&#34Норвегийн ой&#34 хэмээх анхны хайрын дууль

Хуучирсан мэдээ: 2015.11.19-нд нийтлэгдсэн

&#34Норвегийн ой&#34 хэмээх анхны хайрын дууль

Японы нэрд гарсан зохиолч Харуки Муракамигийн “Норвегийн ой” романыг өнгөрсөн хавар, зунжингаа ширээний ном болгон үзэв. Хэдэн арав дахин уншиж судлав. Тэгсээр энэ зохиолын талаар өөрийн сэтгэгдэлтэй болсноо уншигчдад хүргэхийг хүслээ. Зүгээр нэг байдаг л ном биш, дэлхийн олон улс оронд орчуулагдаж, сая сая уншигчдад хүрсэн ном болохоор нэг юм бичмээр санагдсан хэрэг. Өгүүллээ бичихийн тулд Битлз хамтлагийн “Norwegian wood” дууг хэдэнтээ сонсов. Саймон, Гарфанкель хоёр ч бүр уянгалаг дуулсан байдаг. Дал, наяад оны хүүхэд залуус чухам Битлзээр “өвчилж” өссөн тул энэ дууг тэр үеэс л сонсч байсаан. Харин өнөөдөр ингэж бусдын зохиолыг уншихын тулд Битлзийг сонсч суугаа минь гайхалтай биш гэж үү. Үнэндээ бол Харуки Мураками энэ романаа “Норвегийн ой” дууны нэрээр нэрлэсний учрыг олж харах гэж тэр. Энэ номын ингэж ихээр хүнд хүрсэн увьдас чадал, онцгой нууц чухам юундаа байгааг олж мэдэх гэсэндээ тэр. Бас Тайбэй хотын “Eslite” номын хотхоноос англи хэвлэлийг нь авч үзлээ. “Eslite” бол дэлгүүр гэхээсээ илүү, ном сэтгүүл, дуу хөгжим, идэш ууш, хувцас хунар, соёлын бараа гээд бүх төрлийн үйлчилгээ, худалдаа байдаг, олон давхар, маш том цогцолбор л доо. Өдөр шөнийн хорин дөрвөн цагт нээлттэй байдаг тэнд хэзээ ямагт хүн дүүрэн, танхимд өрөөстэй сандлуудад ном бариад тухалсан, эсвэл хүүхэд багачууд шалан дээр сууж, хэвтэн ном шагайсан, номонд умбасан дүр төрх байнга. За ингээд элдэв юм нуршилгүйгээр энэ номын талаар үнэлж дүгнэхийг оролдьё.

Роман хайр дурлалын сэдэвтэй, хөнгөн хялбар өгүүлэмжтэй, яг л дурсамж, дурдатгал маягийн энгийн зохиол. Гэхдээ л энэ ном хэвлэгдэн гарсан 1986 оноос хойш өнөөг хүртэлх энэ олон жилийн хугацаанд олон орны сая сая уншигчдыг байлдан дагуулсаар ирсэн далд увьдас, амьд хүч чадал оршиж буй. Тэр нь чухам юу вэ? Чухам юундаа нуугдаж байгааг олохыг хичээж мөхөс хүн тийн олон сараар ширээнийхээ ном болгож олон удаа уншсан хэрэг. Романы гол баатар Тору Ватанабэ хэмээх 37 настай япон залуу Германд очиж байгаагаар зохиол эхлэх бөгөөд яг онгоц газардах тэр мөчид онгоцны радиогоор “Норвегийн ой” дууг найрал хөгжмөөр тоглосон аялгуу эгшиглэж байна. Үүнийг сонсоод Ватанабэ өнгөрсөн дурсамжаа нэхэн санах төдийгүй олон жилийн туршид бичих гээд эхэлж чадахгүй байсан тэр дурсамж дурдатгалаа ном болгон бичихэд хүрнэ. Учир нь энэ дууг сонсох бүрт тэрээр өнгөрсөн амьдралаа эргэн санаж, бодол дурсамжид умбадаг ажээ. Энэ тухай номын эхний бүлэгт өгүүлэхдээ “Энэ дууг сонсох бүрт толгой эргэдэг. Толгой эргэх биш, бодол дурдатгал минь сэргэдэг юм” гэж өгүүлж байна. Чингээд “урсаж одсон цаг хугацаа, сураг алдарсан анд нөхөд, эргэж ирэхгүй хором мөчүүд…, ер нь л энэ насандаа алдаж оносон үй олон зүйлсийг эргэн дурсч” байна. 

Энэ бол 1969 оны намар буюу Ватанабэ “хорьж болдоггүй хорин настай” байсан үеийнх нь анхны хайрын дурлалт он жилүүдийн хайрын романс ажээ. Тэрээр 1969 онд 18 настай байхдаа өөрт тохиосон анхны хайрынхаа тухай дурсамж бичих гэж олон жил хүссэн боловч чухам яг юунаас эхлэхээ мэдэхгүй, эхний өгүүлбэрийг нь тавьж чадахгүй асаар өнөөг хүрчээ. Ер нь зохиол бүтээл хийхэд эхний өгүүлбэр хамгийн хэцүү байдаг гэж уран бүтээлчид ярьдаг тэр л зовлон Ватанабэд буюу үнэндээ бол зохиолч Муракамид тохиосон хэрэг. Харин яг энэ өдөр онгоц газардах үед сонссон тэр хөгжим Ватанабэгийн бүдэгрэн холдож асан өнө холын дурсамжийг сэргээж, анхны хайрынхаа тухай өгүүлэх эрч хүч, эхний үг өгүүлбэр, ер нь л уран бүтээлийн их онгодыг нь урин дууджээ. Тэр бол “Норвегийн ой” хэмээх энэ дуу. Учир нь Ватанабэгийн анхны хайрын эзэн Наоко охины хамгийн сонсох дуртай дуу нь энэ байсан бөгөөд онгоцон дотор эгшиглэх тэр аялгууг сонсоод Ватанабэгийн өнийн дурсамж дурдатгал нь сэргэн сэдэрчээ. Энэ бол даруй 17 жилийн тэртээх явдал агаад Ватанбэг хорин настай байх үед тохиолдсон анхны хайр нь авай. Романыг уншаад төрсөн эхний сэтгэгдэл энэ.

     

Дэлхийн олон оронд орчуулагдан сая сая уншигчдын танил болсон энэ номын гол дүр болох япон залуу Ватанабэг олон утга зохиолын судлаач, шүүмжлэгчид зохиолч Харуки Мураяама өөрөө мөн гэж үздэг. Үүнийг ч нотлох мэт тэрээр номынхоо төгсгөлд хийсэн бяцхан тайлбарт “Зүйрлэвээс, Скотт Фицжеральдын “Ялдамхан шөнө” болоод “Агуу Гэтсби”-д зарим сэжүүрээр өөрийнх нь амьдрал холбогддог лугаа адил энэ зохиол миний амьдралтай тодорхой хэмжээгээр сүлжилдсэн юм” гэж бичсэн нь бий. Тэгэхлээр энэ романыг зохиолч Харуки Муракамигийн хорьж болдоггүй хорин настай асан оюутан залуу насны анхны хайрын дууль гэж үзэж болно. Зохиолч Харуки Мураками буюу романы гол баатар Тору Ватанабэгийн анхны хайр буюу романы нөгөө нэг гол дүр болох Наоко охин энэ дууг сонсох дуртай тухайгаа “Энэ аялгууг би сонсох хамгийн их дуртай. Түүнийг сонсохоор ойд төөрсөн мэт хачин их гуниг төрдөг” гэж хэлдэг. Тэгэхлээр энэ ном зохиогчийн анхны хайрын эзний тухай болох нь сая ойлгогдоно. Удаахь сэтгэгдэл энэ.

