Дэлхий дахинаа хагас цэрэгжсэн болон армийн зохион байгуулалттай зэвсэгт бүлэглэлүүд олширч, тусгаар тогтнол, шашны үзэл баримтлал, салан тусгаарлах тэмцлийн төлөө цус урсгасаар. Аливаа улсын дотоодод өрнөсөн зөрчил мөргөлдөөн эсвэл олон улсыг хамарсан дайн аль нь ч байсан зэвсэгт тэмцлийн үр дүнд голдуу хүүхэд, эмэгтэйчүүд хохирч байна.
Аливаа зөрчил мөргөлдөөн, дайны гарз хохирлын 80 орчим хувийг хүүхэд эмэгтэйчүүд эзэлж, 40 сая хүн орон гэрээсээ дүрвэн амьдарч байна. Шашны мунхралд автсан зэвсэгт дайчид битгий хэл хөгжингүй орны мэдлэг боловсролтой энхийг сахиулагчид хүртэл хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг дайны гэмт хэрэг, хүчирхийлэл үйлдэх нь элбэг.
Баруун болон Төв Африкийн олон оронд аюул заналхийлж буй “Боко Харам” зэвсэгт бүлэглэл олон зуун охид, эмэгтэйчүүдийг хулгайлж боол болгон худалдаж, хүчээр богтолж байхад Ойрх-Дорнодод хүч нөлөө нь нэмэгдсээр буй “Исламын улс” бүлэглэл “секс-жихад” нэрийн дор охид, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгт оруулж байна.
Түүнчлэн хүүхдүүдийг цэргээр элсүүлж, амиа золиослогч болгосон тоо баримт бишгүй. НҮБ-аас гаргасан судалгаагаар дэлхий дээр нийт 300 мянга орчим хүүхэд цэрэг, дайны үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоор байгаа бөгөөд тэдний 40 хувь нь охид байдаг гэжээ.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд зөрчил мөргөлдөөн, дайны хөлд хоёр сая хүүхэд амь эрсдэж, 4.5 сая хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болж, 12 сая нь эцэг эхийн хамт дүрвэн амьдарч байна.
Тухайлбал, Афганистанд зөвхөн энэ 2015 оны эхний хагаст л гэхэд 5000 орчим энгийн иргэн амь үрэгдэж, гэмтэж шархтжээ. Афганистанд АНУ тэргүүтэй орнууд дайн хийж байхад үүнээс ч олон энгийн иргэдийн цус урссан. Мөн Сирийн иргэний дайнд амь үрэгдсэн хүмүүсийн 25 орчим хувь нь хүүхэд, эмэгтэйчүүд эзэлж байна. Сирийн иргэний дайнтай зэрэгцэн исламын хэт даврагчдын харгислал, “Исламын улс” бүлэглэлийн эсрэг олон улсын агаарын цохилт зэрэг нь энэ орны нөхцөл байдлыг хар дарсан зүүд мэт болгож байна.
Агаарын бөмбөгдөлтөд өртөх магадлал хүүхэд, эмэгтэйчүүдэд гурав дахин, газрын тэсрэх бөмбөгт өртөх магадлал хоёр дахин өндөр байх аж.
Б.АНХТУЯА