АНУ-ын Конгрессийн томилсон Иракийн сэргээн босгох хэргийн тусгай ерөнхий байцаагч Стюарт Боуэн (Stuart Bowen) өмнө нь Америкийн засаг захиргаанаас Иракт өгсөн мөнгийг хулгайлагдсан гэж үзлээ. The Los Angeles Times сонины мэдээлснээр мөнгөн дүн 6,6 тэрбум ам.долларт хүрэх юм. Олон жилийн шалгалтаар алга болсон хөрөнгө илрээгүй учраас Боуэн энэ дүгнэлтийг хийжээ. Сонинд бичсэнээр 2003-2004 онд Иракт 12 тэрбум ам.долларыг бэлнээр явуулсан байна. Үүний тулд 20 тонны даацтай цэргийн тээврийн C-130 Hercules онгоцоор 21 нислэг хийж байжээ. Иракт уг мөнгийг Саддам Хусейны орднуудын нэгийнх нь подвалд буюу цэргийн баазууддаа хадгалж байсан гэх.
Мөрдөн байцаалтын явцад тогтоосноор уг мөнгийг зориулалтаар нь бус зарцуулж байсан байна. Заримыг нь бүр авилгад өгсөн гэнэ. Хариуцлагыг нь Иракийн албан хаагчдад оноож байгаа юм. Мөнгийг тараахдаа цэргийнхэн тайлан гаргадаггүй байсан учир чухам юунд зарцуулж, үрэн таран хийснийг мэдэх аргагүй болжээ. Иракийн сэргээн босгох хэргийн тусгай ерөнхий байцаагчийн албаны мэдээгээр Иракийг сэргээх босгох зорилгоор нийтдээ 61 тэрбум ам.долларыг илгээсэн байна.
Ш.МЯГМАР
Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин