&#34Дуулахад ухаан хэрэгтэй&#34

Хуучирсан мэдээ: 2015.11.20-нд нийтлэгдсэн

&#34Дуулахад ухаан хэрэгтэй&#34

Олон цагаар тэвчээртэй дуулж, тэр сайхан хоолойг хүчтэй гаргахад ухаан зарах хэрэгтэй

Энэ удаагийнхаа “Уран бүтээлч” буландаа Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшинг урьж, ярилцлаа.


-Та бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн дуучин. Тантай уулзаж, ярилцах тийм ч амар байсангүй. Үнэхээр завгүй байна уу, эсвэл хэвлэлийхнээс зайгаа барьж, нэг л төвөгшөөгөөд байна уу?

-Яалаа гэж дээ. Сүүлийн үед үнэхээр завгүй байна.

-Хэрэгт дурлаж байгааг минь өршөөгөөрэй. Гэхдээ яг ямар ажилтай болоод тэгтлээ их завгүй яваа юм бэ?

-Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон 2013 оны арваннэгдүгээр сард Солонгосын Тежон хотын дуурын театртай гурван жилийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Эл хүрээнд өнгөрсөн онд хоёр улсын дуурын уран бүтээлчид хамтран “Чио чио сан” дуурийг тавьсан. Харин энэ онд хоёр том ажлыг хийлээ. Өөрөөр хэлбэл, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойд зориулж “Солонгосын уран бүтээлчид Монголд”, “Монголын уран бүтээлчид Солонгост” гэсэн хоёр том төслийг хэрэгжүүлсэн. Харин одоо сүүлийнхээ хамгийн том үйл ажиллагаанд бэлдэж байна.

Монголын сонгодог урлагийг сурталчлахаар театрын симфони найрал хөгжимчид анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ Солонгос улсыг зориод байна. Бид аялан тоглолтынхоо хугацаанд энэ сарын 26-29-нд “Лучиа Да Ламмермур”, ирэх сарын 2, 3-нд “Цөмөөхэй” балетийг Тежон хотноо тоглох юм. Түүгээр ч зогсохгүй гоцлол дуучдын хамт энэ сарын 30-нд Пусан, арванхоёрдугаар сарын 4-нд Тежон, 6-нд Сөүл хотод Монголын дуурийн уран бүтээлчдийн гала тоглолтыг хийнэ. Гала тоглолтод миний бие болон Монгол Улсын гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Соёлын тэргүүний ажилтан Р.Доржхорол, гоцлол дуучин Ж.Бямбажав, Б.Гомбо-Очир, Б.Батжаргал нар оролцоно.

-Монгол Улсын гавьяат жүжигчин гэх эрхэм цолоор энгэрээ мялаагаад байхад тань хамгийн сүүлд тантай уулзаж, ярилцлага хийж байлаа. Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Ингэхэд төрийн хайр хишиг, энэ цол тэмдэг танд яг юу авч ирэв?

-Мэдээж асар их үүрэг, хариуцлага авч ирсэн. Энэ том цолыг хадгалж, хамгаалж явна гэдэг хэцүү л дээ. Улсын дуурь бүжгийн эрдмийн театртаа тасралтгүй зургаан жил гоцлол дуучнаар ажиллаж байна. Олон ч уралдаан, тэмцээнд оролцож амжилт гаргалаа.

-Тийм ээ, таны хэлж байгаа үнэн. Уран бүтээлч хүнийхээ хувьд та Монгол Улсын гавьяат жүжигчин гэх цолыг үнэхээр сайн хадгалж яваа гэж боддог. Надтай адилхан бодолтой олон хүн байгаа гэдэгт итгэлтэй байна шүү?

-Маш их баярлалаа.

-Харин уран бүтээлч бус хувь хүн талаас тань ямар хүмүүжлийг олгосон нь сонин байна л даа?

-Олон зүйлийг өгсөн л дөө. Би 24-хөн насандаа энэ хүндтэй цолыг хүртсэн. Тухайн үед дуурийн дуулаачдын хувьд “Олимп” гэж яригддаг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанд оролцож дэд байр эзэлсэн. Үүнийг төр засаг маань үнэлсэн хэрэг. Тэр үед надад маш их урам зориг өгсөн. Хүсэл мөрөөдлийг маань гэрэлтүүлсэн. Түүнээс хойш би орсон уралдаан, тэмцээн бүрээсээ шагнал авч, амжилтаа бататгаж байлаа. Тухайлбал, Плачидо Домингогийн болон Франчиско Виниасийн нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаануудад оролцож түрүүлсэн гээд яриад байвал дуусахгүй.

-Бас саяхан болсон “Дэлхийн дуучин-2015” тэмцээнд оролцож үзэгчдийн шагналыг хүртсэн санагдаж байна?

-Тийм ээ. Энэ оны зургаадугаар сард болсон Данн Иоханн Сатерландын нэрэмжит уралдаанд орж, дэд байр эзэлсэн.

-Өмнө нь уулзаж байсан Э.Амартүвшин үнэхээр өөр болсон байна шүү?

-Юу нь тэр вэ. /Инээв/

-Яах вэ дээ, гурван жилийн өмнө уулзаж, ярилцаж байхад та их даруухан, өөрийгөө дарж ярьж байсан. Дэлхийд үнэлэгдсэн дуучин болсон хэрнээ л асуултад маань олигтой хариулж өгөхгүй зовоосон шүү. Одоо бол их нээлттэй, өөрөөрөө бахархаж байгаа нь илт анзаарагдаж байна?

