Тэмцээний дараа та ямар дүгнэлтэд хүрсэн бэ? Дасгалжуулагчийн хувьд юу хэлэх вэ?
-Манай баг энэ удаа их туршлага хуримтлууллаа. Азийн хүчирхэг багуудтай тоглож, хожиж хожигдлыг авлаа. Сүүлийн тоглолтоос хамаарч хэсгийн дүнд өөрчлөлт орох гээд анхаарал татсан тоглолт болсон. Энэ удаа Монголын футзалын спорт хүчтэй өрсөлдөгч болсныг харуулсан гэж бодож байсан. Тайваны багийг бидэнд хожих боломж байгаа гэдэг нь харагдлаа. Өрсөлдөгч багийн хаалгач маш сайн байсан. Энэхүү тэмцээнээс харж байхад хүүхэд, залуучууд маань энэ спортоор идэвхитэй хичээллэж, дотооддоо томоохон өрсөлдөөнийг гаргаагаасай. Хэдэн тамирчдаас биш хэдэн мянган тамирчдаас шилдгүүдийг сонгох хэмжээнд болсон тохиолдолд бид Азид сайн өрсөлдөгч байх болно. Техникийг багаас нь сургасан байхад тактикийг бол хэзээ ч зааж өгч болно. Тиймээс техникээ сайн эзэмшсэн, ур чадвартай хүүхдүүд олон гараад ирвэл манай тамирчид Азид хүчтэй өрсөлдөгч болохыг энэ удаагийн тэмцээн харууллаа.
Хүснэгтийг БНХАУ, Тайваны багууд тэргүүлэв.
- БНХАУ 10 оноо (3 хожил, 1 тэнцээ)
- Тайвань 9 оноо (3 хожил, 1 хожигдол)
- БНСУ 7 оноо (2 хожил, 1 тэнцээ, 1 хожигдол)
- Монгол 3 оноо (1 хожил, 3 хожигдол)
- ХонКонг 0 оноо (нэг ч хожил аваагүй)
- Монгол – ХонКонг 8:3
- Монгол – БНСУ 3:7
- Монгол – БНХАУ 1:4
- Монгол – Тайвань 3:5
Ч.БОЛОРЧУЛУУН
Гэрэл зургийг Б.БАТМӨНХ
Монгол Улсын шигшээ багийн дасгалжуулагчаар “Улаанбаатар Унаганууд”-ын С.Эрдэнэ-Очир ажиллаж байгаа бол багийн бүрэлдэхүүнд хаалгачаар Ю.Сайнхүү, М.Чанцал, Б.Сэр-Од, хамгаалагчаар Б.Мөнгөнтулга, О.Очбаяр, Н.Цэдэнбал, хагас хамгаалагчаар П.Алтантулга, Э.Баасандорж, О.Баяржаргал, Э.Ганзориг, А.Мөрөн, Э.Пүрэвдорж, Х.Цэнд-Аюуш, А.Улсболд, довтлогчоор Ц.Түмэнжаргал, Ц.Төмөр-Очир нар багтжээ.
БНСУ, Монгол, ХонКонгийн багийг хожиж, БНХАУ-ын багт хожигдсон Тайваны баг хэсгийн хоёрдугаар байраар шалгарч Узбекистаныг зорих эрхээ авлаа.