Төр иргэдээ орон сууцжуулж, ядаж дунд сургуулийн сурагчдаа нэг ширээнд гурваар нь чихэж суулгахаа больж, шинээр сургууль, цэцэрлэг бариулж чадвал төсвийн алдагдал хүлээхэд муу зүйл үгүй. Угаасаа нүдэнд харагдахуйц бүтээн байгуулалтын ажил хийж чадсан л бол төсвийн алдагдлаас сүрдэж, инфляциас айх хэрэггүй гэж онолын хувьд үздэг. Харамсалтай нь тэлэлттэй, түүхийгээрээ дуудуулсан төсөв маань нүдэнд харагдахуйц бүтээн байгуулалтын ажилд зарцуулагдалгүй бэлэн мөнгө тараах эх үүсвэр болсныг хүн бүхэн хүлээн зөвшөөрөх байх. Үүнээс үүдэн инфляци өсөх эрсдэл дагуулжээ. Мэргэжилтнүүд ч энэ талаар ярьж, бусад орны жишээ, баримтаар сануулах боллоо.
Уг нь Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага ирэх онд дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 36.5, 2013 онд 29.5, 2014 онд 26 хувьд хүрч өмнөх онуудтай харьцуулахад буурах дүр зураг гарахыг эдийн засагчид тооцоолжээ. Мөн бодит дүнгээрээ ирэх онд 4,613.4 тэрбум, 2013 онд 4,919.4 тэрбум, 2014 онд 5,211.5 тэрбум төгрөгт хүрч өсөлт гарахаар байгаа аж. Төсвийн нийт алдагдлын хувьд ч нэлээд гэгээлэг тоог төсөв батлах үеэр танилцуулж байсан. Тэр нь ДНБ-д эзлэх хувиар ирэх онд -6.7, 2013 онд -2 хувь байхаар тооцоолжээ. Гэхдээ одоогийн байдлаар нэгдсэн төсвийн нийт алдагдал 779.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -9.9 хувьтай тэнцэж байгаа.
Төсвийн тодотголоор шийдэх санхүүгийн эх үүсвэрүүд сүүлийн үед нэмэгдэж буйгаас биш буурахгүй байна. Тухайлбал, Ерөнхийлөгчийн санаачилсан Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль байна. Энэ хуулийн дагуу бол айл бүрт олгох утаагүй зууханд багагүй хэмжээний хөрөнгө хаях нь. УИХ-аас баталсан энэ хуулийн дагуу холбогдох зардлыг нь төсвийн тодотголоор шийдэхээр тооцсон билээ. Мөн өнгөрсөн оноос эхлэн дуулиан тарьж байгаа Монголын Хөрөнгийн биржийн технологийг шинэчлэх зардлыг ч төсвийн тодотголоор шийдэх юм. Үүгээр ч зогсохгүй монголчуудын амьдрал, ирээдүйд нөлөөлөх “Хөгжлийн банк”-ны дүрмийн санг ч шийдээгүй байна. Яагаад гэвэл дүрмийн санг бүрдүүлэх хөрөнгийг мөн л төсвийн тодотголоор шийднэ.
Төсөвт тодотгол хийх цаг дөхөж байгаа энэ үед бонд гаргах талаар эрчимтэй ярьж эхэллээ. Мэдээж түүхэнд байгаагүй өндөр төсөв түүний алдагдлыг бондоос өөр юугаар нөхөх билээ. Зориулалт нь ч тийм байдаг. “Хөгжлийн банк” байгуулснаар улс орны эдийн засгийн өсөлтөд эрс нөлөөлөхүйц төслүүд дээр тулж ажиллах нь тодорхой болсон. Удахгүй дотоодын зах зээл дээр 800 тэрбум төгрөгийн бонд гаргана. Мөн Засгийн газар өөрөө төсвийн алдагдлыг нөхөх, иргэдийг орон сууцжуулах, ноолуурын салбарыг дэмжих зорилгоор 437 тэрбум төгрөгийн бонд гаргана. Ингээд нийт 1.2 их наяд төгрөгийн бондыг Монголын Хөрөнгийн биржийн цан цохих чимээнээр арилжих нь. Мэдээж эрсдэл дагуулдаггүй байсан бол бид аль хэдийнэ олон улсад Засгийн газрынхаа бондыг санал болгоод, тэр мөнгөө зарцуулаад эхэлчихсэн байх байлаа. Одоогоор Хөгжлийн банкнаас гаргаж байгаа бондын хэмжээ, төрөл хүүгийн талаар нарийвчлан судалж байгаа тул мэдээлэл авах боломжгүй байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт 1.2 их наяд төгрөгийн бондын түрүүчээс арилжаалж эхэллээ. Тодруулбал, “Төрийн 4000 албан хаагчийг орон сууцны урт хугацаат зээлд хамруулах хөтөлбөр”-ийг санхүүжүүлэхээр 36 тэрбум төгрөгийн үнэ бүхий хоёр жилийн хугацаатай бонд гаргасан. Арилжаа эхлэхийн өмнө 36 тэрбум төгрөгөөс давсан 56.7 тэрбум төгрөгийг цуглуулчихсан байжээ. Энэ нь Засгийн газрын үнэт цаасны эрэлт их байгааг нотолж байв. Холбогдох газруудаас мэдээлснээр арилжаанд гадаадын хөрөнгө оруулагчид идэвхтэй оролцсон байна. Энэ нь манай улсын Засгийн газрын үнэт цаасанд итгэх итгэл нэмэгдэж байгаа гэсэг үг. Дээр нь дотоод зах зээл дээр, нарийндаа арилжааны банкуудад 1.5 их наяд төгрөг бий гэх таатай мэдээллийг Монголбанкныхан хэлжээ. Гэхдээ боломжтойгоо адил хэмжээний эрсдэл бий гэдгийг бас сануулсан байна.
Бондын эрсдлээс илүү боломжид нь дурладаг мэргэжилтнүүд бий. Тэдний үзэж буйгаар Засгийн газар ийм их хэмжээний төгрөгийн бонд гаргах хэрэггүй аж. Болж өгвөл валютын бонд гаргаж, дэлхийн зах зээлд арилжих хэрэгтэй гэнэ. Түүнээс биш Монголд төгрөгийн бонд гаргаснаар төсвийн нөхөөс, хөрөнгийн эх үүсвэр төдийхнөөр ашиглаад өнгөрөх цаг зуурын зүйл болох аж. Монголын Засгийн газрын гаргаж буй бонд гадны дундаж санхүүгийн чадамжтай хөрөнгө оруулагчдын анхаарлыг нэлээд татаж байгаа гэдгийг зарим мэргэжилтэн анзаарчээ. Мөн Монголын Засгийн газрын бондыг худалдан авах сонирхолтой олон улсын хөрөнгө оруулалтын банкууд бий аж. Гэтэл Олон улсын валютын сан болон Дэлхийн банкны эдийн засагч нар Монголын Засгийн газрын олон улсад бонд гаргах асуудлыг дэмждэггүй гэнэ. Тиймдээ ч “Төсвийн алдагдал хүлээж, инфляци чинь тэнгэрт хадна шүү” гэх айлгаж суудаг байна.
Ямар ч байсан гадаад зах зээл дээр бонд гаргах асуудлаар тун удахгүй манай санхүүгийн салбарынхан хэлэлцээрийн ширээний ард сууна. Тэр хүртэл 1.2 их наяд төгрөгийн бондоо бид дотоод зах зээлдээ бүрэн худалдаалах боломжтой бололтой. Гэхдээ учир зүггүй манай Засгийн газрын бонд найдвартай гэж хадуурч болохгүй биз. Яагаад гэхээр арилжааны банкууд “Бидэнд мөнгө байна” гэж үрэлгэн хандаад ч энэ нь эрсдлээ төрд үүрүүлдэгтэй нь холбоотой гэдгийг нотолж байгаа юм. Монголбанкны зүгээс ч үүнийг тооцоолон “Бондоос болгоомжлох хэрэгтэй” гэж чимээгүйхэн хэлсэн байх.
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин