Лорета Самерскейлс: Нэг удаа &#34Жизель&#34-ийн туслах дүрд тоглосон

Хуучирсан мэдээ: 2015.06.11-нд нийтлэгдсэн

Лорета Самерскейлс: Нэг удаа &#34Жизель&#34-ийн туслах дүрд тоглосон

Лорета Самерскейлс: Таван жилийн хугацаанд нэг удаа "Жизель"-ийн туслах дүрд тоглосон

Францын алдарт хөгжмийн зохиолч А.Адамын “Жизель” хайр дурлалын эмгэнэлт бүжгэн жүжгийг Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглох гэж байна. Энэхүү шинэчилсэн тавилтын гол дүрд ДБЭТ-ын тэргүүн гоцлооч Отгонбямбын Ганцоож, Английн үндэсний балетын гоцлол бүжигчин Лорета Самерскэйлс нар тоглох юм.

 

Английн Үндэсний балетын компанийн бүжигчин Лорета Самерскейлстэй ярилцлаа.

-“Жизель” балетад тоглох урилгыг аваад таньд ямар санагдаж байсан бэ? Монголд ирэх ямар байна вэ?

-Би Английн үндэсний балетын нэгдүгээр гоцлоочоор ажилладаг. Монголд анх удаа ирж байгаа ч сэтгэл маш өндөр байна.Эхлээд би сайн ойлгоогүй. Монголоос надад урилга ирсэн гэхэд итгэлгүй байлаа. Дараа нь О.Ганцоож холбогдож, надад бүгдийг тайлбарлаж өгсөн. Энэ юуны төлөө хийж байгаа вэ, яагаад ийм жүжгийг тавих болов гэдгийг сайн ойлгуулсан. Тэгээд би их баярласан, бас айж эхэлсэн шүү. Харин энэхүү боломжийг алдах ёсгүй юм байна гэдгийг мэдэрсэн.

-Таныг Монголд тоглох саналыг театрын найруулагч тань хэрхэн хүлээж авсан бол?

-Би урилга авчихаад хэсэг хугацаанд эмээсэн шүү. Яагаад гэхээр театрын найруулагч маань надад чөлөө өгөх болов уу. Миний энэ боломжийг хэр хүлээж авах бол гэсэн айдас байсан. Харин надад маш итгэлтэй явах зөвшөөрлийг өгсөн. Тиймээс удахгүй Монголын үзэгчидэд “Жизель” бас нэгэн шинэчилсэн хувилбарыг тавих гэж байна. Мэдээж О.Ганцоожтой бүжиглэх боломжийг олгосонд баярлаж байна.

-Монголын театрын тайзнаа “Жизель”-д тоглох урилгыг авч байсан таны хувьд БНХАУ-д тоглож байсан гэсэн. Хичнээн орноор аялан тоглолтыг хийгээд байна.

-Манай театрын хамт олон БНХАУ-д бүтэн сарын хугацаатай тоглолтоор явж байсан. Яг тэр үед урилга ирсэн. Магадгүй их ойр явж байсан болоод ч тэрүү хурдан очмоор санагдаж билээ. Би Хятадад сарын турш тоглолттой байсан болохоор их ядарч байсан. Гэвч бас хурдан нутагтаа очиж, энэхүү дүрдээ орох гэж их тэмүүлсэндээ. АНУ, БНХАУ, Сингапур, Испани, Куба. Харин одоо танай улсад тоглох гэж байна. Тэгэхээр би зургаа дахь орондоо тоглох гэж байна.

-Монголын талаар ямар төсөөлөлтэй байсан бэ?

-Би танай орны тухай интернэтээр судалж байсан. Харин өвөлдөө их утаатай гэж сонсож билээ. Тэгээд сая ирэхэд үнэхээр гайхсан. Зуны улирал эхлээд сэрүүхэн байгаа ч миний төсөөлж байснаас өөр орчин угтлаа. Анхны сэтгэгдэл надад их урам өгсөн. Бас хөх тэнгэрийг хараад их сайхан байлаа. Танай орны хүмүүс үнэхээр найрсаг юм. Театрын уран бүтээлчдийн тэр сайхан хүндлэлийг хараад би баяртай байна. Үнэхээр санаа тавьж байгаад би талархаж байна. Би олон орны театрын тайзан дээр тоглож, маш олон хүмүүстэй уулзаж байлаа. Гэхдээ танай театрын хамт олон, монголчуудын нөхөрсөг сэтгэл надад илүү халуун дулаан энергийг өгч байна. Намайг урьсанд талархлаа.

-Та хэдэн жил валетаар бүжиглэж байна вэ?

-Мэргэжлийн балетаар таван жил бүжиглэж байна. Харин анх гурван настайгаасаа эхлэн тогших бүжгийг бүжиглэж эхэлсэн. Тэгээд таван настайгаасаа балетаар хичээллэж эхэлсэн.

-Та театрынхаа тайзан дээр “Жизель”-ийн дүрд тоглож байв уу?

-Би таван жилийн хугацаанд ганцхан удаа “Жизель” балетад тоглосон. Анхны жилдээ тоглож байсан болохоор их туршлага багатай байсан учраас туслах дүрд тоглож байсан. Харин энэ жил “Жизель” манай тайзнаа тоглогдоно. Тиймээс гол дүрд тоглохыг хичээж байгаа. Одоо бол мэдээж надад Монголын тайзан дээр Жизелийг тоглоод туршлагатай боллоо.

-Та хамтран бүжиглэх О.Ганцоожын талаар юу хэлэх вэ?

-Тэр бол маш чадварлаг бүжигчин. Бид Английн Үндэсний Балетын компанийн мэргэжлийн сургуульд сурч байсан. Тэр үед О.Ганцоож манай дээд ангийн оюутан байсан. Суралцаж байх хугацаанд бид байнга хамт бэлтгэл сургуулилт хийдэг байлаа. Нэг удаа бүжгэн жүжигт хамт тоглож байсан юм байна. Зургаан жилийн дараа түүнтэй дахин уулзаж байна. Бид оюутан байх хугацаанд найзууд байсан одоо ч найзууд хэвээр. Монголд ирээд их сэтгэл өндөр байна.

-“Жизель” Монголд олон удаа тоглогдсон. Харин та Монголын бүжигчдийн бүжиглэж байсан туршлагаас харж чадав уу?

-Энэхүү балет орон бүрт янз бүрийн хувилбартай байдаг. Англи, Америк, Монгол гэх мэт. Би судлахыг их хичээсэн. Харин Монголын балетын бүжиглэсэн хувилбар байгаагүй. Тэгээд О.Ганцоожоос тусламж аваад ОХУ-ын бүжигчдийн бүжиглэсэн бичлэгийг үзсэн. Мэдээж би үүнд нилээн бэлтгэсэн болохоор их хичээж байна.

Дашрамд дуулгахад, Алдарт “Жизель” балетын цомнолыг хуримлаж амжилгүй нас нөгчсөн охидын сүнсний тухай эрт урьдын домгоос сэдэвлэсэн бүтээсэн бөгөөд  анхлан 1841 оны зургадугаар сарын 28-нд Парис хотод тоглосон бол Монголын сонгодог урлагийн тайзнаа 1979 оны арванхоёрдугаар сарын 22-нд тоглож байжээ.

Ирэх баасан гаригт буюу зургадугаар сарын 12-ны 19.00 цагаас Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа Монголын балетын залуу од О.Ганцоож, Английн Үндэсний Балетын гоцлол бүжигчин Лорета Самерскэйлс нар энэхүү балетыг шинэчилсэн тавилтаар тоглох гэж байна.

Ч.БОЛОРЧУЛУУН

“Жизель” балетын бэлтгэлийн фото агшнаас: (Архив, 2015 он III сар. фотог Б.АРИУНБОЛД)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж