Хэдхэн хоногийн өмнө “Эрдэнэс Тавантолгой”-н албан тушаалтнуудын цалин ил болсон нь багагүй дуулиан тарьсан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 198 мянган төгрөгөөс эхлээд дийлэнх нь 500 мянгаас доош цалинтай иргэд үүнийг хараад нүд нь орой дээрээ гарах шахаж, бүгд л энэ компанийн ажилтан болох юмсан хэмэн цагаан атаархсан биз. Мөрөөдөхөд мөнгө төлөхгүйгээс хойш зарим нь бүр “Эрдэнэс Тавантолгой”-д дарга болж буйгаар “Зэрэг нэмж” сэрүүн зүүдэлсэн ч байх. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батбилэг 12 сая төгрөгийн цалинтай бол дэд захирлууд нь 4,8-7,2 сая төгрөгийн гэхчлэн ахлах мэргэжилтнээс эхлээд нягтлан бодогчид нь 2,8 саяас дээш цалинтай нь тэднийг өөрийгөө галдсан Үйлдвэрчний эвлэлийн даргын үйлдэлд буруутгахад хүргээд амжив.
Төсөл хөтөлбөр нь олигтой ахицгүй байхад ийм цалин авч буй нь иргэдийн ундууцлыг хүргэсэн нь дамжиггүй. Тэгвэл зууны манлай үйлдвэр гэгддэг Монгол Улсын төсөвт жинтэй хувь нэмэр оруулдаг “Эрдэнэт” үйлдвэрийн захирал гэхэд л 12 сая төгрөгийн цалин авдаг аж.
Сүүлийн үед уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татаж, томоохон төслүүдээ хөдөлгөхөөр манайхан гадны туршлагатай компаниудад өндөр төлбөр төлж зөвлөгөө авдаг болсон. Өөрсдөө нарийн хуримтлуулсан туршлагагүй, нарийн мэргэжлийн боловсон хүчний дутагдалтай, дотоодын компаниуд нь тухайн чиглэлд дадлагажаагүй зэрэг шалтгааны улмаас аргагүй эрхэнд ийм үйлдэл сонголт хийхээс өөр аргагүйд хүргэдэг. Өнөөдөртөө энэ нь ч зөв.
Гэхдээ тэдгээр зөвлөгөө өгч буй компаниудыг хэрхэн сонгож, яг ямар зөвлөгөө авч, юунд хамтарч ажиллаж байна вэ гэдэг асуулт эргэлзээ төрүүлэх болов. “Ухаахудаг-Гашуунсухайт”-ын чиглэлийн төмөр зам барих төслийн ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан “Samsung CT corporation” бол хуурамч компани байж болзошгүй бөгөөд улсад их их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутган удирдлагуудыг нь баривчлаад буй.
Энэ компанийн байгуулагдсан эсэхийг нь хөөхөд л хачирхалтай гэмээр баримтууд олдох аж. Монгол Улсын хуулиар төрийн томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж буй компани Монголд бүртгэлтэй байх ёстой. Гэтэл “Samsung CT corporation” 2012 оны арванхоёрдугаар сарын 26-нд байгуулагдсан. Эрх, үүрэг шилжүүлэх гэрээнд 2012 оны аравдугаар сарын 11-нд шалгаруулж эцэслэн тохиролцсон гээд буй. Ингэхээр энэ компанийг байгуулаагүй байхад дээр дурдсан төслийн ерөнхий гүйцэтгэгчээр шалгаруулсан гэсэн үг. Гэтэл Өмнөд Солонгост бүртгэлтэй компани нь “Samsung C&T” engineering & Construction Group” гэж буйг албан ёсных нь вэб хуудаснаас харж болно. Монголын Засгийн газрыг төлөөлж гэрээ хийсэн “МТЗ” компани хэнтэй гэрээ хийсэн бэ гэдэг асуудал эндээс гарч гарч ирнэ. Тэд жинхэнэ “Самсунг”-тай гэрээ хийсэн үү эсвэл нэр зээлдсэн хуурамч компанитай гэрээ хийчихэв үү гэдэг нь одоог хүртэл тодорхойгүй байгаа. Үүнийг хуулийнхан шалгаж тогтооно биз. Эндээс компаниар дамжуулж мөнгө угаагаад байгаа юм биш биз дээ гэх эргэлзээ эрхгүй төрнө.
Үндсэн асуудалдаа эргээд ороход энэ компанийн ажилчдын цалингийн хэмжээний хажууд “Эрдэнэс Тавантолгойн”-н удирдлагуудын цалин чамлалтай санагдана.
Баримтаас харвал “Samsung CT corporation” нь 33 ажиллагсадтай. Нэг солонгос ажилтны зөвхөн нэг өдрийн цалин 422 ам.доллар. Үүнийг сард, ажлын 22 хоногоор тооцбол 9284 ам.долларыг, жилд 111408 ам.долларыг нэг ажилтан нь авдаг гэсэн үг юм. Долларыг өнөөгийн төгрөгийн ханшид хөрвүүлбэл нэг солонгос ажилтан сард 18 сая 456 мянган төгрөгийн цалин авдаг гэсэн үг. Юун “Эрдэнэс-Тавантолгой”, “Эрдэнэт” үйлдвэрийн захирлын цалин. Захын мэргэжилтнүүд нь л тэднээс тавин хувиар илүү цалин авдаг гэсэн үг.
Харин жилдээ 221 сая 479 мянган төгрөг авдаг байх нь. Тус компанийн 33 ажилтанд багаар бодоход жилдээ 3 сая 676 мянга 464 ам.доллар зарцуулдаг аж.
Дээр нь оффисын зардалд өдөрт 856 ам.доллар/1701728 төг/ жилдээ 225 мянга 984 доллар, унааны хөлсөнд өдөрт 2855 ам.доллар/5 сая 675 мянга 740 төг / жилдээ 753 мянга 720 ам.доллар зарцуулна. Мөн машины түрээст өдөрт 2328 ам.доллар буюу 4 сая 628 мянган төгрөг зарцуулдаг байна.
Ийм л мөнгөөр цалинждаг аж. Тэгсэн төмөр замынх ажлыг гардан гүйцэтгэж буй Монгол ажилчдын цалин нь өдрийн 42 ам.доллар. Өөрсдийнхөөс нь арав дахин бага гэсэн үг.
Үнэндээ энэ төсөлд 100 мянга ам.долларын дүрмийн сантай ажлаа эхлүүлсэн “Samsung CT corporation” оролцсоноор нэг жилийн дараа гэхэд зөвхөн ажилтан нь л гэхэд тэрхүү дүрмийн сангаасаа 10 гаруй мянган ам.доллараар илүү цалинг авчээ. Харин ажлын хүндийг үүрсэн монголын туслан гүйцэтгэгчид одоо хэр нь мөнгө авч чадахгүй байгаа тухай гомдоллож байсан.
Шар тос олоод чоно үүрэхийг нь үүрч, үнэг янцаглахыг нь янцаглаж хуваах болоход янгууч үнэг хамгийг нь авчихдаг хүүхдэд зориулсан үлгэр шиг л юм болдгийн нэгэн жишээ энэ буюу.
Хүснэгт дээр дарж томоор үзнэ үү.
Л.НАРАНТӨГС