-Тийм үү. Одоо биеэ тоочихсон байна гэж үү.

-Яалаа гэж дээ. Өөрт бодогдсоноо л хэлчихлээ?

-Тэр үед өнөөдрийнх шиг олон уралдаан, тэмцээнд оролцож амжилт үзүүлээгүй байсан байх. Өөрөөр хэлбэл, юм хийгээгүй хүн юу ч ярих билээ дээ. Харин өнөөдөр чиний өмнө сууж байгаа Э.Амартүвшин бол тодорхой хэмжээнд амжилт үзүүлсэн, ярих зүйлтэй болсон. Энэ хоёрын хооронд асар их ялгаа бий гэж бодож байна.

-Ялгаа байлгүй яах вэ, тантай санал нэг байна. Ингэхэд хэл сурахдаа маруухан, бараг л авьяасгүй гэж хэлж байсан. Энэ бодол тань өөрчлөгдсөн үү?

-Яах вэ, бэрхшээл бол бий. Гэхдээ хэл сурахгүй л бол болохгүй. Тэр тусмаа дуурийн дуучин хүн харь хэлгүй байж таарахгүй. Энэ ч утгаараа сурч байгаа. Сурах ёстой зүйлийн маань нэг болохоор. /Инээв/

-Дуурийн дуучин бүр Италийг мөрөөддөг. Харин та л буруу ишилсэн сүх шиг зүтгээд байх шиг ээ?

-Үгүй дээ, Италийг мөрөөдөх хэрэгтэй. Бүх л дуурийн дуу Итали хэл дээр дуулагдаж байна. Яг орчинд нь очоод номыг нь сонсох өөр. Тиймээс болж л өгвөл Италид сурах хэрэгтэй гэж бодож байна.

-Дэлхийн дуурийн урлагийн ноён оргил Ж.Вердийн “Аида” дуурийн Амонастрогийн дүрийг гайхалтай, чадварлагаар бүтээсэн. Энэ дүрийг бүтээнэ гэдэг дуурийнхны хувьд мөрөөдөл, бас мэргэжлийн том шалгуур байдаг гэж сонссон. Тухайн үед энэ дүр таныг хурцалж өгсөн байх, тийм үү?

-Магадгүй юм. Яах аргагүй Гранд опера гэж ярьдаг том дуурь. Тухайн үед би “Аида”-гийн аав Амонастрогийн дүрийг бүтээж байсан. Сайхан ч дүр, дурлаж байж бүтээсэн. Өөрийнхөө хэмжээнд хичээж, дүрийг нь гаргаж дуулсан. Одоо бодох нь ээ, бас ч гэж муу дуулаагүй шиг байгаа юм.

-“Хэн авьяастай нь бус ухаантай нь дуулдаг” гэж Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан гуай хэлж байсан. Өмнө нь уулзахдаа танаас энэ асуултыг асууж зүрхлээгүй. Одоо бол хариултаа авахад бэлэн байна?

-Үнэн шүү дээ. Хүн ямар дүрийг ямар ухаанаар дуулах, яаж хоолойгоо хайрлаж өөрийгөө хөгжүүлэх нь цэвэр хувь хүний ухааны асуудал. Ухаантай байж л хүн амжилт олдог. Бидний багаж зэвсэг бол зөвхөн хоолой. Энэ чинь төмөр биш.

-Тийм ээ, төмөр биш шүү дээ. Тэгсэн атлаа та олон цагаар тасралтгүй бэлтгэл, хийж дуулдаг. Бидэн шиг энгийн хүн бол аль хэдийнэ хоолой сөөгөөд таг болчихно. Ингэж олон цагаар дуулж, бэлтгэл хийх зөв зүйл гэж үү?

-Хүмүүс дуурийн дуучид ямар хүчтэй хоолойтой юм. Яасан олон цагаар дуулдаг юм гэлцдэг. Гэхдээ олон цагаар тэвчээртэй дуулж, тэр сайхан хоолойг хүчтэй гаргахад ухаан зарах хэрэгтэй. Үүний тулд нойр хоолоо зохицуулахаас эхлүүлээд сэтгэл санаагаа тайван байлгах нь чухал. Ингэж л амжилт гаргана.

-Та дэлхийн олон оронд эх орныхоо нэрийг гаргасан. Олон ч тайзан дээр дуулсан. Ингэж явахдаа Монголынхоо сонгодог урлагийг дэлхийн хаана явааг олж харсан л биз дээ?

-Тэгэлгүй яах вэ. Манай сонгодог урлаг эртнээс алдартай. Гадаад харилцаа сайжирч, олон орны уран бүтээлч ирж ажиллаж байна. Би ч гадаадын олон орны тайзан дээр дуулж үзлээ. Манай дуурийн урлаг өндөр төвшинд хүрсэн гэж боддог. Учир нь, манайд сонгодог урлагийн үндэс суурь эртнээс тавигдсан болохоор л тэр. Монголчуудын хоолой гайхамшигтай. Театр маань ч Ази тивдээ байнгын ажиллагаатай. Ямартай ч манай сонгодог урлаг хөгжиж байна.

ЭХ СУРВАЛЖ: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж