УИХ-ын дарга “Авлигын эсрэг санаачилга”-ын бүс нутгийн семинарт оролцов

Хуучирсан мэдээ: 2015.11.19-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга “Авлигын эсрэг санаачилга”-ын бүс нутгийн семинарт оролцов

УИХ-ын дарга “Авлигын эсрэг санаачилга”-ын 13 дахь удаагийн бүс нутгийн семинарын нээлтэд оролцов

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.11.19/ Ази-Номхон далайн орнуудын “Авлигын эсрэг санаачилга”-ын 20 дахь удаагийн Удирдах зөвлөлийн уулзалт, 13 дахь  удаагийн бүс нутгийн семинарын нээлтэд оролцов.

Улсын Их Хурлын дарга тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурал 1996 онд Авлигын эсрэг хуулийг баталж, Монгол Улс авлигын асуудлыг төрийн бодлогын түвшинд авч үзсэн. 2005 онд Монгол Улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдэж, 2006 онд Авлигын эсрэг  хуулиа  шинэчлэн баталж өнөөдрийг хүртэл мөрдөж байна. Мөн 2011онд Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай, 2012 онд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, 2014 онд Шилэн дансны тухай, 2015 онд Захиргааны ерөнхий хуулийг тус тус баталсан. Ингэснээр авлигатай тэмцэх хууль эрх зүйн орчин улам боловсронгуй болж байна. Авлигын гэмт хэргийг илрүүлэх хүрээнд бус нутгийн хэмжээнд хамтран ажиллах хууль сахиулах байгууллагуудын сүлжээ байгуулах томоохон санаачилгын эхлэл тавигдах гэж байгаад баяртай байна. Авилгын гэмт хэрэг улс орон, бүс нутгаар хязгаарлагдахгүй өргөн хүрээг хамарч, гэмт үйлдлийн арга зам нь улам нарийсч байгаа үед энэ санаачлага цаг үеэ олсон чухал алхам гэж үзэж байна гэлээ. Мөн Монгол Улс авлигагүй, шударга ёсыг бэхжүүлэх үйлсэд олон улс, бүс нутгийн   хүрээнд хамтран ажиллах хүсэл зориг, хүчин чармайлтдаа ямагт тууштай байж,  авлигаас үр дүнтэй урьдчилан сэргийлж, тэмцэхэд иж бүрэн, олон талт хандлагыг  хүлээн авч, ажиллахад бэлэн байгааг илэрхийлээд, семинарын үйл ажиллагаанд амжилт хүсэв.

Авлигатай тэмцэх газар, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага хамтран Ази-Номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгын 13 дахь удаагийн бүс нутгийн семинарыг зохион байгуулж байгаа юм. Тус арга хэмжээнд гишүүн 31 орны  төлөөлөгчид, ажиглагч орон болон тус санаачилгын Зөвлөх хорооны гишүүд оролцож байгаа аж.

Энэ үеэр Ази-Номхон далайн бүс нутаг дахь авлигын гэмт хэрэгтэй тэмцэх цогц шийдлийг эрэлхийлж байгаа бодлого боловсруулагч, хууль тогтоогч, хууль сахиулагч, иргэний нийгэм болон хувийн хэвшлийн төлөөлөлд зориулсан “Хөгжлийн төсөл, хөтөлбөрүүд дэх авлигатай тэмцэх үйл ажиллагаа” сэдэвт хуралдаан зохион байгуулна. Мөн хөгжлийн төсөл, хөтөлбөрүүд дэх авлигтай тэмцэх стратеги, тулгарч буй саад бэрхшээлийн талаар хэлэлцэж, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг авлигаас ангид байлгах, шаардлагатай санхүүжилтийн хүрэх ёстой эзэнд нь хүргэх талаар оролцогч талууд туршлага солилцоно.


“Авлигын эсрэг санаачилга”-ын 13 дахь удаагийн бүс нутгийн семинарыг нээж УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үг

Азийн Хөгжлийн Банкны  дэд ерөнхийлөгч, ноён Дивакар Гупта
    Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын ЕНБД ноён Ангел Гурриа
    НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Бити Транкман
    Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Юуны өмнө Азийн хөгжлийн банк, Эдийн засаг хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Ази-Номхон далайн орнуудын “Авлигын эсрэг санаачилга”-ын 20 дахь удаагийн Удирдах зөвлөлийн уулзалт, 13 дахь  удаагийн бүс нутгийн семинарыг Монгол Улсад зохион байгуулах нөхцөл бололцоо олгож, дэмжлэг туслалцаа үзүүлсэн олон улсын байгууллага, энэхүү санаачилгын гишүүн орнуудад монголчуудын өмнөөс, Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье.

Ази-Номхон далайн бүс нутаг дахь авлигын эсрэг хамтын ажиллагаанд  Монгол Улс нэгдэн орсон цагаас хойш гишүүн орны хувьд  нийгмийн тогтвортой байдал, шударга ёсыг сулруулахын эсрэг нэгдэж, дуу хоолойгоо өөрийн төлөөллөөрөө дамжуулан хүргэсээр ирсэн билээ.

Монгол Улсын Их Хурал 1996 онд Авлигын эсрэг хуулийг баталж, Монгол Улс авлигын асуудлыг төрийн бодлогын түвшинд авч үзсэн. 2005 онд Монгол Улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдэж, 2006 онд Авлигын эсрэг  хуулиа  шинэчлэн баталж өнөөдрийг хүртэл мөрдөж байна. Мөн 2011онд Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай, 2012 онд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, 2014 онд Шилэн дансны тухай, 2015 онд Захиргааны ерөнхий хуулийг тус тус баталсан. Ингэснээр авлигатай тэмцэх хууль эрх зүйн орчин улам боловсронгуй болж байна.

Энэ бүхний үр дүнд Монгол Улс жилээс жилд олон улсын болон дотоодын судалгаагаар авлигатай амжилттай тэмцэж байгаа орнуудын жагсаалтад багтаж тодорхой ахиц дэвшил гарч байна. Гэхдээ авлигатай тэмцэх үндэсний оновчтой тогтолцоог бүрдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр шинэлэг алхмууд хийх хэрэгцээ байсаар байна.

Авлигын гэмт хэргийг илрүүлэн шалгахын зэрэгцээ авилгаас урьдчилан сэргийлж тэмцэх арга хэмжээг илүү үр ашигтай, үр дүнтэй хэрэгжүүлж,  төрийн үйл ажиллагааг ил тод нээлттэй, хариуцлагатай болгох нь чухал ач холбогдолтой юм. Тийм ч учраас Монгол Улс төрийн байгууллагын үйл ажиллагаа, нийтийн албан тушаалтны ёс зүйд тавигдах шаардлагыг өндөржүүлж, хариуцлагын тогтолцоог оновчтой болгоход түлхүү анхаарч, хууль эрх зүйн орчинг  тогтвортой бүрдүүлэхийг зорьж байна.

Бид авлигатай тэмцэх үйл ажиллагаандаа олон улсын байгууллагын  мэргэжлийн Шинжээчдийн  өгч буй үнэлгээ, зөвлөмжид анхаарлаа хандуулж, алдаа оноогоо олж харах, ахиц дэвшил гаргах, боломж нөөцдөө түшиглэж зөв зүйтэй гарцыг эрэлхийлж ажиллахыг эрхэмлэдэг. Тийм ч учраас миний бие Монгол Улсад хоёр өдөр үргэлжлэх “Авлигын эсрэг санаачилга”-ын 20 дахь удаагийн Удирдах зөвлөлийн уулзалт, 13 дахь  удаагийн бүс нутгийн семинарын үеэр хөгжлийн төсөл хөтөлбөрүүд дэх авлигатай тэмцэх үйл ажиллагааны талаар тусгайлан ярилцахаар төлөвлөсөнд  талархаж байна. Яагаад гэвэл  энэ семинарын явцад ололт амжилтын туршлагааа хуваалцахын хамт тулгарч буй саад бэрхшээлийг даван туулах гарц, авлигын гэмт хэрэгтэй тэмцэх цогц шийдлийг олоход зохих хувь нэмрээ оруулна гэдэгт эргэлзэхгүй байна.

Авлигын гэмт хэргийг илрүүлэх хүрээнд бус нутгийн хэмжээнд хамтран ажиллах хууль сахиулах байгууллагуудын сүлжээ байгуулах томоохон санаачилгын эхлэл тавигдах гэж байгаад баяртай байна. Авилгын гэмт хэрэг улс орон, бүс нутгаар хязгаарлагдахгүй өргөн хүрээг хамарч, гэмт үйлдлийн арга зам нь улам нарийсч байгаа үед энэ санаачлага цаг үеэ олсон чухал алхам гэж үзэж байна.

Монгол Улс авлигагүй, шударга ёсыг бэхжүүлэх үйлсэд олон улс, бүс нутгийн   хүрээнд хамтран ажиллах хүсэл зориг, хүчин чармайлтдаа ямагт тууштай байж,  авлигаас үр дүнтэй урьдчилан сэргийлж, тэмцэхэд иж бүрэн, олон талт хандлагыг  хүлээн авч, ажиллахад бэлэн байна.

Та бүхний семинарын үйл ажиллагаанд амжилт хүсч, оролцогч талууд авилгын эсрэг тэмцэлд бүс нутгийн хэмжээнд идэвхтэй, үр дүнтэй хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж