Дарга онгоц саатуулах эрхгүй

Хуучирсан мэдээ: 2011.06.15-нд нийтлэгдсэн

Дарга онгоц саатуулах эрхгүй

Онгоцны нисгэгч од болж байна. Эрхүүгээс Москвагийн чиглэлд нисэж явсан “Аэрофлот” компанийн нэгэн онгоцны ахмад Андрей Литвинов Оросын цахим хуудсууд, ялангуяа блогуудын гол сэдэв болон, нэрд гарч байна. Онгоц хөөрөхөд бэлэн болчихсон байхад ахмадын нислэгийн удирдлагын төвтэй хийсэн яриа түүнийг ийнхүү алдаршуулав. Тэр юу гэж ярьсан бэ?


-Намайг төвтэй холбоо барь гэж хэллээ. Юу болоов?


-Өндөр албаны нэг хүн наад онгоцонд чинь суух хэрэгтэй байна. Түүнийг суусны дараа л хөөрөх зөвшөөрөл өгнө дөө.


-Тэр даргыгаа хувийнхаа онгоцоор нис гэж хэл л дээ. Би харин зорчигчдоо аваад нислээ. Энэ чинь хувийн захиалгат нислэг биш. Хуваарьт нислэг. Тэр даргыгаа битгий хоцор гэж хэл. Тэгвэл аваад нисэж болох л юм. Ер нь ч тэгээд би хаалга үүдээ хаачихсан байна. Одоо хэнийг ч оруулахгүй.


-Бид танд хөөрөх зөвшөөрөл өгөхгүй.


-Тэгвэл хэвлэлийнхнийг дуудаж хуваарьт нислэг яагаад хоцорч байгааг хэлдэг юм бил үү?


Ийм яриа болжээ. Гэхдээ л дарга санасандаа хүрч, онгоц нэг цагаар хоцрон нисжээ. Тэр дарга нь хэн байв аа? Эрхүү мужийн амбан захирагч Дмитрий Мезенцев.


“Зоригтой эр. Ийм хүмүүсийг хүндлэх хэрэгтэй. Ер нь нисгэгчийг амбан захирагчаар тавьбал яасан юм бэ” гэх зэргээр цахим хуудсуудад ахмадын тухай бичиж байна. Харин ноён амбан захирагч “Би зорчигчдоос уучлалт хүссэн. Яагаад хоцорсноо ч тайлбарласан” хэмээн “Известия” сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байна. Энэ явдлаас болж тэрбээр нэлээд хэл аманд өртөөд байгаа юм. “Би зөвхөн хуваарьт нислэгээр л аялдаг. Мужийн захирагч болоод хоёр жил гаруй болж байгаа ч хэзээ ч хувийн онгоц хөлөглөж байгаагүй” хэмээн тэрбээр мөн тайлбарлав. Захирагч бас ахмадтай утсаар ярин уучлал хүсэж, хамтдаа цай ууж ярьж суухыг урьсан гэнэ.



 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж