МХЕГ-ын Барилга байгууламж, эрчим хүчний хяналтын хэлтсийн дарга, МУ-ын зөвлөх инженер Ц.Ганбат: “Blue Sky Tower” Монгол улсад мөрдөгдөж байгаа бүхий л чанарын стандартыг хангасан
-Сүүлийн үед “Blue Sky Tower”-ийн талаар янз бүрийн мэдээлэл хэвлэл мэдээллээр цацагдаж байна. Энэ талаар тайлбар өгнө үү.
-Сүүлийн үед ч биш ер нь анх баригдахаас нь эхлээд энэ барилгыг тойрсон элдэв мэдээлэл цацагддаг байсан. Одоо ч цацагдаж байна. Гэхдээ мэргэжлийн байгууллагаас албан ёсны мэдээлэл авахаасаа түрүүлээд ам дамжсан цуурхал хэн нэгний таамгаас үүдсэн мэдээлэл гарч байгаад бид их харамсдаг юм. Энэ барилгын талаар үнэн бодит мэдээлэл авья гэвэл бид нээлттэй л байна шүү дээ.
-Энэ барилга хазайлттай, газар хөдлөлтөд тэсвэргүй тийм чанар муутай барилга уу?
-Энэ барилгын чанарын тухайд Монгол улсад мөрдөгдөж байгаа бүхий л чанарын стандартыг хангасан барилга гэдгийг бид туршиж шалгаж тогтоосон байгаа. Тэгэхээр хэвлэлээр гараад байгаа газар хөдлөлтөд тэсвэргүй, хазгай баригдсан гэдэг ор үндэслэлгүй мэдээлэл. Барилга нь үнэхээр Монголд анх удаа архитектур дизайны шинэ шийдэл бүхий ган краказ цутгамал төмөр бетонон хийцийг хослуулж барьж байгаа томоохон бүтээн байгуулалт учраас олон нийтийн анхаарлыг ингэж их татсан хэрэг байх л даа.
-“Blue Sky Tower” нь Монголын цаг агаарын онцлогт бүрэн зохицож чадах уу?
-Монгол орон маань өөрөө эрс тэс уур амьсгалтай. Нэмэх дөчөөс хасах дөчин градусын хооронд хэлбэлзэж байдаг. Аливаа барилгыг барихын тулд эхлээд тухайн байгаль орчны онцлогт нь тааруулж зураг төслийг нь боловсруулдаг. Энэ стандартыг Блю Скай Тауэр цогцолбор барилгын зураг төсөл дээр тусгасан юм билээ.
-Барилгын баригдах бүх үе шатанд танай байгууллагаас хяналт тавьж байсан уу?
-Монголд анх удаа шинэ технологи ашиглан барьж байгаа хамгийн өндөр барилга учраас мэргэжлийн хяналтын байгууллага маш их ач холбогдол өгч ажилласан. Барилгын зураг төслийг Солонгосын мэргэжлийн компани гаргаж, Монголын тал уг зураг төслийг баталгаажуулсан байсан. Мөн энэхүү барилгын модель дээр газар хөдлөлтийн, байгалийн янз бүрийн үзэгдлүүдийн туршилтыг Солонгос улсад очиж хийсэн. Энэ туршилтад хуучнаар БХБЯ, газрын харилцаа геодизи зураг зүйн газар, зураг төслийг зохиогчид нь, экспертизийн шинжээчид гэсэн хориод хүний бүрэлдэхүүнтэй баг оролцсон. Нөгөө талаар зөвхөн даацын элементийн туршилт бус газар хөдлөлтийн хүчний үйлчлэлд гадна талын шилэн хийцийн тэсвэртэй байдалд бас туршилт хийх ажилд оролцож дээрхи үзүүлэлтүүд нь баталгаатай болохыг газар дээр нь үзэж таницсан.
-“Blue Sky Tower”-ийг баригдаж байх явцад нь барилгын ажлыг нь зогсоосон гэх мэдээлэл гараад байгаа. Таны үзэж байгаагаар барилгын аюулгүй байдал, чанарын тухайд асуудал байхгүй гэж ойлгож болохуу , Ер нь энэ барилгыг улсын комисс хүлээж авсан юмуу?
-Манай байгууллагаас хэд хэдэн удаа шалгалт хийж нэг удаа албан шаардлага нэг удаа дүгнэлт гаргасан. Албан шаардлагын утга нь зарим нэг техникийн баримт бичгийг бүрдүүлэх тухай болохоос барилгын баригдах явцад зогсоох талаар дүгнэлт гарч байгаагүй. “Blue Sky Tower”-т тавдугаар сарын 12-нд хориод хүний бүрэлдэхүүнтэй улсын комиссыг ажиллаж шалгалт хийсэн. Коммисийн зүгээс барилгыг урьдчилсан байдлаар хүлээн авч зарим нэгэн техникийн бичиг баримтыг бүрдүүлсэний дараа бүрэн хэмжээгээр хүлээж авна гэсэн протокол үйлдсэн байгаа.
-Тэгэхээр бид энэ барилгыг аюулгүй, найвартай, стантартад нийцсэн барилга гэж үзэж болох уу?
-Болно. Энэ дашрамд зарим сэтгүүлчдийг яг мэргэжлийн байгууллагаас албан ёсны мэдээлэл авч олон нийтэд мэдээлж байгаасай гэж хүсэх байна.