Цоргисон харцтай Руни Мараг манай үзэгчид “Луун шивээст охин” киноны дүрээр андахгүй биз ээ. Киног Шведийн зохиолч, сэтгүүлч Стиг Ларсоны 2005 онд АНУ болон Европт бестселлер болсон гэмт хэргийн гурвалсан зохиолоос сэдэвлэсэн. Нью Йоркоос гаралтай жүжигчин Руни Мара 2010 онд “Нийтийн сүлжээ” кинонд тоглож жүжигчний карьераа эхэлсэн билээ. “Луун шивээст охин” кинонд бүтээсэн дүр том шуугиан дэгдээсэн бөгөөд Руни Оскарын эмэгтэй шилдэг дүрийн шагналд нэр дэвшиж байв. Тэрбээр одоо Тодд Хейнсийн “Кэрол” хэмээх хориотой дурлалын тухай киноны дүрээр шуугиан тарихаар бэлдэж байгаа билээ. Киноны үйл явдал таныг 50-аад оны үед Одри Хепбёрнтэй дахин учруулах шиг болно.
А: Камерын өмнө гарахдаа ямар айдас мэдэрдэг вэ?
Камерын өмнө эвгүй байдалд орохоос айдаг. Хэдэн зуун хүн намайг харж байгаа шүү дээ. Асар их энерги над руу чиглэж байх шиг санагддаг. Харин би тэр энергид автахгүй байж сурсан. Яг л олон хүнтэй зах дотор бусдын анхаарлыг татахгүй явдаг шигээр.
А:Ямар ч бэлтгэлгүйгээр тайзан дээр гарах үнэхээр аймаар байх даа?
Би ямар ч бэлтгэлгүйгээр зураг авалтанд орж байгаагүй. “Луун шивээст охин” киноны зураг авалтаас өмнө би мотоцикль унаж сурах гэж хоёр гурван сар зарцуулсан. Зураг авалтын бараг 98 хувьд би мотоцикльгүй зураг авахуулсан ч гэсэн би кинон дээр мотоцикль дээр төрсөн юм шиг л унаж чаддаг мэт харагдах ёстой байсан юм.
А: Итгэмээргүй юм. Та “Луун шивээст охин” кинон дээр жинхэнэ үймээний эзэн болж гардаг шүү дээ.
Тиймээ.
А: Бас тэр хүчиндүүлж буй хэсэг… Мэдэхгүй юм даа.
Аймаар биш гэж үү ?
А: Үнэхээр аймшигтай.
Тийм хэсгийн зураг авалтыг гэгээн цагаан өдөр, олон хүний өмнө авдаг гээд төсөөл дөө.
А: Миний сонсч байсан хамгийн аймаар зүйл байна. Доромжлуулчихсан ч юм шиг. Тэгвэл та яагаад ийм дүрд тоглосон юм бэ?
Бид айдсаа ялж гарахыг хичээдэг.
А: Тэгвэл Кэролын дүрд хэр их бэлтгэсэн бэ?
Мэдээж эхлээд киноны зохиолыг уншсан. Миний дүрийн хувьд эх зохиол “The Price of Salt” нь маш сайн зохиол. Ер нь жүжигчин хүн эх зохиолыг уншихад хэрэгтэй бүхнээ тэндээс олж авдаг. Бас киноны зохиол нь ч маш сайн болсон байсан. Хамтран тоглосон жүжигчин Кэйт Бланшет бид хоёр дүрийн судалгаа хийж, найруулагчтайгаа зөвлөхөд хэдэн сар зарцуулсан шүү. Найруулагч бидэнд киногоор юу хэлэхийг хүссэн, ямар кино болох тухай бүхэл бүтэн ном бичиж, тухайн үеийн нийгэм, амьдралыг харуулсан гэрэл зургуудыг хавсаргаж, тэр үеийн дуутай, киноны хэдэн арван CD явуулдаг байв. Тиймээс би зураг авалт эхлэхээс өмнө ямар кинонд тоглох гэж байгаа тухай хэдийн төсөөлөлтэй болчихсон байсан.
А: Би киног үзэж амжаагүй л байна. Гэхдээ трэйлер нь үнэхээр гоё болсон байна лээ. Таны бүтээсэн дүрээс маш тодорхой хүсэл, ямар нэгэн хүрэшгүйд хүрэх тэмүүлэл мэдрэгдсэн.
Киноны зураг авалт маш гоё. Киног 2015 оны кино гэхэд итгэмээргүй, 50-аад онд ийм л байсан байх даа гэмээр. Сэнди Пауэлийн урласан хувцас хунар сэлт таныг 50-аад онд аваачих шиг л болно.
А: Та ганцаардаж байсан уу?
Би ганцаараа байх дуртай. Надад ганцаараа байх нь их хэрэг болдог. Ялангуяа зураг авалттай үед олон хүнтэй ажилласны дараа. Тиймээс ажлынхаа дараа зочид буудал руугаа явж, ганцаараа амрах нь надад сайхан байдаг юм. Энэ бол жүжигчний амьдралын нэг хэсэг. Бид чинь цыганууд шиг л хүмүүс. Хүмүүс надаас хаана амьдардаг вэ гэж асуухад нь бид Нью Йоркт гэж хариулдаг. Үнэн хэрэгтээ би гэртээ үргэлж байдаггүй. Үргэлж л зочид буудлаас нөгөө рүү дамжин явдаг. Гэхдээ би энэ амьдралдаа дуртай. Хэзээ нэгэн цагт залхах өдөр ирж ч магадгүй. Харин одоо бол нүүдэлчний ийм амьдрал надад таалагдаж байна. Хүмүүс заримдаа надаас асуудаг юм. “Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?” гэж. Тэгэхээр нь би “Шуудан орж, бас найзуудтайгаа уулздаг. Ингэхэд би найзуудтайгаа уулзаагүй гурван сар болж байгаа юм байна шүү дээ” гэдэг юм.
Үнэндээ бол надад чөлөөт цаг гэж байдаггүй л дээ.
Н.ЭНХ