Мөнгөгүй бүтэх юм хаа ч байхгүй гэдгийг алхам тутамд мэдрүүлж буй энэ ертөнцөд санхүүгийн эрх чөлөөнд хүрэх нэг алхам бол хуримтлал үүсгэх юм байна гэдгийг монголчууд мэддэг болж байна.
АНУ-д ч гэсэн хямрал нүүрлэснийг бид мэднэ. Хямралын өмнө америкчууд орлогынхоо 1.5 хувийг л хуримтлуулдаг байсан бол 2008 оны хямралын үед 5.5 болгож, айдгаа авдартаа хийдэг болсон юм. Бид ч гэсэн тийм авдартай болохын тулд одооноос мөнгөн хуримтлал үүсгэх шаардлагатай.
Мөнгө хуримтлуулах олон арга зөвлөгөө байдаг ч монголчуудын онцлогт хамгийн их ойртож очих жороос хүргэе.
Юун түрүүнд та сар бүр тогтмол хуримтлал үүсгэх зуршилтай болох хэрэгтэй.
Гэвч огт хуримтлал үүсгэж байгаагүй хүний хувьд сар бүр 100,000 төгрөг хуримтлуулна гэхээр тэртэй тэргүй мөнгө амьдралд хүрэлцэхгүй байхад хураана гэдэг ч үлгэрийн далай болох бизээ хэмээн бодож байж болох юм.
Тэгвэл 100,000 мянга биш 20,000 төгрөгнөөс багаар хуримтлуулаад үзэх хэрэгтэй. Өөрийн буруу зуршил, үрэлгэн байдлаа засаж, хөгжилтэй аргаар мөнгө хэмнэж чадвал та сард хуримтлуулах мөнгөө дор нь олох болно. Энэ мөнгөө өөртөө зорилго болгон товлосон өдрөө банкинд тушааж, өндөр хүүтэйгээр яагаад хадгалуулж болохгүй гэж.
Жор-1: Мөнгө хадгална гэж бодохоор л танд хэцүү санагдаж байгаа биз.
Тиймээс мөнгөө цуглуулга гээд бодчих. Ямар нэг зүйл цуглуулах хоббитой хүмүүс түүнийгээ зарж үрдэггүй, дандаа арвижуулж, баяжуулж байдаг шүү дээ. Та бол тэдний нэг. Цуглуулдаг зүйл нь л мөнгө болохоос адилхан л хобби.
Жор-2: Зорилго тавь. Нэг сард 20.000-тын дэвсгэрт 1 ширхэг, 10.000-тын дэвсгэрт 2, …100-тын дэвсгэрт 100 ширхгийг цуглуулна гэдэг ч юм уу. Серийн дугаар нь гурав, есөөр, эсвэл өөрийнхөө азын тоогоор төгссөн ямар ч дэвсгэртийг үрэхгүй цуглуулах маягаар хуримтлуул. AZ, AB гэсэн үсэгтэй дэвсгэрт таарвал шууд л хуримтлалдаа хийдэг зуршилтай болбол болж байна.
Жор-3: Цалин буух бүрт өөрийгөө шагна. “Би ийм цалин авахын тулд 15 хоног, бүтэн сар хөдөлмөрлөлөө. Тиймээс өөртөө баяр хүргэе” гээд доод тал нь 20.000 төгрөгөөр өөрийгөө шагнаж, шагналаа хуримтлалдаа хий. Болж өгвөл өөрийгөө цалингийнхаа 20-иос дээш хувиар шагнаж байгаарай. Үүнийгээ зуршил болгож чадвал маш сайн.
Жор-4: Эд хогшил, хувцас хунараа гамнаж, тордож байгаарай. Тэгвэл шинэ зүйлд мөнгө үрэхгүй. Гэхдээ нэг хувцсыг удаан өмсөхөөс уйдна шүү дээ. Тиймээс хуучин хувцасныхаа загварыг өөрчлөн өмсөж сур. Өмдийг цамц болгочихдог, цамцан дээрээ жижигхэн чимэглэл нэмээд огт өөр харагдуулах зэргээр загвар, зориулалтыг нь өөрчлөх маш олон арга бий. Фэйсбүүкээс тийм арга олж, суралц.
Жор-5: Эрүүл агаарт алхаж, гүйж, гудамжинд бүжиглэж, дасгал хийж сур. Хятад, япон хүмүүс гудамжиндаа хийн дасгал хийж, бүжиглэж байдаг шүү дээ. Бид ч гэсэн яагаад тэгж болохгүй гэж. Фитнес клубт мөнгө төлөхгүй, хэмнэлттэйн дээр хөгжилтэй. Ингэж сурвал фитнест төлөх байсан мөнгөөрөө өөрийгөө шагнаад, хуримтлалдаа хий.
Жор-6: Зардлаа тооц. Жижиг тэмдэглэлийн дэвтэр байнга биедээ авч яваад, худалдаж авсан зүйлээ өдөр бүр бүртгэж бай. Ингээд шаардлагагүй, онцын хэрэггүй зүйл авсан байвал өөрийгөө шийтгэ. 4000-аар зайрмаг авсан бол 4000 төгрөгөөр өөрийгөө торгоод, торгуулиа хуримтлалдаа нэмэрлэ. Маргааш нь зайрмаг аваагүй бол 4000 төгрөгөөр өөрийгөө шагна. Шагналаа мөн л хуримтлалдаа нэмнэ. Ингээд харахад сарын дараа та зайрмаг авахаа больсон байх вий. Мөнгө үрэхгүй, бас өөртөө илүү жин нэмэхгүй боллоо гэсэн үг.
Жор-7: Хамгийн төвөг багатай арга. Та цалин буусан өдрөө данснаас тань 20,000 эсвэл 50,000, 100,000 төгрөгийг хуримтлал руу тань шууд шилжүүлэх боломжтой “Захиалгат шилжүүлэг” үйлчилгээнд бүртгүүлчих. Ингэснээр та мөнгөө үрэхээсээ тогтмол хуримтлалдаа мөнгө нэмж чадна. Хүү нь ч өндөр байх болно.
Харин одоо та бяцхан тоо бодоод үзээрэй.
Дээрх жоруудыг та амьдралдаа хэрэгжүүлж чадвал сард 20,000 мянган төгрөг өлхөн цуглуулчихаар байгаа биз. Тэр ч байтугай цуглуулсан мөнгө тань 100,000 төгрөгөөс хол давна гэдэгт би итгэлтэй байна.
Иймээс та сар бүр хуримтлуулах мөнгөн дүнгээ тогтоож, үүнийгээ хуримтлуулах зуршил болгоорой.
Хамгийн сүүлийн жор: Мэдээж хүү өндөртэй “Голомт” гэх мэт банкинд мөнгөө хуримтлуулбал дээр. Тус банк иргэдэд хуримтлалтай болоход нь туслах үүднээс, сар бүр тогтмол хуримтлал үүсгэж чадах юм бол жилийн эцэст хуримтлуулсан мөнгөний 20 хувьтай тэнцэх урамшуулал олгохоор болсныг санаарай.
Энэ бүхний эцэст та хуримтлуулах зуршилтай болж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх болно.
ЭХ СУРВАЛЖ: ӨНӨӨДӨР СОНИН