Ялалт Францын сангийн сайд Кристина Лагардын талд

Хуучирсан мэдээ: 2011.06.15-нд нийтлэгдсэн

Ялалт Францын сангийн сайд Кристина Лагардын талд

 ЯЛАЛТ ФРАНЦЫН САНГИЙН САЙД КРИСТИН ЛАГАРДЫН ТАЛД

ОУВС-ийн экс тэргүүн Штраусс Кан зочид буудлын үйлчлэгч бүсгүйг хүчирхийлэх гэж оролдсон хэргээр өнгөрсөн сараас байцаагдаж эхэлсэн билээ. Тэрбээр “Хүчингийн хэрэг үйлдээгүй” хээх байр сууриа одоо болтол хадгалж байгаа. Түүнийг Нью-Йоркийн шүүхээс нэг сая ам.долларын батлан даалтаар гэрийн хорионд гаргасан билээ. Харин ОУВС-ийн тэргүүний албан тушаалд Францын Сангийн сайд Кристина Лагард томилогдож магадгүй гэсэн цуу яриа гараад байсан. Тэрбээр энэ албан тушаалд өрсөлдөх аваас Их Британийн зүгээс дэмжихээ амласан.

ОУВС-ийн Санхүүгийн судалгаа хариуцсан тэргүүнээр ажиллаж байсан, Корнеллын их сургуулийн профессор Эсвар Прасад Штраусс Каныг “Тоглоомноос гарсан” гэж байсан удаатай. Ажиглагчид түүнийг энэ албан тушаалд нэр дэвших магадлалтай хэмээн таамаглаж байсан. Харин ОУВС-ийн удирдах албаныхан Шраусс Каны орон тоог хэн нөхөх талаар хэлэлцэж, нэр дэвшигчдийг албан ёсоор олон нийтэд зарласан юм. Өмнө нь таамаглаж байсанчлан Франц улсын Сангийн сайд Кристин Лагард болон Мексик улсын төв банкны тэргүүн Августин Карстен нар эцсийн байдлаар нэр дэвшихээр болсон аж. “Энэ сарын 30-ны дотор албан ёсны тэргүүн тодорно” хэмээн ОУВС-аас мэдэгджээ. Өрсөлдөгчдийн хувьд Мексикийн төв банкны тэргүүн хүндхэн даалгавартайгээ эвлэрсэн бололтой. Тэрбээр өнгөрсөн даваа гарагт Петерсоны эдийн засгийн сургуульд илтгэл тавих үедээ “Би хүнд хэцүү сорилттой тулгарч байгаагаа ойлгож байна. ОУВС-ийн тэргүүний төлөө өрсөлдөх эрхтэй болсон ч нөхцөл байдал хүндхэн байгаа. Кристин Лагард бид хоёрын хооронд яг л хөлбөмбөгийн тэмцээн 5:0-ийн харьцаатай эхлэж байгаа мэт өрсөлдөөн бий болж байна” гэжээ. Түүнийг Латин Америкийн ихэнхи орнууд дэмжиж байх үед К.Лагард Хятад, Энэтхэгт айлчилж, өөрийн ирээдүйн төлөвлөгөөгөө сонирхуулж амжсан юм. Энэхүү айлчлалын үр дүнд түүнийг Египет, Индонези, Арабын нэгдсэн Эмират улс дэмжихээр болжээ. ОУВС-ийн Гүйцэтгэх зөвлөл энэ сарын сүүлчээр АНУ-ын нийслэлд нэр дэвшигчидтэй уулзана. Үүний дараа тэргүүнийг сонгож, олон нийтэд албан ёсоор зарлах юм. Харин өчигдөр Израйлийн төв банкны тэргүүн Стэнли Фишер өрсөлдөгчдийн  эгнээнд элсэж магадгүй болоод байгаа талаар BBC агентлаг мэдээлжээ. Гэвч энэ нь хараахан батлагдаагүй.

Египетийн Гадаад хэргийн сайд Набил аль-Араби “Манай улс Францын Сангийн сайд К.Лагардыг дэмжиж байгаа шалтгаан нь түүний цаашид баримтлах менежменттэй холбоотой” гэжээ. Харин Индонезийн Сангийн сайд Агус Мартовардожо “Би бас түүнийг дэмжиж байгаа. Учир нь түүний ур чадвар үнэхээр гайхалтай. Авьяаслаг нэгэн. Эмэгтэй хүний хувьд ч гэсэн аливаа ажилд нягт нямбай ханддаг. “Олон улсын эдийн засгийн уулзалт дээр ч гэсэн өөрийн өвөрмөц бодлогоор бусдаас онцгойрч чадсан. Ирээдүйд ОУВС-г сайн удирдана гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Өнгөрсөн долоо хоногт К.Лагард Бразил, Хятад, Энэтхэг болон ОХУ-д айлчилсан. Мэргэжилтнүүд түүнийгээ рейтингээ өсгөхийн тулд, мөн санал хураалтад илүү санал авахын төлөө ийнхүү сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлсэн талаар онцолж байна. Хачирхалтай нь ОУВС-ийн тэргүүн асан Чарлес Адамс “Миний бодлоор ОУВС-ийн тэргүүний албанд Мексик залуу Августин Карстен тохирох  болов уу. Учир нь асуудалд арай илүү нухацтай хандаж, олон нийтэд илүү хүртээлтэй ажиллах байх” гэсэн аж.

Их гүрнүүд болон зарим орны хувьд аль ашигтай гэсэн хүндээ саналаа өгөх нь нэгэнт тодорхой болсон. Дээрх нэр дэвшигчдийн аль нь ч сонгогдсон “Өөрсдөд нь санал өгсөн орнууд руу чиглэсэн үйл ажиллагааг арай илүү явуулах вий” гэсэн хардлагыг давхар төрүүлэх болов. Ямартай ч ОУВС-ийн тэргүүн энэ сарын 30-ны дотор тодорч, шинэ тэргүүн ажлаа хүлээн авах нь тодорхой боллоо.

Б.БААТАР

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж