Монголчууд өнөөдөр “Голомт” банкнаас санаачлан хэрэгжүүлж буй “Үндэсний хуримтлал хөтөлбөр”-ийн үнэ цэнийг ойлгоод эхэллээ. Зарим иргэд “Гэр бүлийн хуримтлал” гэж ч ярьцгааж байна. Аль нь ч бай хамаагүй, хамгийн гол нь “Гэр бүлийн хуримтлал” гэдэг чинь гэнэтийн их, бага эрсдэлээс хамгаалах хамгийн ойрын туслах юм байна гэдгийг иргэд ойлгож эхэлсэнд үнэ цэн нь оршиж байна. Америкчууд нэг хэсэг хуримтлалаа эрс багасгаж эхэлжээ. Гэтэл 2007-2008 оны санхүүгийн хямралын үед америкчуудын 75 хувь нь зургаан сарынхаа хэрэглээний ч хуримтлалгүй сууж, гэнэтийн зүйл тулгарахад санхүүгийн ямар ч бэлтгэлгүй байгаагаа яс махандаа шингэтэл ойлгосон гэдэг. Ингэж баларсан америкчуудын гэр бүлийн хуримтлал өнөөдөр эрс нэмэгдсэн байна. Гэхдээ тэд хөдөлмөрлөж байгаа насан дээрээ яаж ийж байгаад хуримтлал бий болгохгүй бол идэвхтэй амьдрах нас буурч, тэтгэврийн насанд хүрэхэд ажиллах жилээ сунгах эсвэл амьдралын доод түвшнээр мөнгөгүй амьдарсаар дуусах хоёр сонголттой үлддэгээ мэдэрч ойлгожээ.
Хувьдаа хуримтлал бий болгож чадаж байгаа нь өөрөө иргэн хүний амьдралын зөв хэмнэл юм байна. Ялангуяа зах зээлийн нийгэмд. Тэр нь юугаар тодорхойлогддог гэхээр орлогоосоо ямар хэмжээгээр аль сагсанд хийх вэ гэдгээ ямагт тооцож байхыг ирж байгаа цаг хугацаа хүмүүст ойлгуулж байна. Энэ нь Монголд бол “Голомт”-оос өрнүүлсэн “Үндэсний хуримтлал” бий болгох нийгмийн хөдөлгөөн юм. Хуримтлал багаддаггүй. Таны жилийн туршид сар бүр хуримтлуулсан 50 000 төгрөг жилийн эцэст 600 000 төгрөг болно. Энэ хуримтлалаараа өвдлөө гэхэд хүнээс эм тарианы мөнгө гуйхгүй. Аялалд явлаа гэхэд Монголын аль ч өнцөг буланд хүрэх зардал. Арга ядлаа гэхэд сургалтын төлбөрөө төлчихнө. Бичил төслийн санхүүгийн эх үүсвэр яагаад болж болохгүй гэж. Намар навчис шаргалтах цагаар хэдэн хүн хөлслөөд гудамжинд унасан модны шар навчсыг түүж хэдэн зуугаар нь шуудайлан даршлаад хавар гаргахад үхрийн аж ахуйд хамгийн сайн тэжээл болдог наад захын жишээ байна. Энэ мэтээр сэтгэвэл Монголд 600 000 төгрөгөөр эхлүүлчих бичил бизнесүүд, төслүүд захаас аваад бий. Бизнес хийе гэвэл ийм л боломжуудын эхлэл нь өөрөө “Үндэсний хуримтлал” гэж эдийн засагчид ярьж, бичиж, дэмжиж байна. “Голомт” ч өөрөө үүнийг сайтар зохион байгуулж байна.
Гэхдээ хуримтлалаараа заавал бизнес хийх гээд байх ч шаардлагаггүй. Энэ цаг үе өөрөө эрсдэлтэй байна. Гэр бүл, өрхийн хуримтлал гэнэтийн эрсдэлийн үед аварна гэдгийг ямагт тооцох цаг үе монголчуудад ирчихээд байна. Өнөөдөр 100 мянга байтугай зуун төгрөг ч олоход бэрх үе. Ийм үед та яаж ийж байгаад орлогоосоо 50 мянгыг хуримтлалдаа хийгээд нэг жил яваад үз. Ядарсан үед аваад хэрэглэх хэдэн төгрөгийн хуримтлал бий дээ гэж бодохоор ямарч хүн өөртөө бага ч гэсэн итгэлтэй болдог. Ийм итгэлтэй болохын тулд иргэн хүн Та өдөр бүхэн заавал хоол иддэг хэмнэл зуршилтай байдаг шиг сар бүр 50 мянган төгрөг хийхээр банк руу ханддаг зуршилтай болчих хэрэгтэй. Амьдралдаа ийм зуршилтай болчихвол амьдралын тань хамгийн зөв хэмнэл болно. Иргэн хүний эрүүл мэнддээ анхаарсан зөв зуршил байдаг даа. Өглөө босч гүйж ирээд, зөгийн балтай ус уугаад, дараа нь өндөг иддэг… гэхчлэн эрүүл мэнд талаасаа өглөөнөөс орой хүртэл маш зөв зуршлаар яваад сурчихсан эрүүл саруул, цог хийморьтой хүмүүс байдаг шиг хүн бүр ажил амьдралынхаа хэмнэлд орлогоосоо заавал хуримтлал руугаа мөнгө хийдэг эдийн засгийн зөв зуршилтай болчихвол тэгээд л зөв, эрсдэлгүй амьдрал. Жишээ нь Хятад хүнд гурван түрийвчний бодлого гэж байдаг. Орлого олж байгаа ямарч хятад хүнд гурван түрийвч бий. Нэгдүгээрт нь бидний яриад байгаа “Үндэсний хуримтлал” болох хувийн хадгаламжиндаа тодорхой хэмжээний мөнгөө хийдэг. Нөгөөд нь өөртөө болон гэр бүлдээ гэхчлэн зайлшгүй зарцуулах ёстой мөнгөө хийнэ. Гурав дахь түрийвчиндээ ямар нэг жижиг бизнес, төсөл, зээлд зориулсан мөнгөө хадгалдаг. Ингэж чадсанаараа өнөөдөр урд хөршийн хувийн хуримтлал Засгийн газар, бизнесийнхнээс илүү гарчээ. Түүгээр ч зогсохгүй, Хятадын дундаж өрх орлогынхоо 30 хувийг хуримтлуулдаг нийгмийн зүй тогтол бий болж дэлхийд хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Том үр дүнгээрээ бол Хятад дэлхийн хоёр дахь зах зээл болчихоод байгаа юм. Тэд чадаж байхад бид яагаад чадахгүй гэж.
Монгол улсын нэг өрх сарын хүнсний хэрэгцээндээ 289 мянган төгрөг зарцуулдаг байна. Мөн цахилгаан, нийтийн тээвэр… гэхчлэн бусад зардлууд гарна. Энэ бүгдийг тооцоод, тэвчиж болох зардал нь 123 орчим мянган төгрөг байгаа юм. Ингэхээр цаана нь 73 мянга нэг зуун төгрөгийг сар болгон хадгалах цэвэр нөөц боломж байна. Энэ нь нэг өрхийн сарын орлогын ердөө зургаан хувь гэсэн үг. Гэтэл орлого өсөхийн хэрээр хэрэглээ өсөх хандлага Монголд илүү ажиглагдаж байна. Өнөөдрийн хямралтай үед үүндээрээ л нарийн тооцоотой амьдарчих. Тэгэхэд л танайх “Голомт” банкнаас санаачилсан “Үндэсний хуримтлал”-д нэгдлээ гэсэн үг.
Mанай улсад 820 мянга орчим айл өрх байгаагийн 760 мянга нь хуримтлалгүй гэсэн статистик мэдээг бид олонтой сонсож байна. Хэрэв гурван өрх тутмын нэг нь яг өнөөдрөөс эхлэн сар бүр тогтмол 50 мянган төгрөгийг хуримтлуулж зуршвал 10 жилийн дараа айл өрх бүр 13 сая төгрөг, улс орон 3.3 их наяд төгрөгийн хуримтлал үүсгэх судалгааг хэвлэл мэдээллээс бид олонтой харж байна. Өнөөдөр арилжааны банкны хадгаламж жилийн 15-18 хүүтэй байна. Энэ нь таны хадгалуулсан мөнгө жил тутамд 20 хувиар өснө гэсэн үг. Мөнгөө банкинд хадгалах нь хамгийн эрсдэлгүй, найдвартай арга. Та аль ч банкинд мөнгөө хадгалуулсан таны 20 сая хүртэлх мөнгөн хадгаламж Хадгаламжийн даатгалын корпорацийн даатгалаар хамгаалагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, банкууд харилцагч бүрийнхээ өмнөөс 20 сая хүртэлх мөнгөн хадгаламжийг даатгалд хамруулсан учраас аливаа эрсдэл учирсан тохиолдолд харилцагч бүр банкинд хадгалуулсан мөнгөн хадгаламжаа эргүүлэн авах боломжтой. Бас нэг онцолмоор онцгой боломж байгаа нь “Голомт” банк иргэдэд хуримтлалтай болоход нь туслах үүднээс сар бүр тогтмол хуримтлал үүсгэж чадсан иргэн бүрт жилийн эцэст 20 хувийн урамшуулал олгохоор болсон явдал юм. “Голомт” ингэж чадаж байгаа юм чинь бусад санхүүгийн байгууллагууд ч чадна гэсэн үг. Ийм л боломж нөхцөлүүд бидний өмнө байна. Үүнийг одоо ашиглая, тэгээд бүгдээрээ санхүүгийн эрсдэлгүй амьдарцгаая.
ЭХ СУРВАЛЖ: "ӨДРИЙН СОНИН"