“Норвегийн ой” роман хэжээгээрээ том биш. Энэ тухайгаа зохиолч хойнох үгэндээ дурдахдаа “Эхэндээ би таван жилийн өмнө тэрлэсэн “Гэрэлт цох” өгүүллэгээсээ санаа аван гэгээн хайрын тухай өгүүлэх хөнгөхөн роман зохиох санаа өвөрлөсөн юм“ гэж бичжээ. Тэгвэл номын өмнөтгөлд “Роман гарсан даруйдаа Муракамийг дэлхий дахинд алдаршуулж, зөвхөн Японд л гэхэд хоёр сая хувь борлогдоод, Токиод түүний эл номыг тавиуртаа залаагүй сэхээтэн гэр бүл байхгүй байсан гэх дэгс яриа гарах хүртэл түгсэн юм“ гэж монгол орчуулагч нэлээн мэргэжлийн утга зохиолын судлаач, шинжээчийн байдалтай бичжээ. Дашрамд дурдахад энэ романы монгол орчуулга дажгүй сайн болсон. Энгийн, ойлгомжтой, дэл сул үг, өгүүлбэргүй, нэг үгээр хэлэхэд орчуулгаа сайн хайрцаглаж, усыг нь шахаж хянасан нь харагдана. Харин орчуулагч Б.Гэрэлээ орос хэлнээс орчуулсан болоод тэр үү, япон хүн, газар усны нэр, ерөөс япон хэлний үгсийг монголоор буулгахдаа орос хэл рүү орчуулсан тэр хэвээр нь авчээ. Кизуки гэхийг Кидзуки, Йокохама гэхийг Йокогама, Шинжюку-Синзюку, Китисози-Китисодзи, суши-суси гэсэн цөөн үг байх ч энэ нь номыг уншихад саад болохгүй биз ээ.

Романы үйл явдал болж буй газар орон нь Японд, гол дүр баатрууд нь япон хүмүүс л болохоос, тэр нийгэм, тэр амьдрал, эдэлж хэрэглэж, дотор нь аж төрж, идэж ууж, өмсч буй бүхэн, ганцхан Японых бус, дээр дурдсан бүхэн энэ дэлхийн хаа ч, аль ч улс оронд байдаг, аль ч улс орны иргэдийн эдэлж хэрэглэдэг бүхэн юм. Тэгэхлээр романы гол баатруудын нэр, газар орны нэр хаягийг сольчихвол үйл явдал нь аль ч улс оронд өрнөж, хэн гэдэг дүр баатрууд ч оролцох боломжтой болно. Жишээлбэл, монголчуудад одоо ч ойр дотно хэвээр байгаа Орос, эсвэл сайн мэддэг Европын аль нэг улс оронд болж буй үйл явдал мэтээр төсөөлөхөд болж байна. Чухам үүнд л энэ романы амжилтад хүрсэн нууц оршиж байгаа буй заа. Романы өмнөтгөл үгэнд ч үүнийг нотлох мэт “Харуки Мураками хар багаасаа улс үндэстнийхээ ёс жаяг, ахуй орчин, зан суртахууныг түмэн олонд танигдаж ирсэн нэгэн хэвийн загвараас өөрөөр харж ирсэн нь хожмоо Япон орныг дэлхий дахинд шинэ өнцгөөс таниулж чадсан билээ” гэж дүгнэсэн нь үнэний хувьтай. Романд япон үндэстний чанд хатуу дэг жаяг, уламжлалт аж төрөх ёс, бусдаас тэс өөр ахуй орчин, цэвэр японы соёл иргэншлийн үнэр байхгүй. Ер нь л байхгүй дээ. “Муракамигийн зохиолууд Японы уламжлалт бичлэгийн зарчмаас гажсан байдаг нь тус улсын уламжлалт зохиолчдын шүүмжлэлд өртдөг. Түүний зохиолууд нь хошин, хиймэл, хэт гадааджуулсан, хэт ганцаардуулсан байдлыг илэрхийлдэг. Тэрээр зохиолуудаа хүүрнэл маягаар бичдэг бөгөөд хувь хүний эрх чөлөө, ганцаардлыг тусгасан байдаг” хэмээн түүний уран бүтээлийн тухай антропологич Б.Сувд-Эрдэнэ бичсэн байх жишээтэй. Өнөө цагийн хил хязгааргүй уран зохиол гэж чухам үүнийг хэлэх биз ээ. 

Романд дандаа амиа хорлосон тухай, бараг хуудас бүхэнд нь энэ тухай зааж зааварлаад байгаа юм шиг бичжээ. Энэ бол аюултай. Үүнээс үзэхэд роман хэдийгээр даяаршлын өнгө аяс шингэсэн, түүний төлөөлөл болохуйц зохиол боловч цаана нь бас л тодорхой нэг улс, үндэстний өвөрмөц онцлог шинж төрх шингэсэн байгааг энэ байдал илтгэнэ. Өөрөөр хэлвэл, бусад улс, бусад үндэстнээс ялгарах нэг онцлог бол япончуудын дунд түгээмэл байдаг амиа хорлох явдал мөн. Үнэхээр ч Японд амиа хорлох явдал маш их, дэлхийд тэргүүлдэг гэж сонссон юм байна. Үүгээрээ энэ ном хил хязгааргүй уран зохиолын төлөөлөл болж чадсан ч цаана нь тухайн тодорхой улс, үндэстний онцлог, өвөрмөц шинж, бусдаас ялгарах дүр төрх байж л байгаа нь харагдана.

Япончууд яагаад тэгж их амиа хорлодог юм бол? Тэр сайхан орны ард иргэд, ялангуяа хүүхэд залуучууд юу бодож, юутай үл эвлэрэхээрээ, энэ дэлхий дээр хүн болж төрнө гэдэг ямар агуу гайхамшиг, ямар ганцхан заяах нандин чухаг аз завшаан болохыг ухаж ойлгодоггүйдээ тэгдэг юм бол? Хүн болж төрнө гэдэг бурхны шашны илэрхийллээр бол дээш нь харуулж зоосон зүүний дээрээс бороо мэт будаа тариа асгахад нэгийн төдий нь л үзүүрт нь тогтож үлдэхийн лугаа адил тийм ховор хувь тохиол гэдэг. Гэтэл япончууд энэ олдсон амь насаа тэгж хамаагүй зольж байх. Үүний цаана юу байна вэ гэж ухсаар япончуудын сэтгэл зүйд хүрэхийг оролдов. Япон ардын зүйр үгэнд “Эцэг эхийн өгсөн чихэртэй цай хор болдог” гэсэн үг байх юм. Энэ нь үр хүүхдээ хэт их эрхлүүлж болохгүй гэсэн утгатай гэнэ. За энэ ч яахав, бас гайгүй гэж бодоход “Мөнгө төлөхгүй л бол ээж, аавын нурууг ч зүгээр маажиж өгөхгүй” гэдэг зүйр үг байх юм. Манайхны “Хөдөлвөл хөлс” гэдэг шиг юм уу даа гэтэл бүр ээж, аавдаа ч тус хийхдээ хариу нэхэх ёстой гэж сургадаг аж.

Эндээс л бидний сэтгэлгээ, зан чанар, үзэл бодол зөрж байгаа нь харагдана. Монголчууд эцэг, эхээ хэзээ ч тээршаадаггүй, хэд насалсан ч дэргэд нь байж, хажуудаа аван асарч тойлдог. Гэтэд Японд эцэг, эхээ нас ахиад, өвчин хуучид баригдаад ирэхээр нь өндөр настны асрамжийн газарт хүргээд өгчихдөг. Тэр ч байтугай, ээж аавыгаа ануухан, ажил албатай, өөрт нь төвөг яршиг болоогүй байхад ч тэдэнтэйгээ уулзаж учрах, баяр ёслолоор золгон ирж хамт баярлах хүсэл сонирхол үгүй байдаг гэнэ. Романд энэ тухай цөөн бус удаа өгүүлж байна. Япончууд аавыгаа байгалийн гамшигтай зүйрлэдэг аж. “Газар хөдлөлт, аянга цахилгаан, гал түймэр, эцэг дөрвөн аймшиг” гэсэн зүйр үг дэлхий дээрх хамгийн аюумшигт дөрвөн зүйлийг нэрлэхдээ тэдгээрийн тоонд төрсөн эцгээ багтаадаг нь гайхалтай. Хүн эцгээ хүндэлж, биширч, айж эмээж явах нь зүйн хэрэг боловч ингэж хорвоо дэлхийн хамаг гай түйтгэрийн туйлтай адилтган зүйрлэдэг байна.

Энэ бүх үзэл санаан дээр дөрөөлөн цааш харахад “Эцэг, эхээсээ түрүүлж нас барвал ачлалгүй хэрэг болно” гэсэн үг байх юм. Аль ч ард түмний дотор үр хүүхэд нь эцэг, эхээсээ түрүүлж нас барах нь эцэг, эхийн хувьд туйлын хэцүү зовлон мөн. Харин япончуудын хувьд үр хүүхэд нь эцэг, эхээсээ түрүүлж нас барахад төрүүлсэн эцэг, эхийнхээ ачийг хариулсангүй, эцэг, эхээ ачлах үүргээ биелүүлсэнгүй гэж үздэг аж. Энэ нь чухамдаа ачлал журамгүй хэрэг гэнэ. Тийм ч учраас япончууд эцэг, эхийн ачийг хариулах нь амь наснаас ч эрхэм дээд зүйл гэж үздэг байна. Чухам ийм хүнд бэрх үзэл санаа, үүрэг хариуцлага япончуудад хүндээр тусч, би аав, ээжийгээ асарч тойлж, ачийг нь хариулж чадах уу? гэдэг амаргүй бэрх асуудалд тулгадаг бололтой. Романд эцэг, эхээсээ түрүүлэн нөгөө ертөнц рүү одож буй Кизуки, Хацуми, Наоко, түүний эгч зэрэг  хэд хэдэн дүр бий. Тэд чухам ийм сэтгэлийн зовлон шаналангаар шаналсаар байгаад явчихсан юм биш үү гэх бодол өөрийн эрхгүй төрнө. Дараачийн сэтгэгдэл энэ.

Романы өөр нэг онцлог бол уншсан хүнийг сэтгэл санааны хувьд маш их гуниг, гутралд оруулдаг. Амьдралд ямарч баярлаж баясах зүйлгүй болгож, сэтгэл санаагаар унаган, идэвхгүй сул байдалд хүргэж магадгүй тийм хачин роман. Романыг орой үдшийн нам гүмд унтахаар хэвтэхдээ, эсвэл сэтгэл санаа тогтворгүй, үймсэн үед уншмааргүй. Үүгээрээ энэ роман сентиментализмын өнгө аясыг илтгэнэ. Үүнийг ч нотлох мэт романы өмнөтгөлд орчуулагч энэ тухай ингэж бичжээ: “Мураками нэлээдгүй зохиолынхоо санаа сэдлийг өөрийн амьдралаас олж авсан гэдэг. Тэрээр бүтээл туурвилуудаа энгийн хүний ахуй амьдралыг дүрслэн үзүүлдэг нь түүний зохиолыг уншсан хэн хүнд өөрийн эрхгүй амьдралын утга учир, нүгэл буян, үүрэг хариуцлагын талаар эргэцүүлэн бодуулдгаараа онцлогтой. Зохиолын баатрууд нь ирээдүй хойчийн тухай төдий л эргэцүүлэлгүй, бодит орчлонтой тэр бүр дасан зохицож чадахгүй бөгөөд ямарч нөхцөлд, амиа золиод ч болтугай хүн чанараа хадгалж үлдэхийг эрхэмлэдэг” гэж романы дүр баатруудыг дүгнэсэн нь бий.

Романаас төрсөн бас нэг сэтгэгдэл бол олонтаа гардаг задгай бичлэгтэй эр эмийн явдал бүхий энэ номыг насанд хүрээгүй хүүхэд багачуудад уншуулмааргүй юм билээ. Тэртээ наяад оны дундуур Нобелийн шагналт Японы зохиолч Кензабуро Оэгийн “Хожимдсон залуус” гэдэг роман монголоор орчуулагдан гарч, японы уран зохиолоос өөр юм олж үзэж байгаагүй, тийм боломж ч байхгүй байсан цаг  болохоор японы уран зохиол ямар байдгийг олж мэдэх хүсэлдээ хөтлөгдөн тэр романыг авч уншиж байж билээ. Бас л үхэл хагацал, амиа хорлолтыг өгүүлсэн тэр романыг үзэл суртлын хүйтэн дайны он жилүүдэд хөрөнгөтөн Японы нийгэм ийм зүдэг зовлонтой, япончууд ийм бэрх хэцүү амьдардаг гэж монголчуудад ойлгуулах зорилгоор орчуулсан нь ойлгомжтой. Харин өнөөдөр “Норвегийн ой” романы талаар хэн ч тэгж хэлэхгүй ч гарч буй үйл явдал, дүрсэлж буй өгүүлэмж нь “Хожимдсон залуус”-тай агаар нэгэн адилхан байгаа нь анзаарагдана.

Дахин хэлэхэд, энэ роман бол дурсамжийн зохиол юм. “Намайг дурсаж яваарай. Насан туршдаа би гэж хүн байсныг, хажууд чинь зогсч байсныг битгий мартаарай” гэж Наоко бүсгүй Ватанбэгаас ам өчгийг нь авдаг. Ватанабэ ч амлаж андгайлсан учраас насаараа түүнийгээ мартаагүй, түүнийхээ тухай хайр дурлалын гэгээн сайхан роман бичих гэж олон жил хүсч мөрөөдөж явсаар сая ийнхүү бичих арга замаа олж, онгод хүчээ олсноор энэхүү роман бичигджээ. Тэгэхлээр энэ роман хальж одсон анхны хайртдаа амласан андгайгаасаа буцаагүйн үлгэр жишээ төдийгүй түүндээ үгээр босгосон гэрэлт хөшөө болсныг дэлхийн сая сая уншигч гэрчилж байна. Гол дүр Ватанабэгийн анхны хайрыг булаасан Наоко охин харин түүнд хайргүй байжээ. Учир нь Наоко багаасаа үерхсэн Кизуки гэдэг өөр найз залуутай байсан агаад тэр нь амиа хорлож үгүй болсонч Наоко өөр хүнд хайртай болсонгүй, түүндээ үнэнч байсаар, үүрд үнэнч хэвээр үлдэх замыг сонгож байна. Энэ тухай Ватанабэ “Би түүнд ухаангүй дурласан. Гэвч тэр надад хайргүй байж. Тэр намайг биш, үхлийг сонгосон, Кизукидээ очих гэж тэр” хэмээн өгүүлж байна. 

Харуки Мураками бол өнөө үеийн Японы хамгийн нэртэй зохиолч, дээрх романаас гадна “Эрэг дээрх Кафка, “Тоглоомон шувуухайн түүх”, “1Q84”, “Хархны тухай гурамсан роман” зэрэг олон зохиол бүтээл нь хэвлэгдэн гарсан даруйдаа хил хязгаар алгасан дэлхийн олон улс оронд орчуулагдан хүрч бестселлер болдог ажээ. Эцэст нь хэлэхэд “Норвегийн ой” роман сайн зохиол. Гэхдээ агуу гайхамшигтай, шилдэг, сонгодог юм бол биш. Ийм зохиолыг бид бичиж чадах л юм байна гэж бодсон. Учир нь энэ зохиол олон янзын –измээр бичигдээгүй, сэдэв эгэл энгийн, амьдралаас ургуулсан агаад дайн, хувьсгал, өлсгөлөн, гамшиг зэрэг хүн төрөлхтний түүхийн донсолгоот, содон, онцгой аль нэг цаг үеийг сонгоогүй, гол баатрууд нь түүхэн бие хүмүүс бус, энэ дэлхий дээр аж төрж байгаа сая сая эгэл жирийн хүмүүсийн төлөөлөл агаад дурсамж дурдатгал маягтай, жигд намуухан хүүрнэсэн өгүүлэмжтэй. Манайхан ч ийм дүр төрхийн зохиолыг бичиж чадна даа…

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, орчуулагч Я.Ганбаатар

Тайбэй-Улаанбаатар, 2015 оны 8 дугаар сар.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж