ААНОАТ-ыг бууруулах уу?

Хуучирсан мэдээ: 2015.11.19-нд нийтлэгдсэн

ААНОАТ-ыг бууруулах уу?

Улаанбаатар хотоос 600 км-ээс дээш бүс нутагт бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар/ААНОАТ/-аас тодорхой хувиар хөнгөлөх хуулийн төслийг санаачлан боловсруулснаа УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан, А.Бакей, Д.Батцогт нар өчигдөр УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. Төсөлд тусгаснаар тасралтгүй үйл ажиллагаа эрхэлж, 3-аас доошгүй ажлын байр бий болгосон үйлдвэрлэгчийн ААНОАТ-ыг 5-1 хувь болгон бууруулж 3 жилийн хугацаанд тогтвортой дагаж мөрдөхөөр заасан байна. Энэ талаар төсөл санаачлагчдаас тодрууллаа.

-Бизнес эрхлэгчдийн хувьд ААНОАТ-ыг бууруулах нь эерэг талтай. Гол нь ажлын байр бий болгосон гэдгийг нь яаж баталгаажуулах вэ. Алслагдсан бүс нутагт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлснээр иргэдэд энэ нь давхар эерэгээр нөлөөлөх үү?

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Орон нутагт бизнес эрхэлнэ, ажлын байр бий болгоно гэдэг бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн хүнд бэрхшээлтэй ажил байдаг. Бизнес эрхэлж байгаа хүмүүсийн өртөгт ААНОАТ, НӨАТ нөлөөлдөг. Дээр нь дэд бүтэц сул хөгжсөн нь бараа, үйлчилгээний өртөгт нөлөөлдөг. Тийм учраас хуулийн төсөлд нийслэлээс 600 км-ээс алсад бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжийн ААНОАТ –ыг 5 хувиар тооцъё. Жишээ нь Хөвсгөл аймагт үйл ажиллагаа эрхэлдэг бол ААНОАТ-ыг нь 5 хувиар, Улаанбаатар хотоос 1000-аас дээш км-т орших Баян-Өлгий, Ховд аймагт үйл ажиллагаа эрхэлдэг бол ААНОАТ-ыг 1 хувиар тооцъё гэж заасан.

Улаанбаатар хотоос алслагдах тусам бараа, үйлчилгээний зардал өсдөг нь дэд бүтэц сул хөгжсөн нь нөлөөлдөг. Энэ нь бизнес эрхлэгчид ч иргэд ч нөлөөлдөг. Сая А.Бакей гишүүн хэлж байна лээ, Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймаг руу онгоцоор ирж очих зардал Бээжин рүү явах зардалтай ойролцоо тусдаг гэж…   Тэгэхээр УИХ-аас уг хуулийн төслийг баталсан нөхцөлд аж ахуйн нэгжүүдийн зардал буурахад нөлөөлж, энэ нь ард иргэдийн амьдралд эерэг нөлөө үзүүлэх боломжтой. Анзаарч байгаа бол үйлдвэрлэл, үйлчилгээ зөвхөн төвийн бүсэд төвлөрдөг. Хууль хэрэгжсэнээр энэ төвлөрөл саарч орон нутагт үйлдвэрлэл үйлчилгээ бий болох түүнийг дагаад иргэд ажлын байраар хангагдах эерэг үр дүн дагуулна гэж бид харж байгаа.

Хэчнээн ажлын байр бий болгосон бэ гэдгийг Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдлаар нь нягтална. Өөрөөр хэлбэл, татварын хөнгөлөлтийг авах аж ахуйн нэгж нь ажилчныхаа НДШ-ийг төлсөн байх гэдэг шалгуур тавигдана гэж ойлгох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Эдийн засгийн хямралтай үед орон нутгийн аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор энэхүү хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ. Өмнө нь Бүсийн нэмэгдлийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлж байсан, түүнийгээ бага зэрэг өөрчилсөн.

Алслагдмал байдал, дэд бүтцийн сул хөгжлөөс шалтгаалж тээвэрлэлтийн зардал өндөр гардаг. Жишээ нь, АИ-92 шатахууны үнэ 1 литр нь нийслэлд 1660 төгрөг байхад Дорнод аймагт 1880 төгрөг, Ховд аймагт 2040 төгрөг болж 1 литр тутамд 220-380 төгрөгийн зөрүүтэй байна. Улаанбаатар хотоос Ойрхон аймаг руу зорчиход нийтийн тээврийн зардал 20 мянган төгрөг бол Ховд, Увс аймаг руу 80 мянга төгрөгөөр зорчдог, 2 өдөр явж хүрдэг. Өвдөж зовох, яаралтай ажлаар онгоцоор зорчиход 1 талдаа 400 мянган төгрөг төлдөг гээд үнийн зөрүү их байгаа. УИХ-аас хуулийн төслийг баталснаар зөвхөн аж ахуйн нэгжүүдээр зогсохгүй иргэд мөн үр дүнг нь үзэх боломжтой гэж харж байна.

-ААНОАТ-аар дамжиж төсөвт хэдий хэмжээний татвар төвлөрдөг бол. Татварын хувь хэмжээг бууруулахаар төсөвт тодорхой хэмжээгээр эрсдэл үүсгэх үү, яах бол? 

-Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлээс харахад ААНОАТ-т нийт 621.2 тэрбум төгрөг төвлөрснөөс орон нутгийн татварын албадад 10,8 тэрбум төгрөг төвлөрсөн байдаг юм билээ. Эдгээрээс алслагдсан 8 аймгийн хувьд 2,6 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлсэн байгаа.

Татварын хувь хэмжээ буурснаар төсөвт томоор дарамт учруулахгүй, харин ч эерэг нөлөө үзүүлнэ. Татвар төлөлт илүү сайжирч олон аж ахуйн нэгж хамрагдах боломж нэмэгдэнэ гэж харж байгаа.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж