Тариаг чамлаж биш залбирч хүртдэг

Хуучирсан мэдээ: 2015.11.20-нд нийтлэгдсэн

Тариаг чамлаж биш залбирч хүртдэг

“Товхон  хан” компанийн захирал Б.Баярхүүтэй уулзаж ярилцлаа.


-Ургац хураалтын нөр их ажлын ард гараад жаахан амсхийж байна уу?

-Одоохондоо тэгж байна.

-Газар тариалангийн бүс нутгаар зундаа гандуу байснаас энэ жил тариаланчид ургац муу авлаа. Танай компани хэр ургац хураав?

– Хүмүүс биднээс шалтгаалахгүй байгалийн давтагдашгүй хүчин зүйлс гэж байна.  Ган зудын аюул хэлж ирдэггүй шүү дээ.   Монголд газар тариалан эрхлэх нөхцөл маш хүнд. Манай газарзүйн болон уур амьсгалын онцлог байна. Баруун Европын орнууд ургац сайн авдаг учир нь гэвэл тэнд чийг, дулаан ихтэй байна гэсэн үг. Тариа будаа ургах гол нөхцөл бол чийг, дулаан. Гэтэл манай улсын хувьд бороо орох боломж нь бусад орнуудтай харьцуулахад 2-3 дахин бага. Мөн тариа тарьж, ургуулах хугацаа нь маш богинохон. Тэр тусмаа өнгөрсөн зургаа, долдугаар сард Монгол Улсын нийт нутгаар, ялангуяа газар тариалангийн бүс нутгаар бороо хур багатай байлаа. Ган нүүрлэснээс болж газар тариалангийн компаниуд багагүй хохирол амссан нь үнэн. Цаг агаарын давтагдашгүй хүчин зүйлсийг бид яалтай билээ.

Өмнөх  жилүүдтэй харьцуулах юм бол манай "Товхон хан" компани ургацынхаа 40 хувийг алдсан. Өнгөрсөн жил гэхэд нэг га-гаас 27 центр тариа хурааж авч байсан юм. Энэ жил  нэг га талбайгаас ердөө 10.6 центр тариа хурааж авлаа. Гэхдээ чамлахаар чанга атга гэсэн үг бий. Харин ч боломжийнхоо хэрээр ургац сайн хураалаа гэж баярлаж сууна. Олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүн юм даа. Ер нь тариа тарина гэдэг уйгагүй хөдөлмөр, зүтгэл, бас сэтгэл шаарддаг ажил шүү дээ. Тиймээс ч "Товхон хан" компани таван жил дараалан улсын тэргүүний компаниар тодорсон.

-Ургац алдсаны бурууг Засгийн газарт тохох хүмүүс байна.  Атрын III аяныг хэрэгжүүлснээс хойш анх удаа ургац алдлаа, Сайханбилэг, Бурмаа хоёрын муугийнх гэж хэлж буй хүмүүс танай салбарт ч бий?

-Байгаль дэлхийг хэн ч захирч чаддаггүй. Ямар ч мундаг хөгжилтэй орон байсан ч салхи, шуурга, ган гамшиг, газар хөдлөлтийн өмнө хүчин мөхөсддөг. “Ургац алдлаа” гэж хэн нэгнээс алдаа хайх биш,  алдаанаасаа суралцах ёстой. Байгалийн болон бусад хүчин зүйлсээс бизнесээ яаж  хамгаалах вэ гэж бодох ёстой юм. Урьд өмнөх жилүүдэд цаг агаар харьцангуй сайхан байлаа. Харин энэ жил Монголд ган нүүрлэснээс болоод ургацаа алдсан гэдгийг бүгд л мэдэж байгаа.

-Ер нь сүүлийн жилүүдэд газар тариалангийн салбар улс төрийн талбар болж хувирсан. Тариаланчид нь сайдтайгаа таардаггүй, хэл амаа ололцож чадахгүй явдал цөөнгүй гарах болж?

-Хүнс хөдөө аж ахуйн салбар өөрөө улс орны стратегийн чухал салбарын нэг. Хүнд хөдөлмөр шаардсан, байгаль дэлхий, цаг агаараас хамааралтай. Энэ салбарыг мэргэжлийн бус хүнээр удирдуулснаас болоод хэл, ам хэрүүл зөрчил гараад байна уу гэж би хувьдаа харж байна. Манай салбарт бодлогын алдаа бийг үгүйсгэхгүй.  Газар тариалангийн  салбарыг мэддэг, тариаланчдын зовлон жаргалыг ойлгодог хүн   манай яамд цөөрсөн.  Газар тариалангийн ажил судалгаан дээр хийгддэг. Гэтэл судалгааг нь хийдэг эрдэм шинжилгээний хүрээлэн нь Боловсролын яаманд харъяалагддаг байх жишээтэй. Газар тариалангийн гол толгой нь технологи шүү дээ.  Хэзээ газраа бордох вэ, ургацаа  яг хэзээ тариалах вэ, хэдийд хурааж авах вэ гээд маш нарийн технологийн дагуу явагддаг юм.  Харамсалтай нь, технологи алдагдсанаас ургацаа алдах явдал бий.  

-Тариаланчид, үйлдвэрлэгчдийн дунд  асуудал үүсээд удаж байгаа. Намрын намарт гурил үйлдвэрлэгчид нь чанар муутай, өндөр үнээр тариагаа шахлаа гэж, тариаланчид нь хямд үнээр буудай авах гэлээ гэсэн хэрүүл гарах юм?

-Манай салбарт үл  ойлголцол маш их байна. Үйлдвэрлэгчид нь тариаланчидтайгаа, тариаланчид нь сайдтайгаа ойлголцохоо болиод удаж байгаа.  Бие биенээ дэмжээд ажиллах ёстой нэг салбарын төр хувийн хэвшлийнхэн хоорондоо ойлголцохгүйгээс болоод салбараараа хохирно.  “Өө,энэ хэд дандаа хоолоо булаацалдаад хэрүүл хийж байдаг юм чинь” гэж иргэд хардаг, дүгнэдэг болсон байна. Үүнд аль алиных нь буруу бий. Салбарын яам нь тариаланчдаа ч, үйлдвэрлэгчдээ ч  дэмжих хэрэгтэй. Тариаланч нь үйлдвэрлэгчээ ойлгож, үйлдвэрлэгч нь тариаланчдадаа итгэдэг болох ёстой. Хараад байхад  монголчууд бид хоорондын асуудлаа учир зүйгээр, үг хэлээр ойлголцохоо больсон байна. Би үүнд л эмзэглэж явдаг. Дэлхий дээр цөөхүүлэхнээ  байж  аливаа асуудлыг эвээр, ойлголцлоор шийдэж чадахгүй, шийдэхийг оролдохгүй байгаа нь эмгэнэлд хүргэж магадгүй юм шүү дээ. Ганцхан манай салбар дээр ч биш нийгмийн бүх харилцаанд ойлголцол алга болсон байна.  Өнөөдрийн ургац алдах бол цаг зуурын асуудал. Хойтон жил бороо хур сайтай, зуншлага сайхан болбол ургацаа нөхөөд л авчихна. Гол дутагдаж байгаа юм бол ойлголцол. Ойлголцолгүй бол хэчнээн их ургац авлаа ч нэмэргүй.  Тэгээд ч буудайн үнэ дээр маргаад байх ч юм байхгүй л дээ. Өртөгийг нь тооцоод гаргаад ирдэг юм. Гурилын үнийг тогтоох бүр амархан.  Уг нь, П.Цэнгүүн өөрөө тариа тарьж байсны хувьд тариаланчдынхаа зовлонг ойлгох л ёстой хүн дээ. Угтаалын Цайдамд газар худалдаж аваад тариа тарьж байсан хүн шүү дээ.

-Тариаланчид төрөөс урамшуулал авдаг. Дээр нь тариа тарих шатахууныг улс  хөнгөлөлттэй үнээр олгодог . Тиймээс тариаланчид арай л давраад байна гэсэн шүүмжлэл сонсогддог?

-Хүнсний аюулгүй байдал бол улсын аюулгүй байдалтай холбоотой. Энэ утгаараа газар тариалангийнсалбараа төр дэмжих ёстой л доо.   Урамшуулал бол тариаланчдад өгч байгаа  хүнд нөхцөлд ажилласны шагнал гэж би хувьдаа боддог. Жилийн дөрвөн улирлын гуравт нь тариаланчид нойргүй зүтгэж байж л ургацтайгаа үлддэг юм.  Биднийг янз бүрээр шүүмжилдэг л дээ. Би 30 жил энэ салбарт зүтгэж байна. Илүү тонн бичүүлээд мөнгө авчихсан нэг ч компанийг мэдэхгүй юм. Бас буудайгаа тушаалгүй мөнгөө авчихсан компани миний мэддэг тариаланчдын дунд байхгүй.  Монголчууд  хэтэрхий хартай. Энэ бидний бас нэгэн том алдаа. Ажил хийж яваа нэгнээ үргэлж гоочилно, шүүмжилнэ. 

Тэгж ярьбал хэдэн жилийн өмнө монголчууд гурилгүй болоод баларч байсан үе бий шүү дээ. Жилдээ хурааж авдаг ургацын хэмжээ нь  дөнгөж 76 мянган тонн. Тэр үед Ерөнхий сайдаар С.Баяр ажиллаж байсан юм. Казакстан, Оросгүй явж будаа гуйж байсныг санаж байна. Байхгүйн зовлонгоосоо үүдээд С.Баяр сайд Атарын III  аяныг эхлүүлсэн. Үүний хүчинд монголчууд ямар ч байсан хүнсний салбарын хувьд хоёр хөршөөс хараат бус болчихлоо. Монгол хүн мах, гурил байхад өлсч үхэхгүй.  Харамсалтай нь, бид өнөөдөр байхгүйн зовлонг биш байгаагийн зовлонгоо эдэлдэг болж.  Энэ их хэрүүл маргааныг харахаар надад байгаагийн зовлон  нь байхгүйн зовлонгоосоо бүр хэцүү юм шиг санагддаг шүү.

-Гурил үйлдвэрлэгчдийн хувьд импортын буудай хямд бас чанартай гэсэн тайлбар өгдөг. Манай дотоодын улаан буудайн цавуулаг тийм муу юм уу?

-Дотоодын улаан буудайн чанар сайн мууг хэн нэгэн яриад тогтоочихдоггүй юм. Чанарыг тогтоодог ганц хүн бол хэрэглэгч.   Монголчууд бүгдээрээ гурил иддэг. Өнгөрсөн жилийн цагаан сараар монголчууд дандаа дотоодын гурилаар бууз хийсэн. Гурилын чанарыг шинжилдэг гол зүйл бол бууз. Бууз хийгээд  гурилын сайн мууг  мэдчихэж болдог.  Энэ жил Монгол Улс хэдийгээр ургацынхаа тал хувийг шахуу ганд алдсан ч  маш сайн чанарын буудай хурааж авсан гэдгийг хэлье.

-Буудайн чанар ингэхэд юутай холбоотой байдаг юм вэ?

-Газрын арчилгаа тордолгоотой холбоотой. Нэг үг байдаг шүү дээ, “Хүн юу тарина түүнийгээ хурааж авдаг” гэж. Газраа хайрлахгүйгээр ургац хурааж чадахгүй. Тариаланч хүн  газраа хүүхэд шигээ  арчилж бөөцийлж байх ёстой юм л даа.  Манай компани бол ургац алдаж бараг үзээгүй дээ. Яагаад гэвэл  бид технологийг  маш нарийн чанд мөрддөг. Газар тариалан эрхлэлт тэр чигээрээ технологи  гэж би түрүүнд хэлсэн. Тавдугаар сарын 15-27-ны хооронд ургацаа тариалсан байх ёстой.  Ургац тариалах боломжит хугацаа бол ердөө долоо хоног. Долоо хоногийн дотор л ургацаа багтааж тариалахгүй бол ургалтад нь сөргөөр нөлөөлөх явдал гарна. Бүгд тооцоо, технологийн дагуу явагддаг нарийн ажил даа.

-Тариа тарихад сэтгэл хэрэгтэй гэж та түрүүнд хэлсэн.  Харин зарим хүмүүс мөнгөтэй бол тариа тарих амархан гэж ойлгодог?

-Зөвхөн тариа тарихад ч биш хүн хийж байгаа ямар нэгэн ажилдаа сэтгэлээсээ хандах ёстой. Сэтгэлээсээ хандсан ажил бүхэн эргээд үр шимээ өгдөг. Газар минь, ажил минь гэж хайрладаг байх ёстой юм л даа. Тэгэхгүй  мөнгө, мөнгө гээд байх юм бол газар хүртэл дэлэгнэж өгдөггүй юм.  Сүүлийн үед манай салбарт техникийн хүчээр, мөнгөөр зодоод тариа тарьчихна гэсэн ойлголт газар авсан байна лээ.  Техник яахав ээ, хүчтэй мундаг байж болно. Гэхдээ тэр техникийг  хүн ажиллуулдаг. Мөнгөөр газрыг худалдаж авч болно, ажилчин худалдаж авч болно. Ажилчныхаа сэтгэлийг ойлгохгүй бол үр ургахгүй. Ажилчин сэтгэлийн үрээ ургуулахгүй бол газарт суулгасан үр нь ургахгүй.  Ер нь тэгээд тариаг чамалж биш залбирч хүртэх ёстой юм шүү дээ.

-Монголын газар тариалангийн бүс нутгийн 70 хувь нь элэгдэлд орсон гэсэн статистик мэдээ байна лээ. Энэ үнэн болов уу?

-Газар тариалангийн бичигдээгүй хууль гэж байдаг. Газраас юу авснаа буцаагаад хий гэж. Газарт ямар ургамал тарина, тухайн газрын хөрсний шим тэжээлийг авч ургадаг. Тиймээс газрын хөрснөөс авсан шим тэжээлийг буцаагаад газартаа хийдэг байх ёстой юм. Харамсалтай нь, манай зарим компаниуд бордлогоондоо огт анхаардаггүй. Тариалангийнх нь хөрс эвдрээд, ядууралд ороод байна гэдэг хөрсөө арчлахгүй байна л гэж ойлгох хэрэгтэй.   Монголд хар шороон хөрстэй газрууд зөндөө бий.

-Монголд  ялангуяа газар тариалангийн салбарт бизнес эрхлэх орчин ямар вэ?

-Ер нь бол жаахан төвөгтэй  гэж хэлж болно. Тухайлбал,  банк, бизнес хоёр бол нэг амьтай байх ёстой л доо. Бизнес эрхлэх гэж хэн нэгэн банкнаас зээл авахгүй бол банк байхгүй.  Банкнаас зээл авахгүй бол бизнес нь байхгүй.  Тэр утгаараа банк нь ээл өгсөн хүнийхээ бизнесийг хэвийн явуулах талаас зөвлөдөг, анхаардаг болох ёстой.   Яг  үүн шиг гурил үйлдвэрлэгчид, тариаланчид хоёр ч хамтрах хэрэгтэй. Хүнээс юм авч байгаа нь хямдхан авахыг, хүнд юмаа өгч байгаа нь ахиухан зарахыг хүсдэг.  Гэтэл үйлдвэрлэгч, тариаланч хоёр бол салшгүй түншүүд шүү дээ. Нэг тэрэгний хоёр дугуй гэж хэлж болно. Тэгэхээр тариаланчид ургац алдсан  үед нь үйлдвэрлэгчид арай ахиухан үнээр буудайг нь авдаг  тариаланч нь ахиухан ургац хураасан бол гурил үйлдвэрлэгчдээ хямдхан өгдөг ийм ойлголцол манай аль ч бизнест алга. Амжилттай яваа бизнесийн үндэс итгэлцэл, ойлгоцол  байдаг юм. . Итгэлцэл, ойлголцол байхад талаас мөнгө босгодог л байхгүй юу даа.  Гэтэл манайхан газар тариалан байхгүй бол гурилын үйлдвэр байхгүй, бизнес байхгүй бол банк байхгүй гэдгээ ойлгодоггүй. Үүнээс болоод Монголын бизнесийн хөгжил саараад байгаа хэрэг шүү дээ.

-Төр засгаас импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх үйлдвэрлэлийг дэмжинэ гээд байгаа. Таны хувьд Монголын төр засаг бизнес эрхлэгчдээ хэр дэмждэг гэж боддог вэ?

-Төр харахгүй, дэмжихгүй байна гэж бүгдийг харлуулж болмооргүй санагддаг. Асуудал гээнэ дээ  ч бий, гоондоо ч бий.  Монголчууд хоёр, гуравхан жилийн өмнө Эрээнээс л бараа зөөдөг байлаа. Харин өнөөдөр Эрээний наймаачид монголчуудыг царайчилдаг болсон байна. Монголоос Эрээн рүү гардаг машин ч цөөрсөн. Энэ бол монголчууд өөрсдөө юмаа үйлдвэрлэдэг, дотоодынхоо бүтээгдэхүүнээр зах зээлээ хангадаг болох анхны алхам гэж харж байгаа.  Урьд өмнө нь Эрээнээс цемент ачсан машинууд хил дээр гацаа үүсгэдэг байлаа шүү дээ. Зун болохоор Эрээнээс барилгын материал ачсан вагонууд ачааллаа даахгүй, хил дээр гацаа үүсч, үнэ нь өсдөг байсан юм. Одоо тийм юм алга. Гадагшаа гарч байсан хэдэн зуун сая доллар дотооддоо шингэдэг болж байна.  Дөрвөн жилийн өмнө монголчууд Эрээн рүү бүгдээрээ  явдаг байлаа. Ямар сайндаа л сар бүр тараадаг мөнгөөр Эрээн хөгжсөн гэсэн яриа  гарах вэ дээ. Харин одоо бид оймсоо, хүнсний ногоогоо өөрсдөөсөө хангадаг болсон. Ямар ч байсан импортыг орлох, экспортоо дэмжих бодлого алхам, алхамаар урагшилж байна. Гэхдээ бас цаашдаа  бодох юм их байна. Бүс нутгийнхаа эдийн засгийг төрөлжүүлэх хэрэгтэй санагддаг . Хуучин ярьдаг “Нэг сум нэг брэнд” гэж ярьдаг байсан шүү дээ.  Нэг сум бол нэг зүйлээрээ дагнана. Махны, сүүний, газар тариалангийн, жимс, жимсгэнийн, нарийн ногооны, аж үйлдвэрийн, аялал жуулчлалын гээд бүс нутгийн эдийн засгийг төрөлжүүлэх ёстой. Өнөөдөр сум болгонд оёдлын цех, аймаг болгон хиамны үйлдвэртэй боллоо. Энэ нь жижиг зах дээрээ томддог. Том зах зээл дээрээ жижигддэг.  Бүгдээрээ үйлдвэрлэгч болсноос зарим нэг нь ханган нийлүүлэгч болох ёстой шүү дээ. Том үйлдвэрүүддээ түүхий эдийг нь нийлүүлж өгдөг байх хэрэгтэй.  Тэгэхээр Монголд дагнасан үйлдвэр байгуулах, орон нутгийн  онцлогт нь тохирсон төрөлжсөн бизнес эрхлэлтийг хөгжүүлэх бодлого дутагдаад байгаа юм шиг надад анзаарагддаг.

-Уул уурхайн салбарт уналтад орсноор монголчууд нэг зүйлийг ойлгож авах шиг боллоо. Хос морьгүй бол хол явахгүй юм байна гэдгийг?

-Манай улстөрчид эдийн засгийг төрөлжүүлэх асуудлыг нэлээд ярьдаг болсон нь сайн хэрэг. Хүн байгаа цагт хүнс байж л таарна. Тийм болохоор хүнсний салбарын бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргах талаар том бодлого явуулах хэрэгтэй болсон. Уул уурхайн салбараас олсон мөнгөөрөө бусад салбартаа хөрөнгө оруулж, аялал жуулчлал, хүнс, хөдөө аж ахуйн томоохон үйлдвэрлэл бий болгох ёстой. Монголын хөрсөнд ургасан үр тариа ньч, үйлдвэрлэсэн гурил  нь ч чанартайд тооцогддог. Түүнийгээ Хятад руу экспортолж болно.  Хятадын жимсний дэргэд манай жимс ногоо эрүүл хөрсөнд ургаж байна. Үүнийгээ урагд хөршид нийлүүлж болно. Махаа түүхийгээр нь биш нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүн болгож Өвөрмонгол руу гаргах хэрэгтэй. Хүнсний салбараа дэлхийн зах зээлд өрсөлдөх  чадвартай болгомоор байна. Хямд өртгөөр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг болох хэрэгтэй. Га талбайгаас хурааж авах ургацынхаа гарцыг нэмэгдүүлэхэд анхаарах ёстой. Экспортод бүтээгдэхүүнээ гаргах гэж бүх үйлдвэрлэгчид тэмүүлдэг болмоор байна. Дотооддоо үнэ, ханшаар хэрүүл хийх биш, бүгдээрээ нийлээд гадагшаа өрсөлдөх, дэлхийд брэндээ гаргахаа л монголчууд хамгийн түрүүнд бодох цаг болж. Уул уурхайн бүтээгдэхүүн гэлтгүй хүнсний салбарын бүтээгдэхүүнийхээ гарцыг, бас нийлүүлэлтийг нэмэгдүүлэх ёстой л доо.  Дэлхийд гарахын тулд бизнесээ маш сайн төлөвлөх хэрэгтэй.  Социалист нийгэмд төр тав, арван жилээр төлөвлөгөөгөө гаргадаг байсан шиг хувийн хэвшлийнхэн бүр 10, 20 жилээр бизнесээ төлөвлөх шаардлагатай юм.

-Бизнес эрхэлдэг хүнд төлөвлөгөө хэрэгтэй гэж та хэллээ. Улс нь хөгжлийнхөө бодлогыг тав, арван жилээр төлөвлөж чадахгүй, өнөө маргаашаа бодсон бодлого хэрэгжүүлж байхад хувийн хэвшлийнхэн тэр урт хугацаанд бизнесээ төлөвлөж чадах уу?

-Бизнесээ урт хугацаагаар харж төлөвлөнө гэдэг ерөөсөө эрсдэлээс хамгаалах арга. Хуучин социализмын үед эдийн засгаа тав, арван жилээр төлөвлөдөг төлөвлөгөөний том комисс байлаа шүү дээ.  Бид төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт эдийн засаг рүү шилжихдээ төлөвлөлт гэдэг юмыг нь огт авалгүй хаячихсан. Үүнээс болоод улс орны эдийн засаг нь төлөвлөгөөгүй болчихсон.  Хятадын хөгжлийн нууц  нь төлөвлөгөөт эдийн засаг, чөлөөт эдийн засаг хоёрыг гайхалтай хослуулсанд байгаа юм шүү дээ. Гэтэл манайх чаж байна, засгаа огцруулангуут бодлого нь цуг огцордог байх жишээтэй. Бидэнд ямар ч төлөвлөлт алга. Айл гэрт ч, компаниудад ч, төр засагт төлөвлөлт, бас дахин төлөвлөлт үгүйлэгдэж байна.  Чөлөөт эдийн засагт төлөвлөгөө хэрэггүй гэж монголчууд ойлгож ирсний балаг одоо л харагдаж байна шүү дээ. Улс орны эдийн засаг нь мухардалд орлоо.  Төлөвлөлт зөвхөн эдийн засагт ч биш улс төр, нийгэмд боловсрол, эрүүл мэндийн салбарт хийгдэх ёстой. Улс гэлтгүй хувь хүн, айл өрх, компаниуд  бүгдээрээ мөнгө сайн олсон үедээ эрсдлээс сэргийлэх хуримтлалтай болмоор байна.  Төлөвлөлтийнг нарийн хийнэ гэдэг маань нөгөө Оюутолгой дээр яригдаад байсан олон хувьсагчийн тухай яриа шүү дээ. Бизнес эрхэлж байгаа аливаа улс орон, компани аль болох бизнесээ олон хувьсагчаар бодох ёстой. Жижиг эрсдэл гарвал яах вэ, том эрсдлийг яаж зохицуулах уу, дэлхийн зах зээлд ямар эрсдэл үүсэх вэ, ялангуяа Азийн зах зээлд юу болох вэ, хоёр хөршөөс  ямар бодлого хэрэгжүүлэх вэ, дэлхийн хямралыг яаж хохирол багатай туулах вэ, ашиг орлогын өөрчлөлтөд яаж нөлөөлөх вэ, улс төрийн хямрал үүсэх үү, үүслээ гэхэд хаанаас, ямар байдлаар гарч болох вэ, засгийн газар тогтвортой байх уу, технологийн дэвшил хэрхэн өөрчлөгдөх вэ гэх зэргээр   энэ бүхнийг тооцно гэдэг маш олон хувьсагчийг тооцож байна гэсэн үг.  Маш том, урт хугацааны  бизнесийг төлөвлөхдөө маш олон хувьсагчтай хийж байх ёстой. Энэ бол бизнесийн хууль.  Хувьсагч гэдгийг монголчууд тоглоом гэж ойлгоод байх юм.  Бизнест орж байгаа тоонуудын өөрчлөлт шүү дээ. Тоонууд хэдэн мянга, хэдэн зуугаар хувьсч болно.   Энэ болгоныг тооцож, олон хувьсагчаар бодож байж  эрсдэлээс , эдийн засгийн хямралаас хамгаалагдана гэсэн үг. Хувьсдаггүй юм гэж хаана ч байхгүй.

                                                                                                                    Ж.НЯМСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж