Жүдочид Чиндаог зорилоо

Хуучирсан мэдээ: 2015.11.19-нд нийтлэгдсэн

Жүдочид Чиндаог зорилоо

Хятадын Чиндаод олимпийн эрхийн оноо олгох уламжлалт гранпри тэмцээн болох гэж байна. Маргааш эхлэх тус тэмцээнээр Зүүн Азид болдог цуврал тэмцээн эхэлж байгаа юм. Тодруулбал, Чиндаогийн гранпригийн дараа Чэжүгийн тэмцээн манай тамирчдыг хүлээж байна. Харин Монголын жүдочдын оролцох энэ оны сүүлчийн тэмцээн нь ирэх сарын 2-нд болох Токиогийн “Их дуулга” юм. Дээрх гурван тэмцээний дараа олон улсын жүдо бөхийн холбооноос жүдочдын чансааг шинэчлэн гаргах бөгөөд энэ нь ирэх оны нэгдүгээр сард буурал тивд болох цуврал тэмцээний дараа өөрчлөгдөнө. Чиндаогийн тэмцээнд манай улсаас 19 тамирчин оролцохоор өчигдөр урд хөршийг зорилоо. Багийн бүрэлдэхүүнд гавьяат тамирчин Д.Амартүвшин, Г.Болдбаатар, С.Ням-Очир, М.Бундмаа, олон улсын хэмжээний мастер Ц.Наранжаргал, Ц.Цэрэннадмид нар багтсангүй. Эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жинд Ц.Цогтбаатар, Г.Хэрлэнгийн хамт өрсөлдөнө. Харин 66 кг-д олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг, Б.Батгэрэл барилдах бол 73 кг-ын жинд залуу тамирчин Н.Хадбаатар Чиндаогийн татамид зодоглох нь. 81 кг-д О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн, 90 кг-д Л.Отгонбаатар, -100 кг-д хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр нар тус тус өрсөлдөнө. Тэгвэл эмэтэйчүүдийн багийг гавьяат тамирчин М.Уранцэцэг, олон улсын хэмжээний мастер А.Цолмон, Б.Балжинням, Д.Сумъяа, А.Батзул, Ц.Мөнхзаяа, Б.Мөнгөнчимэг, П.Лхамдэгд, О.Жавзмаа нар бүрдүүлжээ. Дашрамд сонирхуулахад, Японы Токио хотод болох “Их дуулга” тэмцээнд дээрх бүрэлдэхүүнд бага зэрэг өөрчлөлт орж магадгүй ажээ.

Б.МӨНХЗУЛ

ЭХ СУРВАЛЖ: “ҮНДЭСНИЙ ШУУДАН” сонин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж