2011 он бол Дэлхийн Салхины Эрчим Хүчний Зөвлөл болон Европын Салхины Эрчим Хүчний Ассоциаци хамтран Дэлхийн Салхины Өдөртэй болохоор тохиролцож хамтран ажиллаж буй 3 дахь жил билээ. Үүнийг олон орны салхины эрчим хүчний ассоциациуд дэмжиж эдүгээ дэлхий даяар тэмдэглэж байна.
2009 оны 6 дугаар сарын 15-нд олон нийтэд зориулсан арга хэмжээг нэгэн зэрэг зохион байгуулжээ. Дэлхийн салхины өдөр нь сэргээгдэх эрчим хүч тэр дундаа салхины эрчим хүчний тухай хүмүүсийн сэтгэлгээг өөрчилж мэдлэг олгох гол чиглэлтэй юм.
Энэ өдрийн санаа нь маш тодорхой: салхины эрчим хүч нь цаг уурын өөрчлөлтийг зогсоох оролдлого, энэ нь эрчим хүчний хараат бус байдлыг бий болгодог, тун ухаалаг хөрөнгө оруулалт юм.
2009 онд зохион байгуулсан Салхины өдөр нь салхины эрчим хүчний асар их ашиг тустайг онцлон тэмдэглэсэн, олон зуун мянган хүнийг хамруулсан амжилттай арга хэмжээ болсон байна.
Хятадаас эхлээд АНУ хүртэл албан ёсоор Дэлхийн Салхины Өдөр буюу 6 сарын 15-нд 35 улс оронд 300 гаруй салхины үйл ажиллагаанууд зохион байгуулагдсан нь салхины эрчим хүчний талаар нааштай “мессеж” хүргэж чаджээ. Энэ жил Австри, Автрали, Япон, Канад, Уругвай, Герман, Украйн улсад Салхин турбин дээрээс шүхрээр буух, задгай театр үзэх, давалгаан дээр гулгах, цаасан шувуу хийсгэх, шинээр баригдсан салхин паркуудаар зочлох, салхины эрчим хүчний салбарын ажлын байрны үзэсгэлэнгээр зочлох, салхины эрчим хүчний үдэшлэгт очих зэрэг ажлуудыг зохиож байна. Берлинд Герман Технологийн Музей салхины эрчим хүчний үзэсгэлэнгийн үүд хаалгаа нээж, харин АНУ-д Нью Йорк хотноо мөн салхины эрчим хүчийг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудын хэрэглэгчдийн шошго бий болгох зорилгоор WindMade буюу Салхиар үйлдвэрлэв санаачлагыг толилуулах гэж байна.
Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 10 гаруй хувь нь олон улсын салхины нөөцийн зэрэглэлээр салхины арвин их нөөцтэй бүсэд хамаарагддаг. Уг нөөцийг ашиглан Монгол Улсад "Клинтек" ХХК, "Сайншанд салхин парк" ХХК, "Ньюком" ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд Монгол Улсын төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдон ажиллах зорилготойгоор их чадлын салхин паркийн төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн Клинтек ХХК-ны Оюу Толгойн Салхин Цахилгаан Станц төсөл нь өмнөд бүсийн болон БНХАУ-ын Хойд бүсийн эрчим хүчний сүлжээнд цахилгаан эрчим хүч экспортлох чиглэлээр ажиллаж байна.