Хоншоортой бай, МАН-ынхаан?

Хуучирсан мэдээ: 2015.11.18-нд нийтлэгдсэн

Хоншоортой бай, МАН-ынхаан?

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ард түмнээс санал асуухаар болж, холбогдох хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлсэнд Ардын намын гишүүд ууртай, бас айдастай байна.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг одоо хийх цаг нь биш гээд гэдийж байна. Уг нь хэдхэн сарын өмнө тус намынхан “Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхгүй бол улс орон сүйрэх нь. Сонгуулийн хуулиа ч өөрчилье, уг хуулийг өөрчлөхдөө намын жагсаалтаар УИХ-д сонгогддог тогтолцоог халах ёстой. Энэ асуудлаар ард түмнээс санал асууна” гээд хуулийн төсөл өргөн мэдүүлж байсан. Гэтэл одоо юу болж байна вэ гэхээр өвөл болж байна, цаг агаар хэцүүдлээ. Цас их уналаа, зарим даваа гүвээ хаагдах нь. Ард иргэдээс санал асууна гэдэг бүтэхгүй гээд аль болж бүтэхгүй бүхнийг жишээ болгон ярьж, Үндсэн хуулийг өөрчлөх эсэхээр ард түмнээс санал асуухыг тээршээж эрхэнд нь халдах шинжтэй.

МАН-ын бүлгийн асаалттай танк гэгддэг Ц.Нямдорж “Үндсэн хуулийн өөрчлөлтийг МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүдээс асуух ёстой” гэж даналзаж байна. Энэ янзаар бол МАН-ын Бага хурлаас Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжихгүй гэвэл бүлэг нь мөн тийм шийдвэр гаргах бололтой. Гэтэл ард түмэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж саналаа өгвөл яах вэ? Бага хурлын гишүүд зөвшөөрөхгүй байна гээд эсрэг кноп дарах юм уу.
Ард түмнээс том эрх мэдэлтэй Бага хурал гэж байх уу. Үүндээ тулбал жинхэнэ Ц.Нямдорж гишүүний хэлдэгчлэн МАН төрийн дээр, УИХ-ын дээр гарсан задарсан үйлдэл болж хувирна биз ээ.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад босго өндөртэй. УИХ-ын гишүүдийн дөрөвний гурав буюу 57 гишүүний дэмжлэг хэрэгтэй. Хэрвээ МАН-ын 26 эсрэг кноп дарвал энэ парламентын өнгөн дээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломжгүй болно.

Уг нь бол нам, намын төлөөлөл оролцсон байгаа энэ үедээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулчихвал илүү зөв баймаар. Тэгээд ч УИХ 99 гишүүнтэй болгох асуудалд реакцилах шаардлагагүй. Яг үнэндээ байнгын хорооны хуралдаанд МАН-ын бүлгийн гишүүд орж ирэхгүй “бойкот” зарлахад аливаа хуулийн төсөл 5 хан гишүүний дэмжлэгтэйгээр босож чуулганы нэгдсэн хуралдаанд орж ирэх тохиолдол олон. Энэ бол парламентад суугаа гишүүдийн тоог нэмэхээс аргагүй гэсэн үг. Дээр нь 99 гэдэг тоог УИХ-ын гишүүн Н.Батбаяр олоод, боловсруулсан төсөлдөө “шигтгэчихсэн” ч биш юм билээ. Өмнөх парламентын үед ч эл асуудал яригдаж 99 гэдэг тоо гарч ирсэн. Хүн ам 3 саяд хүрсэн учраас тэр бүрийг УИХ-д төлөөлөлтэй болгоход бүр 120 гишүүн суух ёстой болж буй. Эдийн засгийн нөхцөл байдал, байгаа боломж бололцоогоо тооцоод харин ч 99 гэж тоо тавьсан. Билэгдлээ ч бодсон хэрэг биз. Яг үнэндээ хүүхдийн даахь үргээхэд монгол хүн бүр сайн өдөр хардаг. Хэн ч гэсэн төр түшилцэх хүмүүсийнхээ тоог билигтэй тоон дээр тавихад ер нь тэгээд юу нь буруу байгаа юм бэ. 99 гэдэг тоо зарим гишүүний хэлсэнчлэн бөөгийн тоо болж харагдаад буй юм бол одоогийн 76-гаар нь үлдээж ч бас болно. Энэ эрх нь хууль тогтоогчдод бий. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Тогтолцоогоо өөрчлөхгүй бол Монгол эдийн засгийн хямралаасаа гарахгүй. Ерөнхий сайдаа 76 гишүүн нь “барьцаалчихсан” фракци нь сайд нараа барьцаалчихсан байгаа энэ гажиг тогтолцоо ирэх онд сонгууль болсон ч дагаад л өвлөгдөнө. Яагаад гэвэл сонгуулийн холимог тогтолцоо нь зөвхөн нэг намд Засгийн газар байгуулах хэмжээний суудал олгохгүй гэдэг нь 2012 оны УИХ-ын сонгуулийн дүн харуулсан. Одоо улс орноо бодох цаг болсон, хоцрогдсон сэтгэлгээнээсээ салаач ээ. Ард түмэн туйлдаж гүйцлээ. Ард түмнээс саналыг нь асуухад юунаасаа айгаад байгаа юм бэ?. Хоншоортой бай, МАН-ынхаан.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж