Монголд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулъя

Хуучирсан мэдээ: 2011.06.15-нд нийтлэгдсэн

Монголд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулъя

Манай улс газрын тосны нөөцтэй хэрнээ боловсруулах ганц ч үйлдвэргүй. Энэ сэдвийг шатахууны хомсдолд орсон үедээ ёс төдий сөхөж тавиад дараа нь таг мартдагийг жирийн иргэд төдийгүй бодлого боловсруулагчид ч шүүмжлэх болсон. Тиймээс манай сонин энэ сэдвээр цуврал хэлэлцүүлэг өрнүүлж эхэллээ. Хэлэлцүүлгийн хүрээнд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахын ач холбогдол, шаардлага, эдийн засгийн боломж хийгээд хүндрэл бэрхшээлийн талаар иргэд, эрдэмтэд, эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудын байр суурийг уншигчдадаа хүргэх юм.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Ажил хариуцсан хүмүүс нь хойрго байна

-Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах асуудал оройтохын дээдээр оройтсон гэж боддог. Оюутолгой, Тавантолгойг ашиглах тухай ярихтай зэрэгцээд л үүнийг ажил хэрэг болгох байсан юм. Одоо ер нь энэ хоёроос өөр зүйл ярьж, шийдвэрлэхээ болиод байна, энэ төр засаг. Цаана нь хөдөө аж ахуй, хүн амын эрүүл мэнд, ажилгүйдэл, ядуурал, бас газрын тосны бүтээгдэхүүний хомсдол гээд хэлэлцэж, шийдвэрлэх олон юм байна. Даанч дээ гэмээр л санагдах юм. Тэгсэн атлаа дандаа хүндрэл үүссэн хойно нь нэмж мөнгө үрж, бөөн зарлага гаргана. Уг нь шинээр үүссэн хүндрэл биш шүү дээ, энэ бол. Аль хэдэн жилийн өмнөөс л газрын тосны бүтээгдэхүүний хомсдолд манайх ордог байсан. Миний санаж байгаагаар, 2008 онд УИХ-аас нефтийн бүтээгдэхүүний нөөц бий болгохын тулд агуулах барьж байгуулах асуудлыг шийдвэрлэж байсан. Гэтэл тэр ч одоо байхгүй болсон. Боловсруулах үйлдвэр барьж чаддаггүй юм гэхэд ядаж агуулахаа бүрэн ашиглаж байсан бол сая үүссэн хомсдол гайгүй өнгөрөх байсан байх. Үүнээс гадна ажил хариуцсан яам, агентлагийн хариуцлагагүй, хойрго байдал ч газрын тосны үйлдвэр байгуулах ажилд нөлөөлж ирсэн. Зөвхөн одоо ч биш, өмнө нь ийм санал, төлөвлөгөөг нарийн боловсруулаад УИХ-д танилцуулсан бол цаг хожих л байсан. Тэгсэн хэрнээ дандаа УИХ-д нялзаасан зүйл ярьцгаана. Үнэндээ бол ямар ч тохиолдолд парламентад оруулаад ирсэн асуудлыг хэлэлцэж шийдээд л явдаг шүү дээ. 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: УДАХГҮЙ ГЭСЭЭР ДАХИАД ХЭДЭН ЖИЛ БОЛОХ ВИЙ

-Монгол Улс тусгаар тогтносон улс, бас газрын тосны салбарыг хариуцсан бие даасан яам, агентлагтай нь үнэн л бол ийм үйлдвэр байгуулах ёстой. Аль 1990-ээд оноос л энэ салбарыг хариуцсан газар хүртэл байгуулсан. Хэрэг нь гарахгүй л байна шүү дээ. Тэгэхээр харин ч цаг их алдаж байгаа гэж хэлмээр байна. Газрын тосны хайгуулыг гадаад, дотоодын компаниуд хийж байгаа шүү дээ. Тэгээд ч зарим нь аль хэдийнэ экспортод гаргаад эхэлчихсэн. Ийм нөхцөлд боловсруулах үйлдвэр байгуулах бүрэн боломжтой. Болохгүй бол түүхий нефтийн тодорхой хэсгийг импортоор авсан ч болохгүй юм байхгүй. Түүхий нефтийн олборлолт жил ирэх тусам нэмэгдэх тооцоог мэргэжлийн байгууллагууд гаргасан бай­сан. Дорноговь, Өмнөговьд хайгуул, ол­борлолтын хэмжээ нэмэгдэнэ. Дээр нь Дорнодын Матадын түүхий нефтийн олборлолтын хэмжээг нэмбэл нөөц, бо­лолцоо манайд маш их байна. Гол нь мэргэжлийн байгууллагууд өөр хоорондоо санал зөрж, цаг алддаг юм шиг байна билээ. Гэхдээ газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг холбогдох яамны түвшинд хийж эхэлсэн гэсэн. Удахгүй гэсээр байгаад дахиад хэдэн жилийн нүүр үзэлгүй газрын тосны үйлдвэртэй яаралтай болмоор байна.     

Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан: ДӨРВӨН ҮЙЛДВЭРТЭЙ БОЛОХ БОЛОМЖТОЙ

-Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах санал сүүлийн үед маш эрчимтэй яригдаж байна. Уг нь бол манайд байгуулах бүрэн боломжтой зүйл. Газрын тосны газрын хувьд боловсруулах үйлдвэр байгуулах асуудлыг бүрэн дэмжиж байгаа. Тийм ч учраас Эрдэс баялаг, эрчим хүчний яам руу өөрсдийн боловсруулсан саналыг эцсийн байдлаар нь саяхан хүргүүлсэн. Тэгэхээр нарийн ширийн зүйлийг тэндээс асуусан нь дээр байх гэж бодож байна. Монголд ийм төрлийн үйлдвэр байгуулах зөвшөөрлийг ганцхан аж ахуйн нэгжид л олгоод байгаа.Тэр нь Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулах компани л даа. Үүнээс гадна Дорнод, Зүүнбаян, Чойрт үйлдвэр байгуулахаар зөвшөөрөл хүсч буй  гурван компани байгаа. Тэгэхээр нийтдээ дөрвөн үйлдвэр бий болох боломжтой гэсэн үг. Гэхдээ бүгдэд нь зөвшөөрөл олгочихсон гэж ойлгож болохгүй. Зөвшөөрөл олгох эсэхийг Газрын тосны газар мэдэхгүй. Манайх бол бодлого хэрэгжүүлдэг л байгууллага. Ер нь газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах асуудал зөвхөн өнөөдөр яригдаж байгаа юм биш. Нарийндаа бол 2000 оноос хойш нийт 17 компани газрын тосны үйлдвэр байгуулахаар хүсэлт гаргаж, зөвшөөрөл хүссэн байдаг юм.  Харин одоо бол яамнаас ямар шийдвэр гаргахыг мэдэхгүй байна.

Н.МӨНХТӨВШИН

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж