NEWS агентлаг философийн ухааны доктор Б.Батчулуунтай хамтран “Либертари булан”-г хэрэглэгчиддээ хүргэж байгаа билээ. Либертари сэдвээрх асуулт, хариулт, ярилцлагуудыг та бүхний хүртээл болгоно.
АГУУЛГА: (Бусдад сургах нь тийм ч … . “Өөрөө, өөрийгөө засаглах”. Эрх чөлөө ба хувь хүний эрх. Марихуан, биеэ үнэлэх асуудлыг либертариуд хэрхэн үздэг вэ? Марихуан хэрэглэж үзсэн миний түүх. Сайн дурын зөвшөөрөл. Оюун санааны эрх чөлөө. Боловсрол, шашны асуудал.)
ЯРИАНЫ СЭДЭВ:
Би нэг хэсэг нэлээд шаргуу сууж, бага зэрэг ядарсан тул алжаалаа тайлъя гэж бодоод Х.Х-ийг “уруу татлаа”. Нэгэн зоогийн газар орж, жаахан сууцгаасан юм.
Дэргэдэх ширээнд бага зэрэг халамцуу, хижээл насны нэгэн эр оюутан бололтой залуугийн хамт сууж байв. Өмнө нь хугас шил “алтан Чингис”, залуугийн урд ганц нэг өөх үлдээсэн хоосон таваг харагдана. Сайхь эрийн чанга чанга ярих, чих дэлсэнэ. Аймгийн захиргаанд хэлтсийн дарга хийдэг бөгөөд хотод ажлаар орж ирээд, 3-4 хоноод буцах гэж байгаа, явахаасаа өмнө садангийнхаа оюутан хүүг эргэж тойрч байгаа нь энэ юм байна.
Мөн ч их сургаал айлдаж байна аа. Улс төрийн мэдрэмжтэй байх тухай: одоо аль нам сонгуульд ялах, тэр намын үзэл суртлыг мэддэг байх, тэр намын нөхөдтэй танилцах, сонгуулийн сурталчилгаанд хэрхэн гүйх, одоо болох сонгуульд ялахад нь, залуу сургуулиа төгсчихсөн байна, тэр үед ажил бэлэн байх тухай гээд амьдралынхаа туршлагаар баяжуулж байгаад номлож байна даа.
Түүний яриа залууд нэг их сэтгэгдэл төрүүлэхгүй байгаа бололтой, их л залхсан янзтай харагдана. Халамцуу эрд түүнийг нь ажиглах сөгөө алга, авгай хүүхэд, ажил төрөл, аж амьдрал, гэр-орноо яаж авч явах, хүнтэй хэрхэн харьцаж сэтгэлийг нь татах гээд “амьдралын туршлагаа” хуу ярихаар шийджээ. Аймгийн хурган дарга маань оюутан залууд өөрөө мэдээд шийдэх зүйл үлдээдэхгүй нь ээ, янз нь. Бүгдийг зааж зааварлахаар шийдсэн бололтой. Энэ бүхнийг сонссон бид хоёрын дунд, ээлжит яриа маань эхэллээ.
Х.Х: Энэ сургаал айлдаад байгаа нөхөр, залуугийн хамаатан юм аа даа.
Б.Б: Тийм л юм шиг байна.
Х.Х: Уг нь, зөв л юм яриад байна л даа. Гэхдээ хэтэрхий зааварлаад байх шиг.
Б:Б: Сургаал айлдахыг ч тийм олигтой зүйл биш гэж либертари үзэлтнүүд үздэг.
Х.Х: Мэдээж, та нар л болсон хойно бусдын амьдралд хөндлөнгөөс оролцож, өөрөө, өөрийгөө мэдэх эрхийг нь зөрчиж байна гэх байх л даа.
Б.Б: Тийм ээ. Ер нь, өөрийгөө бусдаас дээр тавьсан хүн л бусдад сургаал их айлддаг юм шүү дээ. Телевиз харж, хүний бичсэн зүйлийг уншиж байхад бусдыг хэрхэн амьдрахыг зааж, сургаж байдаг “их мэдэгчид” цөөнгүй байна.
Хүний алдаа бусдад хор хөнөөл учруулахааргүй бол өөрийнхөөрөө байх эрхтэй. Алдсан ч өөрөө л үүрэх юм чинь. Харин төр буюу хэн нэг эрх мэдэлтний гаргасан буруу шийдвэрээс болж хохирох л гомдолтой байдаг. Өөрөөсөө болж хохироход гомдох зүйл юу байх вэ. Хүн алдаа гаргаад, түүнээсээ болж хор хохирол амссан бол хойшдоо маш том сургамж авдаг. Бидний яриад байдаг “амжилт төдийгүй алдаа маань хүртэл бидний багш” гэсэн хэлц үг ийм л утга илэрхийлнэ.
Х.Х: Гэхдээ “хүн хэлэхээс нааш ойлгохгүй, цаасыг чичихээс нааш цоорохгүй” гэдэг. Хэн ч байсан эрхбиш, заавар зөвлөгөө авч, зааж чиглүүлэх хүнтэй байх ёстой биз дээ?
Б.Б: Хүнээр амьдралаа заалгаад байх дуртай хүн байдаг л даа. Өөрийн толгойгүй юм шиг. Тийм хүмүүс голдуу, сүүлд нь буруудах юм бол зааж зааварласан хүнтэйгээ хамт унах, эсвэл түүнийг өмнөө барихыг боддог. “Чамаас л болсон” гэх гэж.
Иймд бидний ярьдаг зүйл бол нөгөө “өөрөө, өөрийгөө засаглах” явдал. Энэ нэр томьёоны талаар сайтар эргэцүүлж бодох юм бол маш гүнзгий утга агуулна.
Х.Х: “Аяндаа гарсан эмх журам”, “Тулган хүлээлгээгүй эмх журам”, “Зөнд нь орхих”, “Хөндлөнгөөс үл оролцох”, “Үл үзэгдэх гарын журамлалт”, “Дэлхий өөрөө эргэдэг” гэх мэт үгсийг олонтаа сонсож, зохих хэмжээний ойлголттой болсон л доо. Харин “Өөрөө, өөрийгөө засаглах” гэдэг чинь ямар утга илэрхийлж байна?
Б.Б: Self-government гэдгийг “Өөрөө, өөрийгөө засаглах” гэж орчуулсан хэрэг. Гэхдээ үндсэн утга нь нөгөө л “Өөрөө, өөрийгөө мэдэх!” гэсэн үг. Товч бөгөөд тодорхой илэрхийлэхэд, “Би чамайг, чи намайг мэдэх эрхгүй”. Хэрэв хэн нэг нь энэ илэрхийллийг эсэргүүцэж байвал “намайг өөр нэг хүн мэднэ” хэмээн хэлж байгаагаас өөрцгүй. Дашрамд хэлэхэд, www.self-gov.org гэсэн либертари сайт бий шүү. Олон либертари сайтын нэг. Тэр сайт руу ороод агуулгатай нь танилцаж болно.
“Хамгийн шилдэг төр бол өөрөө, өөрийгөө засаглах явдал мөн.” Гетё
Х.Х: Би хэн нэгэнд сайн сайхныг хүсэх аваас түүний өмнөөс үйлдэж, тэр хүнийг мэдэж болохгүй гэж үү?
Б.Б: Болохгүй, түүхэнд алдаршсан дарангуйлагчид ард түмнээ сайн сайхан амьдруулахын тулд асуулгүйгээр өмнөөс нь үйлдэж байсан хүмүүс шүү дээ. Нэгэнт сайн сайхан санаа өвөрлөж байгаа болохоор асуух шаардлагагүй, “Чамд юу хэрэгтэйг би илүү мэдэж байна. Чи үүнийг ойлгох болоогүй, иймд миний үгэнд орох ёстой” гэнэ. Тэгээд эс бүтвэл ард түмнээ дарангуйлж эхэлдэг. Гитлер, Сталин, Мао нар ард түмнээ сайн сайхан амьдруулахын тулд асуулгүй үйлдэж, өөр үзэл бодолтой хүмүүсийг зөнд нь орхилгүй хүчээр араасаа дагуулах гэсэн улс төрчид. Тэгэхээр хэн ч бусдад хэчнээн сайн сайхан зүйлийг хүслээ ч өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр юуг ч хийж болохгүй. Энэ бол түүхэн туршлагаас харж байгаад, либертари үзэлтнүүдийн гаргаж ирсэн зарчим. Ёстой л, хаширсан хүний үг.
Х.Х: Та нар яагаад хувь хүний амьдралд хэн ч хөндлөнгөөс оролцох ёсгүй гээд байдаг юм бэ. Бид, өөрсдийгөө удирдуулах гэж төрийг гаргаж ирээгүй гэж үү? Та нарын гаргаж буй үндэслэл нэг л биш. Илүү ойлгомжтой тайлбарлаач!
Б.Б: Хувь хүн төрөлхөөс эрх чөлөөтэй бөгөөд тэр эрх чөлөөг хэн ч, түүний дотор төр ч зөрчиж үл болно. Хувь хүн бусад хүнд хор хөнөөл учруулаагүй л бол түүний эрх чөлөөг хязгаарлах өөр үндэслэл, шалтаг шалтгаан байх ёсгүй. Хувь хүн өөрийгөө болон өөрт хамаарах зүйлийг (бие махбодь, оюун санаа, өмч хөрөнгө гэх мэт) бүрэн мэдэж, захиран зарцуулахдаа бусдаас зөвшөөрөл авах ёсгүй. Тэгэхээр хамгийн гол үндэслэл бол энэ бүхэн төрөлх эрх.
Х.Х: Төр хувь хүний амьдралд яг, яаж хөндлөнгөөс ороод байгаа юм бэ? Энэ МР (УИХ-ын гишүүд), сайд нар хүрч ирээд “ингэ, тэг”, “ингэж амьдар, тэгж ажилла” гээд байна уу?
Б.Б: Асуудлыг тодруулахад оновчтой, сайн асуулт байна. Төр болон төрд байгаа эрх мэдэлтнүүд ямагт хууль дүрэм, тогтоол журам гаргана. Тэр бүх хууль тогтоол, дүрэм журам нь хүмүүсийн амьдралыг зааж зааварласан байдаг. Бас ихэнх тохиолдолд буруу байдаг бөгөөд горыг нь бид амсдаг. Товчхондоо, үзэг цаас, гар утсаа ашиглан “гэмт хэрэг” үйлдэж байдаг хүмүүс чинь тэд нар.
Төрөөс бидний хэрхэн бизнес хийх, яаж ажиллаж, амьдрахыг зааварласнаар яваандаа, бид өөрсдийнхөө амьдралыг төрөөс түрээслээд авчихсан юм шиг болно. Яг л, айлын хажуу өрөөнд суугаа хүн шиг юу ч хийсэн төрөөс зөвшөөрөл авч байх ёстой болдог. Ингээд, төр миний хувьд Eminent Domain (бүхнийг мэдэгч) болно. Ингээд хувь хүн “Байцайгаа хэрхэн дарах, өмдөө яаж товчлохоо” төрөөр заалгаж эхэлнэ. Өөрийнхөө амьдралыг мэдэх юм чамд юу ч үлдэхгүй.
Х.Х: Төр биш юм гэхэд нийгэмд хамтаараа амьдарч байгаа хүмүүс нэгнийхээ амьдралд оролцож л таарах юм шиг санагдаад байх юм?
Б.Б: Нийгэмжсэн, соёлжиж иргэншсэн амьдрал гэдэг бол нийгэмд хамтаараа амьдрах боловч нэгнийхээ хүрээ уруу орохгүй амьдарч сурахыг л хэлээд байгаа юм гэж бид мөн ч олон хэлж байгаа даа. Нэг нь нөгөөгийнхөө аж амьдралд оролцоод байх юм бол эрх чөлөө гэж ярих юун. Хувийн зүйл гэж байдаггүй, бүх юм хамтын нийгэмд эрх чөлөөний тухай ярих аргагүй.
Х.Х: Яагаад?
Б.Б: Нөгөө яриад байсан өөрөө, өөрийнхөөрөө байж болдог “хувийн хүрээ” гэж зүйл тийм нийгэмд чинь байхгүй болчихдог. 90-ээд оны өмнө чи бид хоёрын амьдарч байсан нийгэм шиг. Гэтэл эрх чөлөөт нийгэмд бол хувь хүн бүрийг тойрсон халдашгүй дархан хүрээ-тойрог байдаг. Хувь хүний тэр тойрог уруу хэн ч, тэр тусмаа төр бүр орох ёсгүй.
Х.Х: Тэгвэл хувь хүн өөрийнхөө тойрог дотор юу ч хийж болох нь ээ?
Б.Б: Тийм, бусдын тойрог уруу орж, түүний эрх ашгийг ямар нэг байдлаар хөндөөгүй юм чинь.
Х.Х: Тэгээд, чи өөрөө, өөрийнхөө тойрог дотор байгаа юм чинь гээд хар тамхи татах, биеэ үнэлэх зэрэг үзэгдлийг хамгаалаад байдаг юм бий?
Б.Б: Хамгаалах юу байх вэ, тэр хүний хувийн хэрэг гэж хэлээд байгаа хэрэг. Чамд, надад, өөр бусад хүнд хор хөнөөл учруулаагүй бол тэр хүн юу хийх нь өөрийнх нь дур биш гэж үү?
Ямар үед, юу хийхийг хорих вэ гэвэл тэри хүний үйлдэл бусдад хор хөнөөл учруулж байвал л хорино. Эрх чөлөөнд ганцхан хязгаарлалт байдаг бөгөөд тэр нь бусад хүнд байгаа эрх чөлөө мөн.
Х.Х: Тийм байдаг байж. Гэхдээ л, биеэ үнэлэгчид болон хар тамхичдыг өмгөөлж арай болохгүй байх. Тийм үндэслэл олдох ч үгүй биз. Ийм зүйлийг лав л Монголын нийгэм хүлээж авахгүй.
Б.Б: Эдгээр үзэгдлийн хувьд хэлээд байдаг нөгөө л зарчмаа баримтална. Надад, чамд, өөр бусад хүнд гай болоогүй бол тэр хүний юу хийх нь өөрийнх нь хэрэг. Эцсийн эцэст, бие нь түүний бие-махбодь юм байгаа биз дээ. Гэтэл хэн нэгэн юм уу, төр хөндлөнгөөс “Энэ биедээ чи ийм зүйл хэрэглэж болно, ийм зүйлийг болохгүй” гээд байх юм бол тэр хэний бие болох вэ, хэний бие зовох юм бэ, төр зовох юм уу гэсэн асуулт гарна аа даа.
“Чиний бие төрийн мэдэлд байдаг” гэвэл ямар асуудал үүсэхийг жаахан ч гэсэн ургуулан бодоод үз! Өөрөө, өөрийнхөө биеийг мэдэж чадахгүй байгаа хүнийг эрх чөлөөт хүн хэмээн үзэж болох уу? Хэн нэгэн 10000 төгрөгтэй байгаад түүгээрээ юу авч хэрэглэхээ төрөөр заалгаад байвал тэр 10000 төгрөг хэнийх болж таарах вэ? Энд өмчлөх эрх чөлөө байна гэж үү?
Алдхан биедээ юу шингээхээ хувь хүн өөрөө мэдэж болох уу? Төрд фетишист маягаар (шүтээнчлэн) ханддаг манайх шиг стэйтист нийгэмд “болохгүй” гэж бараг шууд хэлж байна. Марихуан нь төрөөс зөвшөөрөгдсөн зүйл болох архи, тамхинаас хор хөнөөлөөр бага, архи тамхи хүний элэг, уушги, бөөр, зүрх, тархи гээд бүгдийг хордуулахаас гадна архи ямагт сөрөг эмоци хөдөлгөж, хүнийг догшруулдаг бол Бельги, Дани, Холланд зэрэг улс-оронд Эрүүл мэндийн Яамны шалгалт, зөвшөөрөлтэй хэрэглэж буй марихуан хор хөнөөлөөрөө архи тамхинаас бага, тэгээд ч эерэг эмоци хөдөлгөдөг гэдэг. Тэгэхээр хааяа марихуан татмаар байна гэвэл юу гэх вэ!
Х.Х: Тат л даа. Олддог гээ биз дээ?
Б.Б: Манайд олддог гээд байгаа тэр зүйл бараг хор байлгүй. Тийм юмыг хэрэглэх аргагүй. Хориотой газар тухайн зүйлийг нууцаар хийнэ, нууц зүйлийг эрүүлийг хамгаалах газар, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газар зэргээс хянах аргагүй, хяналт шалгалтад ороогүй зүйл чанаргүй байдаг нь мэдээж.
Х.Х: Чанартай “хар тамхи” гэж бас байх уу?
Б.Б: Байлгүй яах вэ. Дани, Бельги, Холланд, АНУ-ын зөвшөөрөлтэй муж-улсууд, Венесуэль зэрэг хуулиар марихуан хэрэглэхийг зөвшөөрсөн улсуудад тухайн бэлдмэл өч төчнөөн газрын шалгалтаар орж, хүний биед аль болох аюулгүй байх шаардлагыг хангасан байдаг. Лав л, манайд хуулиар зөвшөөрөөд зарж буй энэ олон төрлийн архинаас хамаагүй бага хор хөнөөлтэй.
Х.Х: Чи татаж үзсэн юм уу?
Б.Б: Үзсэн.
Х.Х: Яаж яваад хар тамхи хэрэглэчихдэг билээ? Яриач!
Б.Б: Эхнэр бид хоёр Амстердамд (Холланд) очсон юм. Тэнд хаа сайгүй байх кофе-шопуудын нэгэнд орлоо. Залуухан, бараг охин гэмээр бүсгүй кассан дээр сууж байна. Бид хоёр буйдан дээр суугаад, жаал ажиглалаа. Гаднаас 3 залуу орж ирээд, касс уруу очиход нөгөө бүсгүй нэг юм хэлэв. Залуус хармаанаасаа нэг, нэг юм гаргаж үзүүлээд, цаад өрөө уруу орлоо. Насанд хүрсэн эсэхийг нь нягталж, бичиг баримтыг нь үзсэн болов уу.
Тэгээд би кассчин охин уруу очиж “Бид хоёр хар тамхи огт хэрэглэж үзээгүй улс. Жаахан айгаад байна, хамгийн бага нөлөөтэй гэдэг юм уу, … тийм байдаг уу” гэж асуув. Гэтэл иддэг, уудаг, үнэрлэдэг, татдаг гээд төрөл, төрлөөрөө байдаг аж. Нэг жижиг кэйк-боов аваад буудал уруугаа явлаа. Яаж мэдэх вэ гэж хаширлаж байгаа нь тэр. Өрөөндөө ороод идэх гэсэн чинь манай хүн “би бас идэж үзье л дээ” гэж байна. Тэгэхээр нь “чамайг бодвол би архи тамхи хэрэглэдэг хүн, чи бол арай барахгүй” гээд ¼-ийг нь өглөө.
Х.Х: Их кайфтай эд юм гэсэн. Хэр таашаал авав даа?
Б.Б: Их хөгтэй. Хоёулаа идчихээд “энэ яах нь вэ?” гэсэн шиг бие, биеэ жаал харснаа “мэдэгдэх юм байна уу” гэцгээв. Нэлээн удлаа, зүв зүгээр. Тэгэхээр нь гадагш гарав. Гэтэл 5 минут явав уу, үгүй юү бие сулбайгаад, нэг л хачин болоод явчихлаа. Эхнэртээ “нөгөөдөх чинь нөлөөлж байх шиг байна , буцъя” гэсэн чинь дэлгүүр хэсэх хорхой нь хөдлөөд байсан болохоор их дурамжхан байна аа. Өрөөндөө ороод л, ор уруугаа зүтгэлээ. Тэгээд өглөө нь сэрсэн дээ.
Х.Х: Таашаал гэх юм аваагүй юм байна шүү дээ. Ер нь сэтгэхүй, сэтгэл санаанд чинь ямар мэдрэмж төрж байх юм бэ?
Б.Б: Ёстой ямар ч таашаал аваагүй. 16.00 цагийн үед орондоо ороод, маргааш өглөө нь 08.30-д сэрж, нэг юм цайндаа орсон шүү. Шөнө унтаад ч байгаа юм шиг, сэрүүн ч байгаа юм шиг. Шөнөжин бодсон ганц зүйл (санаа зовсон гэвэл таарна) “энэ мансуурлын байдал хэр удаан үргэлжлэх бол, хөгшин маань нөгөөдөр намайг Швед уруу (бид хоёр тийшээ очих ёстой байсан юм) авч явж чадах л байгаа даа” гэсэн бодол. Надад гарсан ганц өөрчлөлт бол шөнө маш их хөлөрсөн.
Х.Х: Тэгвэл марихуан гэдэг чинь дэмий эд шив дээ, их таашаал төрүүлдэг кайфтай эд гээд байсан?
Б.Б: Лав л, миний хувьд шал дэмий эд билээ. Ямар ч таашаал аваагүй. Архи нь дээр санагдсан гэвэл архи пиво сурталчилсан хэрэгт орчих болов уу.
Х.Х: Танай хүн яасан?
Б.Б: Яагаа ч үгүй. Ёстой юу ч мэдрээгүй гэсэн. “Цөөн хоногоор ирчхээд бүтэн хоног шахуу унтаад” гэж жаал үглэсэн. Шведэд ирээд худын талын хүмүүст marijuana experience-ийнхаа тухай ярихад “тийм хүмүүс байдаг юм гэсэн, манай нэг залуу шөнөжингөө орон доороос хар муур гарч давхиж байна гэж хар дарсан гэсэн” гэх мэт марихуантай холбоотой янз бүрийн хөгтэй явдлыг ярьж инээлдсэн дээ.
Х.Х: Хар тамхи хэрэглэчхээд хэн нэгнийг хохироовол яана?
Б.Б: Тэгвэл марихуан байнга хэрэглэдэг атлаа архичид шиг хүний мөнгийг дээрэмддэггүй, бусдаас гуйж гувшиж шаналгадаггүй, хэрэглэсэн хойноо хэн нэгнийг хэл амаар доромжилж, хэрүүл зодоон хийдэггүй, мөрөөрөө хэрэглэдэг бол яах вэ!
“Өөрийгөө эрх чөлөөний хань гэж үздэг хүн бүр эрх чөлөөний эсрэг албадлагыг улам хүчтэй хэрэглэж, иргэдийг марихуан хэрэглэсний улмаас шоронд хийдэг улс болгосны эсрэг тэмцдэг байх ёстой.” Нобелийн шагналт эдийн засагч, Милтон Фридман
Х.Х: Энэ асуудлыг ингээд орхиё. Одоо харин яагаад биеэ үнэлэгчдийг өмгөөлөөд байдаг талаар чинь ярилцах уу?
Б.Б: Биеэ үнэлэх! Өөр хэний ч биш зөвхөн өөрийнхөө биеийг ашигласны төлөө гэмт хэрэгтэн болчихдог бас хачин юм шүү. Тэгэхдээ хүрвэл, бид бүгдээрээ улсад эсвэл аль нэг компанийн захиралд “биеэ үнэлж” байж цалин авдаг байх шүү.
Насанд хүрсэн хоёр хүний сайн дурын үндсэн дээрх тохиролцоонд (“гэрээнд”) хөндлөнгөөс орж “биеэ үнэллээ” гээд хэрэгт хийдэг ямар гээчийн ардчилсан нийгэм байна аа! Тэгвэл, мөнгө төгрөг өгч, авалцалгүй (ө.х. биеэ үнэлэлгүй) сексийн харилцаанд орвол яах вэ?! Ингэхээр тэдний баримталж буй логикоор сэтгэж ч, үйлдэж ч болохгүй байгаа юм.
Х.Х: Гэхдээ, манайх шиг нийгэмд биеэ үнэлэх, хар тамхи, ижил хүйстний эрх гэх мэтийг хүчээр хаахад буруу юм байхгүй л санагдаад байгаа юм даа!
Б.Б: Буруу л даа. Чиний асуултад “но” байна. Манайх шиг нийгэм гэдэг чинь юу гэж байгаа юм бэ? Монгол хүн бельги, венесуэль, дани, холланд хүнээс дорой, тэсвэр тэвчээргүй, ухаан боловсролгүй гэж байгаа юм уу? Яагаад бусад үндэстний зөвшөөрөөд, болоод байдаг зүйл манайд болдоггүй юм бэ гэдгийг бодож үзсэн үү?
Хэн нэг хүн хар тамхи хэрэглэдэг эсвэл биеэ үнэлдэг байлаа гээд чамайг хүчээр тэр үйлдэлдээ уруу татаагүй, бас хэрэглэчихээд чамд болон нийгэмд хор хөнөөл учруулаагүй бол тэр хүний үйлдлийг зэмлэх, хориглох эрх байхгүй биз дээ. Хүнийг хүссэнээрээ байлгах гээд байдаг явдал либертари зарчимд харш. Би хар тамхи, биеэ үнэлэх явдлыг сайн гэж байгаа юм биш. Хүний эрхийн асуудал гэдэг талаас нь яриад байна шүү дээ. Муу гэвэл архи ч муу, тамхи ч муу. Бүгдийг нь хорих хэрэгтэй, тэгсэн тохиолдолд л эрх чөлөөгөө хасуулснаа мэдэрч эхлэх байх даа, хүмүүс. Бид чинь төрөөс өөрсөдтэй маань хүүхэдтэй харьцаж байгаа юм шиг харьцаж байхад таарсан хүмүүс болж байна уу!
Ижил хүйстний асуудал байна. Ер нь хоёр хүний хоорондын сайн дурын зөвшөөрөл дээр тулгуурласан үйлдлийг хэн ч хорих ёсгүй. Хэний ч албадлагагүй, хэн ч хүчээр тийм зүйл хий гэж шахаагүй, зөвхөн өөрсдөө хүсээд, хоорондоо сайн дураараа тохиролцох явдал тэдний эрх биш гэж үү? Хоёр хүний хоорондын сайн дурын асуудал гэж үзээд, түүнд хамгийн нормаль байдлаар хандах ёстой. Ямар нийгэмд үүнийг нормаль бус, гаж юм шиг үздэг вэ гэвэл коммунист, фашист нийгэмд л тэгж үзнэ. Сталин, Гитлерийн дэглэмийн үед тэднийг барьж хорьж, буудан алж байсан. Одоо эрх чөлөөг дээдэлдэг бараг бүх орон ижил хүйстний гэрлэлтийг хуулиар зөвшөөрч байна. Энд сайн дурын зөвшөөрөл гэсэн нэг үг байгааг сайтар ухах ёстой. Либертариуд үүнийг нь онцолдог. Фридман нарын (Милтон Фридман, Рөүз Фридман, Дэвид Фридман) бичсэнээр “Өөрийн сонголтоор аливаа үйлдэл хийх иргэний эрхийг хавчсан хуулийг төр гаргах ёсгүй” (Дашрамд хэлэхэд, Free to Choose гэсэн Фридманын номыг Хувь заяагаа сонгох нь хэмээн буруу орчуулсан гэж энэ утгаар хэлээд байгаа юм шүү дээ).
Ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх явдал тухайн оронд хүний эрхийг хэр дээдэлж буйг харуулах нэг үзүүлэлт болжээ.
Мөн мөрийтэй буюу бооцоот тоглоом байна. Энэ бол хүний эрх чөлөөг илэрхийлсэн зүйл. Мөн л, хэн ч тэр хүнийг мөрийтэй тогло гэж албадаагүй, шахаагүй. Өөрөө л мөнгө, хөрөнгөө дэнчинд тавих уу, үгүй юү гэдгээ шийдсэн. Ингэх ч эрх түүнд бий. Тоглохгүй байх бүрэн эрх, бололцоо ч бас бий. Тэгэхээр өөрөө сонголтоо хийж. Энд л хариуцлага гэж зүйл гарч ирнэ. Бас эерэг гэмээр ч зүйл харагддаг. Улс төр юм уу, нийгмийн амьдралаас харж байхад хүмүүс, эрх мэдэлтнүүд хийгээд хөрөнгө мөнгөтэй хүмүүст тал засаж, долигонож байдаг бол мөрийтэй тоглож байх үед эсрэг тоглогч хэн байх нь огт хамаагүй. Тал засах, хуурамчаар бууж өгөх гэсэн юм байхгүй. Тоглогчид яг л, дүрмийн дагуу харьцаж, жинхэнээсээ шударга тоглодог.
“Өөрийн сонголтоор аливаа үйлдэл хийх иргэний эрхийг хавчсан хуулийг төр гаргах ёсгүй.” (Free to choose) Рөүз Фридман, Милтон Фридман
Х.Х: Биеэ үнэлэх асуудал уруу эргэж оръё. Гудамжинд явж байхад чинь биеэ үнэлэгч нэгэн ирээд хамт “явъя” гэвэл яах вэ?
Б.Б: “Уучлаарай, би явахгүй ээ” гээд л боллоо шүү дээ. Энд ямар ч заль мэх, хүчирхийлэл алга. Нэг эмэгтэй зүгээр л надад санал тавьж байна. Тэр өөрт байгаа ганц зүйл болох биеэ л санал болголоо. Надад түүнийг нь хэрэглэх ч эрх байна, эс хэрэглэх ч эрх байна. “Наран-туул”, “Хар-хорин” захын худалдаачин хүүхнүүд шиг эд барааны үнээ худал хэлэх, жин жинлүүрээс хасаж нэмэх, хариулт мөнгийг минь дутуу өгөх зэргээр гэмт хэргийн чанартай үйлдэл хийсэнгүй.
Х.Х: Ер нь, тэр хүүхэнд тэгж явах ямар шалтгаан байдаг юм бол? Би л лав орооцолдохгүй, тийм юмнуудтай.
Б.Б: Ямар ч шалтгаан байж болно. Ар гэрээ тэжээдэг ч юм уу, төр асуудлыг нь шийдэж өгнө хэмээн мөнгийг нь авчхаад, гаргуунд нь хаячихсан ч байдаг юм уу. Тэгэхээр түүний хувьд бусдын эрхийг зөрчихгүйгээр амь, амьдралаа тэтгэх ганц арга зам нь биеэ үнэлэх явдал байвал яах вэ? Тэр намайг хүчээр тийм харилцаанд оруулах гээгүй, дургүй бол түүнтэй орооцолдохгүй байх боломж надад бүрэн байна. Тэгэхээр төр ийм зүйлийг хувь хүмүүсийн хэрэг гээд орхичхож болохгүй гэж үү?
Түүнд өөр ч шалтгаан байсан байж болно. Бэлгийн дур сонирхол гээд. Ямар ч байсан бусдыг хуурч мэхлэх, эсвэл хүч хэрэглэх замаар тэр ажилдаа уруу татаагүй бол өөрөө, өөрийнхөө биеийг мэдэх эрхтэй. Тэгэхээр тэр хүний бие махбодыг өөр хэн нэгэн (тэр тусмаа төр) мэдэж болохгүй.
Чи ийм юмнуудтай орооцолдохгүй гэлээ. Энэ ч бас чиний хэрэг. Гэхдээ өөрийнхөө дургүй зүйлийг гэмт хэрэг хэмээн үзээд, зарлаж болохгүй биз дээ. Чиний дургүй зүйлд бусад хүн дуртай байж болно. Нөгөө талаас, тамхи татах, архи уух явдлыг чинь энэ бүхэнд дургүй нэг хүн гэмт хэрэг гэж зарлавал чиний хувьд “хүний эрх” зөрчигдөж буй хэрэг биш үү! Тэгэхээр дургүй бол тийм зүйл хийхгүй л бай, тэгэхэд л болно.
Х.Х: Биеэ үнэлэх чинь тэгээд гэмт хэрэг биш гэж үү?
Б.Б: Хоёр хүн хоорондоо сайн дураар тохирсон ямар ч зүйлийг гэмт хэрэг хэмээн үзэж болохгүй. “Сайн дураар” гэдэг бол гол утга шүү дээ. Хүчинд автаагүй, албадлагагүй, заль мэхэнд ороогүй байна шүү дээ, өөрийн сайн дураар. Өөрөө, өөрийгөө мэдэх гэж үүнийг л хэлээд байгаа юм.
Мөнгө өгөж авалцахаар л гэмт хэрэг болчихдог юм биш. Хэн нэг хүн мөнгө авахгүйгээр сайн дураараа олон хүнтэй бэлгийн харилцаанд ороод байвал яах вэ? “Биеэ үнэлсэн” гээд хэрэгт хийх гэдэг тэр үндэслэл замхарчихлаа шүү дээ. А-логик зүйл гэдэг угаасаа а-логик байдаг.
Бид ер нь, улсад, төрд, хувийнханд биеэ үнэлж л амьдардаг шүү дээ. Эмч хүн өөрийн чадварыг ашиглаж, багш хүн мэддэг зүйлээ зааж, шүүгч хүн хуулийн мэдлэгээ ашиглаж, түүнийгээ үнэлүүлэн мөнгө олдог. Эмчийн чадвар, багшийн мэдлэг, хуульчийн мэдлэг, чадвар гэдэг бол тухайн хүний нэг хэсэг мөн. Энэ бүхнээ ашиглаж л мөнгө олж байна. Биеэ үнэлэгч профессор, биеэ үнэлэгч эмч, биеэ үнэлэгч хуульч. Өөрийн биеийг үнэлэхгүй яах юм бэ, ямар хүний юмаар хүүдгэнэж байгаа биш. Бас хулгай, дээрэм, залилан хийж амьдралтай биш. Тэгэхээр биеэ үнэлэхгүй мөнгө олдог хүн бол мөлжигч этгээд мөн.
Х.Х: Тийм ч юм уу, логик үндэслэл байх шиг. Биеэ үнэлнэ гэдэг бол бусдыг хохироохгүйгээр өөртөө байгаа зүйлийг ашиглаж байгаа хэрэг байх нь. Бие махбодь гэдэг бол ганц өөрт заяасан зүйл! Тэр эмэгтэйн хувьд биеэ үнэлэх нь гэр бүл, үр хүүхдээ тэжээх эцсийн арга байгаад түүний энэ үйлдлийг хорих аваас үр хүүхэд нь яах вэ? Хориод буй хүмүүс гэр бүлийг нь тэжээх нөхцөл бололцоогоор хангаж өгч чадаж байгаа юм уу гэсэн асуултууд гарах нь зүй!
Тэгээд ч, чиний хэлээд байгаагаар санал тавьсан болохоос хүч хэрэглээгүй юм байна. Гэхдээ л ийм санааг нийгэм, тэр тусмаа одоогийн Монголд хүлээж авахгүй л дээ …
Б.Б: “Хэт” буурь суурьтай хүмүүсийн хувьд үнэхээр цочирдом зүйл либертари үзэлд их бий л дээ. Хэт буурьтай байгаа шалтгаан нь тэд тухайн үйлдлийг яагаад зөв, яагаад буруу гэдэг юм бол хэмээн ерөөс боддоггүй, зүгээр л “хууль эсвэл олон хүн буруу гэж байна, тэгэхээр буруу байж таарна” гэсэн догм бодолтой байдаг.
Гэхдээ чиний яриад байгааг ч ойлгож байна л даа. Энд яригдаж буй марихуан, ижил хүйстэн болон биеэ үнэлэх явдлыг зөвшөөрөх тухай асуудлыг тавина гэдэг манайд оршин буй менталитетын үүднээс авч үзвэл үнэхээр “зүүдэнд ч оромгүй явдал”! Манайд энэ асуудлыг хүний эрхтэй холбон тавьж, маргаан өрнүүлэх сэтгэлгээ, боловсрол, ёс суртахуун бүрдээгүй байна. Ийм асуудлыг ярих гэж оролдвол галзуу, солиотой, шизофренитэй энэ тэр гээд зүсэн бүрээр гоочлох биз.
Х.Х: Нээрэн, Холланд, Бельги, Дани зэрэг хөгжилтэй орнуудад энэ бүхэн чөлөөтэй байдаг гэсэн. АНУ-ын 13 муж-улс, 2014 онд Венесуэль улс марихуаныг чөлөөтэй болгож хуульчилсан гэдэг биз дээ?
Б.Б: Яагаад гэдгийг мэдэх үү? Яагаад гэвэл, тэндхийн төр-засаг иргэдээ, өөрсдийгөө аваад явчхаж чадна, тохируулж хэрэглэнэ гэдгийг мэдэж байна, итгэж ч байна. Зохисгүй хэрэглээтэй цөөн хүнээр далимдуулж зохист хэрэглээтэй үй олон хүний эрхийг зөрчихгүй байна. Тэгээд ч, хувь хүн өөрийнхөө биед юу хэрэглэх, хэнтэй унтаж хэвтэхийг төрөөс зааж зааварлаад, хориод байх нь хүний эрхийн үүднээс эвгүй үйлдэл гэдгийг ухаантай хүмүүс ухамсарладаг.
Би өөрийгөө дани, холланд хүнээс дутуугүй ухамсар, тэсвэр тэвчээртэй гэж үзэж байгаа учраас тэдний хэрэглэж болоод байгаа зүйлийг бусдад хор хохирол учруулахгүйгээр хэрэглэж чадна. Монголын төр намайг ухамсар, тэсвэр тэвчээрээр дани, холланд хүмүүсээс дутуу гэж үзээд байх шиг байгаа юм.
Х.Х: Хуулийн тухай ярьж байхад чи энэ талаар ярьж байсан санагдана.
Б.Б: Тийм ээ, “хохирогчгүй гэмт хэрэг” гэсэн нэр томъёотой холбогдуулан ярьсан. Энэ бол маш аюултай томьёолол. Хэнийг ч хохироогоогүй байхад намайг хэрэгт хийх гэсэн шалтаг.
Х.Х: Хэнийг ч хохироогоогүй юм гэхэд өөрөө, өөрийгөө хохироогоод байгаа юм биш үү?
Б.Б: Хүн, их өөх тостой хоол идэх, архи тамхи хэрэглэх, хэтэрхий ачаалалтай ажиллах гээд өөрийгөө маш их “хохироож” байдаг. Дээрх томьёоллоор энэ бүхэн гэмт хэрэг болох нь ээ дээ. Нөгөөх төр сүүлдээ бүр “намайг надаас хамгаалах” гээд байгаа юм биш үү. Бидний ярьж буй зүйлийн тухай Марк Твэйн “энэ бүхнийг хэрэглэснээр хэний бие хохирох юм бэ, төрийн бие үү” гэж ёжлон асуусан байдаг.
Бидний унших дуртай Том Сойерын адал явдал, Хакклбэрри Финын адал явдал хэмээх зохиолуудыг бичсэн, дэлхий даяар дуурссан зохиолч Марк Твэйн (АНУ. 1835-1910 он) нь хүний эрхийг жинхэнэ утгаар нь ойлгодог хүн байжээ.
Өөрөө, өөрийгөө хохироох нь гэмт хэрэг болдог юм бол би саваагаар өөрийгөө цохиод авлаа, намайг гэмт хэрэгт татах нь ээ. Хортой бүхнийг хорино гэвэл, архийг хорино, тамхийг хорино, яв явсаар өөх тостой хоол идэхийг хорино, хоёр цагаан хор болох давс, элсэн чихрийг хорино, энэ мэтээр хувь хүнд өөрийгөө мэдэх юм үлдэх үү? Тэгэхээр, “өөрийгөө хордуулах эрх бол хүний эрх мөн” гэвэл стэйтистүүд юу ч ойлгохгүй нь л дээ!
Х.Х: Америкт 1920-30-иад онд арав гаран жил архийг хориглосон “Хуурай хууль” гаргаж байсан. Энэ хуулийн хэрэгжилт яагаад бүтэлгүйтсэн юм бэ? Одоо Холланд, Бельги, Дани зэрэг оронд биеэ үнэлэх явдал, хар тамхийг яагаад хориглодоггүй юм бол?
Б.Б: Хуульд юу гэж заах нь хамаагүй. Архи уух, хар тамхи татах, хэн нэгэнтэй тохиролцсоны үндсэн дээр бэлгийн харилцаанд орох. Энэ бүхэн бусдад хор хохирол учруулахгүй гэдгийг мэдэж байгаа хүн хуульд юу гэж заасныг үл тоомсорлон, үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байдаг. Энэ л гол шалтгаан, өөр юм байхгүй.
Америк, Дани, Холландад одоо өч төчнөөн хүн хар тамхи хэрэглээд явж байна. Тэд, бүгд гудамжны, ажил төрлөө алдсан, гуйлгачин, дээрэмчин биш (мэдээж, тийм хүмүүс ч олон бий). Маш өндөр албан тушаалтан, тэр ч бүү хэл, хууль цагдаагийнхан хүртэл өөрсдөө хэрэглэдэг. Гол нь тэд хүний мөнгөөр тухайн зүйлээ авдаггүй, хэрэглэсэн хойноо хэнд ч гай болдоггүй. Хувь хүний эрх чөлөөг дээдэлсэн ертөнцөд хар тамхины эсрэг хууль гэдэг бол нэгэн төрлийн “хуурай хууль” гэдгийг хүмүүс хүлээн зөвшөөрч эхэлж байна.
Америкт “хуурай хууль” байсан, тэр үед хамгийн муу архи гарч, олон хүн хордсон; чухам тэр үед л архины нууц наймаагаар мафи-гэмт хэргийн ертөнц цэцэглэсэн; архи хэрэглэсэн үедээ биеэ авч явж чаддаг олон ухамсарт иргэн тэр үед хэрэглэсээр байсан; тийм учраас “гууль болсон хуулиа” цуцлахаас өөр аргагүй болсон; энэ хуулийг цуцалснаар улс төрчид болон хуульчдын бодож байсан шиг нийгэм тэр чигээрээ гэмт хэрэгт живчхээгүй гээд олон зүйлийг хэлж болно. Тэгэхээр хар тамхийг хориглосон одоогийн хууль бол нэгэн төрлийн “хуурай хууль”, одоо дэлхийн олон улс оронд энэ хуулийг цуцлахын төлөө хөдөлгөөн өрнөж байна.
Ер нь хар тамхины хувьд үнэн зүйл архины хувьд ч үнэн, архины хувьд үнэн зүйл хар тамхины хувьд ч үнэн. Хорих юм бол бүгдийг нь хорих хэрэгтэй.
1930-аад онд Америкт үүсч “цэцэглэсэн” мафи бол “Хуурай хуулийн” шууд үр дагавар юм.
Х.Х: Ихэнх хүний буруушаадаг иймэрхүү үзэгдлийг яагаад либертари үзэл “өмөөрдөг” юм бэ?
Б.Б: Хар тамхи, биеэ үнэлэх зэрэг нь өөрөөсөө, өөр хэнийг ч хохироогоогүй, бас хувь хүн зөвхөн өөрт байгаа зүйлийг ашиглаж, өөрийн мөнгөөр худалдан авч байгаа учраас хувь хүний эрх чөлөөний асуудал гэж үздэг. Тэр хүн төрийн “биеийг” ашиглаагүй, таны биеийг ч ашиглаагүй, зөвхөн өөрийн биеийг л ашиглаж байна. Хордлоо гэхэд төрийн болоод таны биш түүний бие, махбод л хохирно. Тэгэхээр тэр бие, махбод өөрийнх нь юм бол хүссэнээрээ ашиглах эрхтэй. Биеэ үнэлэгчийн хувьд бол, түүний тавьсан саналыг нь хүлээж авахгүй байх эрх танд бүрэн бий шүү дээ. Тэр хүн хүчээр зөвшөөрүүлэх гээгүй, таны сайн дурын зөвшөөрлийг л авах гэж байна, өөр юу ч алга.
Х.Х: Хүний эрх, эрх чөлөөний тухай ярьж буй үед эмэгтэйчүүдийн эрхийн тухай орхиж болохгүй байх. Сонгодог либерал үзэлд энэ талаар олигтой зүйл байдаггүй. Өөрөө ч тэр талаар шүүмжлэлт аяс цухалзсан үг өмнө хэлж байсан. Либертариуд эмэгтэйчүүдийн эрхийн талаар юу хэлэв?
Б.Б: Либертари үзлийн, либерал үзлээс ялгагддаг нэг гол зүйл бол фенимизмийн (эмэгтэйчүүдийн эрхийн) асуудалд анхаарлаа хандуулдагт оршино. Хүний эрхийн тухай ойлголтод эмэгтэйчүүдийн эрхийн тухай ойлголт гарцаагүй багтдаг.
Эмэгтэйчүүдийн эрхийн хамгийн гол төлөөлөгч бол энэ талаар ном бичсэн Мэри Уолстоункрафт (1759-1797 он) юм. Тэрээр “эрэгтэйчүүдийн хувьд тэгш эрх гэдэг бол … эмэгтэйчүүдийг эрхшээлдээ байлгах явдал юм гэж үү?” хэмээн ёжлон асууж байв. Түүнийхээр эмэгтэйчүүд ч гэсэн “өөрийгөө мэдэх болон юмсыг өмчлөх эрхтэй”. Либертариуд Уолстоункрафт зэрэг сэтгэгчдийн үзлийг бүрэн хүлээн зөвшөөрдөг. Учир нь, тэд бүх хүн адил гэсэн либертари зарчмыг баримталж байна. Хүн, тухайлбал, эмэгтэй хүн эр нөхрөөсөө хараат бусаар хүссэн амьдралаа сонгох эрхтэй.
“Банзалтай суутны нэг” гэж зүй ёсоор тооцогддог Мэри Уолстоункрафт (Английн зохиолч, феминист. 1759-1797 он) ба эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалсан түүний гол бүтээл A Vindication of The Rights of Woman (Эмэгтэйчүүдийн эрхийг харуулахуй). Алдарт философич Уиллъям Годвин бол түүний нөхөр юм.
Х.Х: Манай улсад хүний эрхийн байдал ямар байдаг юм бол? Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК) гээд нэг байгууллага байх шиг байдаг?
Б.Б: Монголд хүний эрхийн байдал ямар байгаа нь бидний сая ярьж байсан зүйлс, тэдгээрт хандах хандлагаас харагдах байх.
Миний хувьд ХЭҮК-ын тухайд тун онцгүй сэтгэгдэлтэй байдаг. Энэ байгууллага олигтой ажилладаггүй. Уг нь Монголд энэ байгууллага шиг их ажилтай байгууллага байхгүй баймаар. Энэ байгууллагад ажилладаг хүмүүс “хүний эрх” гэдгийг хуулийн хуурай, хуулийн хөлдүү хэллэгийн хүрээнд хүлээн авдаг, философи талаас нь огт ойлгодгүй.
Х.Х: “Бид одоо эрх чөлөөтэй, манайх шиг эрх чөлөө нь хэтэрсэн орон байхгүй” маягийн юм ярьдаг олон хүнтэй би тааралдаж байсан.
Б.Б: Үнэндээ, монголчууд бидний эрх чөлөөний мэдрэмж Барууны иргэдийг бодох юм бол маш муу. Үүнийг шууд хэлэх хэрэгтэй. Эрх чөлөөг маань зөрчиж буй олон зүйлийг (хууль тогтоомж, тогтоол заавар, эрх мэдэлтний хүсэл, бусдад гаргаж буй зан араншин гээд) мэддэггүй. Энд Томас Жэффэрсонын хэлсэн үгийг өөрийн эрхгүй хэлмээр санагдлаа: “Эрх чөлөөтэй хүн ганцхан төлбөр хийдэг. Тэр нь эрх чөлөөний сонор сэрэмж” гэж. Тэгвэл, бид эрх чөлөөнд халдсан олон зүйл дээр сонор сэрэмжгүй байна. Төлбөрөө хийхгүй байна гэсэн үг. Нэгэнт төлбөрөө хийхгүй байгаа тохиолдолд тухайн зүйлээ (эрх чөлөөгөө) алдаж таарна.
Х.Х: Чи эрх чөлөөтэй байхыг л албадаад байна аа даа?
Б.Б: Яалаа гэж. Эрх чөлөөг хүчээр эдлүүлэх юм бол эрх чөлөө биш болно. “Эзнийхээ өгсөн хоолыг идээд, ‘яв’ гэсэн газар нь явж, ‘бос’ гэсэн газар нь босож, ‘суу’ гэсэн газар суугаад, ‘хий’ гэсэн юмыг хийчхээд боолын байдалдаа амар жимэр амьдрах” гэсэн хүн байж болох юм. Түүнийг хүчээр эрх чөлөөтэй болговол жинхэнэ “эрх чөлөөнөөс” нь холдуулж буй хэрэг. Эрх чөлөө гэдэг үзэгдлийн үндэс бол өөрийнх нь хүсэл, сайн дурын зөвшөөрөл гэсэн хоёр зүйл байх ёстой.
Америкийн хувьсгалын 100 жилийн ойд зориулж 1886.Х.26-нд францчуудаас бэлэглэсэн “Мисс Лайбэрт” (“Miss Liberty” -“Эрх чөлөөний Хатагтай”) буюу “Дэлхийг гэрэлтүүлэгч эрх чөлөө” хэмээх 92 метр өндөртэй энэ хөшөө Нью-Иоркийн боомтын эрэг дээр сүндэрлэж байдаг. Фредерик-Огюст Бартольдын зохиомжилсон энэ хөшөө дэлхий даяар эрх чөлөөний бэлгэ тэмдэг болсон юм.
Х.Х: Эрх чөлөөтэй уялдуулан, оюун санааны эрх чөлөөний тухай яримаар байна. Бидний үед нэг намын үзэл суртлаар ёстой бөмбөгддөг байсан даа. Сонин, радио, телевиз гээд хэвлэл-мэдээллийн бүх хэрэгсэл, нам, эвлэлийн дугуйлан, өглөө, оройны сонин уншлага, лекц яриа, жагсаал цуглаан, албан тасалгаандаа ярьсан яриа, бүгд марксизм-ленинизм, социализм, коммунизм, энхрий хайрт МАХН-ын тухай байдаг байв (арай л ор хөнжилдөө энэ сэдвээр ярьдаггүй байсан байх).
Монголд марксизм-ленинизмийг дэлгэрүүлэхийн тулд МАХН, түүний “бууны нохой” болсон Дотоод Яамныхан дундад зууны Европт христийн шашныг дэлгэрүүлэх гэж сүм хийд (инквизаци ашиглан), 1930-аад онд Германд нацизмыг дэлгэрүүлэхээр Геббельсийн үзэл суртлын машин (болон гестапо) хэрхэн ажиллаж байснаас огтхон ч дутахааргүй ажиллаж байв. Марксизм бүх юмыг мэддэг байсан даа, хувь хүний хүрээ уруу хэтэрхий орж, гэр бүлийн асуудлыг ч марксизмаар зохицуулдаг байв. Мал яаж маллахаа хүртэл марксизмаас асуудаг байсан.
Энэ бол ард түмнийг нэг маягаар гипнозодсон хэрэг байлаа. Гипноздолтод орж, мансуурч, ховсдуулсан ард түмэн өөрсдийн эрхэмлэх ёстой бүхнийг таягдан хаяж, хийрхэж, хуралдахын дон тусдаг. Жорж Орвэллийн хэлсэн “үзэн ядалтын цуглааны” өвчтэй болно. Энхрий хайрт намынхаа их хуралд сууж, алгаа хорстол алга ташин, коммунист удирдагчдынхаа зураг, хөргийг томоос томоор зурж, шүтээнчилнэ.
Унгар, Чех, Герман, Польш зэрэг оронд “эхийн буюу аргадах маягийн ховсдолт” давамгайлж байсан (мэдээжээр эдгээр оронд “эцгийн буюу захирах гипноздолтыг” ч багагүй хэрэглэдэг байсан) бол манайх болон Орос, Хятад, Хойд Солонгос, манайд дан ганц “эцгийн буюу захирах гипноздолтоор” (“эхийн буюу аргадах маягийн ховсдолт”-ыг огт хэрэглэдгүй байсан) хүмүүсийг эрхшээлдээ байлгаж байв. Айхавтар хүчтэй ховсдуулдаг байсан тул өөр юуг ч эргэцүүлэх сөгөөгүй болно. Тэр үед оюун санааны эрх чөлөө гэж огт байгаагүй, бүгд “сэтгэхүйн цагдаагийн” эрхшээлд байсан даа.
Жорж Орвэлл нь (Английн зохиолч. 1903-1950 он) Амьтны ферм (Эзнээ сольсон нь) ба 1984 номнуудаараа 1924-1990 оны хооронд Монголд байсан шиг коммунист нийгмийг уншигчдын ой тойнд ортол дүрслэн үзүүлжээ. Энэ хоёр ном хоёул ахмад дипломатч Д.Чулуундорж гуайн орчуулгаар монгол хэлнээ хэвлэгдсэн.
Б.Б: Тийм ээ, тоталитари нийгэмд олон ургальч үзэл гэж байхгүй. Нийтээр нэг л зүйлийг шүтэж бишрэх ёстой болдог. Тийм ч учраас “тоталитари” гэсэн нэр авдаг.
Либертари үзлээр, хүн ямар үзэл бодол баримталж, ямар шашин шүтэх нь хувийн хэрэг. Хүний тархи-толгой доторх оюун санаа шиг хувийн шинж чанартай зүйл гэж юу байх юм бэ! Ийм хувийн шинж чанартай зүйлд төр оролцох ёсгүй.
Оюун санааны эрх чөлөө бол эрх чөлөөний хамгийн тод илрэл. Хүн угаасаа бусдыг хянах юм уу, бусдаар өөрийгөө хянуулаад байхыг хүсдэггүй. Иймд хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхэд халдах ёсгүй. Энэ талаар хянаж, цагдах аливаа оролдлоготой бүх иргэд тууштай тэмцэх ёстой. Сэтгэлгээ чөлөөтэй, ө.х. нэг үзэл сурталд баглагдаагүй байх нь эрх чөлөөний үндсийн үндэс мөн.
Х.Х: Оюун санааны эрх чөлөөтэй болоход хүчтэй нөлөөлдөг зүйл бол боловсрол гэж бодогддог. Дарангуйлагч сургалттай газарт, нэг хэвийн, догм маягийн зүйл заагаад байвал оюун санааны эрх чөлөөний тухайд юу ярих билээ?
Б.Б: Тийм ээ, либертари өнцгөөс харвал боловсрол нь оюун санааны эрх чөлөөний шимт хөрс байх ёстой. Гэхдээ, манай төрийн эрхшээлд буй боловсрол хувь хүмүүсийн эрэлт хэрэгцээг харгалзахгүй байна. Амьдралд хэрэггүй олон хичээлээр дарамталдаг. Хүүхдийг бусдын ам харамтгай, бие даасан байдалгүй, хариуцлагагүй болгож байна. Сургуулийн үнэлгээ, хуурамч. Энд Шелдон Ричмэн гэдэг хүн Төр, сургууль хоёрыг тусгаарлах нь хэмээх номдоо хэлсэн дараах үгийг эшилмээр байна: “Эцэг, эхчүүд хүүхдийнхээ боловсролд төр өөрсдөөс нь илүү үүрэг гүйцэтгэдэг гэж боддог нь хачирхалтай”.
“Надад өөрийн боловсролын эзэн байх бололцоо өгөөч, тэгвэл би ертөнцийг өөрчилье!” Лэйбниц
Эрх чөлөөт боловсрол дэлхий ертөнцийг өөрчилнө.
Х.Х: Төрийн сургуульд найдахгүй өөр яах юм бэ?
Б.Б: Либертариуд ямар ч асуудал дээр төрд найддаггүй. Харин өөртөө найдах, өөрөө хичээх тал дээр их анхаардгийг чи гадарлах байх. Тийм болохоор, хүнийг эрх чөлөөтэй байхад боловсрол чухал гэдгийг хүлээн зөвшөөрнө. Хүүхдийн бие дааж сурах тал дээр бид, эцэг эх онцгой анхаарах ёстой. Энэ нь “би хэний ч туслалцаагүй, өөрөө сурч чадна” гэсэн итгэл үнэмшлийг бий болгодог.
Х.Х: Кант ч бас соёл иргэншилтэй холбогдуулж, иймэрхүү зүйл хэлсэн байдаг. Соён гэгээрлийн хамгийн гол ач холбогдол, хүмүүс мэдлэг боловсролтой болсноороо бусдыг хоосон дагахаа больж, бие даасан сэтгэлгээтэй болдог гэсэн утгатай.
Б.Б: Тийм ээ, яг либертари утга байна. Соён гэгээрэл гэж нэрлэгдсэн тэр хөдөлгөөний үед либерализм Европ даяар тархаж эхэлсэн нь учиртай юм шүү. Тэр үед Англид чөлөөт худалдааг хөхиүлэн дэмжиж байв. Мөн Францад физиократууд орчин үеийн эдийн засгийн ухааны үндсийг тавив. Эд бол тухайн үед либертари гэмээр эдийн засгийн онолыг хөгжүүлсэн: татварыг бага байлгах, чөлөөт худалдааг хөгжүүлэх, албадлагын хөдөлмөрийг устгах гээд.
Францын соён гэгээрлийн тухай хүн бүр мэдддэг. Тэгвэл шотландууд ч соён гэгээрлийг либерал хөдөлгөөнтэй нягт холбосон хүмүүс юм. Хамгийн алдарт төлөөлөгчид нь Дэвид Хюм, Адам Смит нар.
Х.Х: Та нар шашны асуудалд нэлээд сөрөг байр суурь баримталдаг юм биш үү? Энэ чинь оюун санааны эрх чөлөөнд харшлахгүй гэж үү?
Б.Б: Яагаад ингэж бодох болов оо? Бид энэ талаар санаа бодлоо нэг их илэрхийлдэггүй шүү дээ?
Х.Х: Санаа бодлоо илэрхийлэхгүй, энэ асуудлаас дөлөөд байдаг шиг болохоор ийм сэжиг төрдөг юм.
Б.Б: Бид сүсэгтнүүдийг хүндэтгэнэ. Тэд үл оршигч бурхныг шүтдэг байсан ч хүндэтгэнэ. Тэд намайг бурхан шүтдэггүй гэж шоолон тохуурхаж, гадуурхдаггүй шиг би тэднийг бурхан шүтлээ гэж ад үзэхгүй. Энэ бол хувь хүний оюун ухаан, боловсрол, хүсэл зоригтой холбоотой зүйл. Харин шашны фанатикууд ингэж үздэг билүү!
Х.Х: Юу л хэлэх гээд байна даа?
Б.Б: Либертари үзэлтнүүд шашны асуудал дээр янз бүрийн байр суурь баримталдаг. Гэхдээ шүтлэггүй тал нь давамгайлна. Учир нь, либертари үзэл маань чөлөөт сэтгэлгээг эрмэлздэг бол аливаа шашин, түүний дотор хамгийн “либерал хэмээн хэлж болохуйц шашин” ч догм (хэвшмэл номлол) дээр тулгуурлаж байдаг. Хоёрт, либертариуд ижил хүйстэн, үр хөндөлт, мансууруулах бодис гэх мэт асуудалд хүний эрхийн үүднээс ханддаг бол шашин эдгээр асуудалд маш чанд хориг тавьдаг. Либертариуд бурхангүйн үзлийн талд илүүтэй зогсдог нь үндсэндээ, эдгээр шалтгаанаар нөхцөлдөнө.
Айн Рэнд, Роаркийн барьсан барилга “… банкны байшин, шүүхийн байр, сүмийн (онцлов. Б.Б) шовх оройнуудаас ч дээш гарлаа. Тэнд зөвхөн тэнгис, тэнгэр, Роарк гурав л байна” гэж Эх сурвалж романаа төгсгөсөн нь санамсаргүй хэрэг биш юм шүү.
Х.Х: Либертари үзлийг эсэргүүцэж, шүүмжлэх явдал оюун санааны эрх чөлөөнд багтах уу?
Б.Б: Багталгүй яах вэ. Гэхдээ, бас учир байна аа. Сэтгэх эрх чөлөө гэдэгт мэдэхгүй сэдвээрээ хэнийг ч хамаагүй шүүмжлэх, дайрч довтлох эрх чөлөө багтахгүй. Нөр их судалгаа, асар их хөдөлмөрийн үр дүнд бий болсон онолыг тэр талаар сураг сонсох төдий мэдлэгтэй захын хүмүүс шүүмжилж байхыг Ч.Дарвины найз Томас Хакслэй хараад “Аугаа оюун ухааныг хамгийн өчүүхэн хүмүүс хүртэл шоолон тохуурхаж, дорд үздэг боллоо” гэсэн байдаг. Түүн шиг улс төрийн философийн олигтой ганц ч ном сөхөж хараагүй, өгүүлэл хайчилбар цуглуулж, интернэт ухаж мэдлэгээ сэлбэж байдаг юмнууд либертари үзлийг шүүмжилж байгаа харагддаг л юм. Арга ч үгүй дээ, хүмүүс аливаа зүйлээс өөрт заяасан савны хэрээр хутгадаг юм хойно.
Х.Х: Өнөөдөр Монголд оюун санааны эрх чөлөө ямар түвшинд байна вэ?
Б.Б: Кантын хэлснээр “Мөнгө [бас эрх мэдэл. Б.Б.] байхад бодож сэтгэх хэрэг юун, энэ яршигтай ажлыг бусад хүн л хийнэ биз. Бодоод байх юмгүй, тушаал биелүүл; Бодоод байх юмгүй, татвараа төл; Бодоод байх юмгүй, сүсэглэж бишир!” (И.Кант Соён гэгээрэл гэж юу вэ? эссэнээс) гэх хүмүүс маш их болжээ.
“Философийн түүхэнд эрх чөлөөний талаар маш ул үндэстэй бичигдсэн ном. Түүнийг зохиогч Жон Стюарт Милль (Английн философич, 1806-73 он)”
Х.Х: Засгийн газраас “ийм зүйлийг үзүүлж болохгүй” гэж зарим сайтыг хаасан. Энэ чинь хэвлэл, мэдээллийн эрх чөлөөнд харшилж буй хэрэг мөн биз?
Б.Б: Яг мөн, эрх чөлөөнд маань харшилж буй ийм үйлдлийг мэдэрч байвал бид Томас Жефферсоны хэлснээр “эрх чөлөөтэй байсныхаа төлбөрийг хийж байна”, ө.х. “эрх чөлөөний сонор сэрэмжтэй байна” гэсэн үг шүү дээ.
Х.Х: Ойлгомжтой. За, болих уу даа хоёулаа, нэлээд оройтчихлоо.
Б.Б: Тэгье дээ, өшөө жаахан татчихвал явж чадахаа болих шинжтэй.
Эхний яриа: Нэгэн “хачин жигтэй” үзлийн тухай
Хоёр дахь яриа: Төр бага бол зардал бага
Гурав дахь яриа: Хууль хэрхэн гууль болдог вэ?
Дөрөв дэх яриа: Зөнд нь орхичих, дэлхий өөрөө эргэдэг юм!
Тав дахь яриа: Хувийн өмч vs улсын өмч
Зургаа дахь яриа: Олонхийн дарангуйллын эсрэг хувь хүн
Долоо дахь яриа: Амиа бодоход учир бий
Найм дахь яриа: “Намайг хэн мэдэх ёстой вэ, төр үү эсвэл би өөрөө юү?”
Ес дэх яриа: Эрх чөлөө, эрхийн талаарх өмнөх сэдвээ үргэлжлүүлье
Арав дахь яриа: Либертари үзэл улс төрчдийн багийг хуу татдаг
Арваннэг дэх яриа: Эс сонголт нь өөрөө сонголт мөн