Парисын цагдаа нар сэжигтнүүдтэй буудалцав

Хуучирсан мэдээ: 2015.11.18-нд нийтлэгдсэн

Парисын цагдаа нар сэжигтнүүдтэй буудалцав

 

Францын цагдаа нар Парисын халдлагын сэжигтнийг барих ажиллагааг нийслэлийн хойд хэсгийн Сэнт-Денис дүүрэгт явуулж байна. Эх сурвалжийн мэдээлснээр сэжигтэнтэй буудалцах үеэр нэг цагдаа шархтсан гэнэ. Сэжигтнийг барьсан эсэх нь тодорхойгүй байна. Сэжигтнийг барих ажиллагаа орон нутгийн цагаар өнөө өглөө үүрээр эхэлсэн бөгөөд үргэлжилж байгааг “Agence-France Presse” агентлаг мэдээлжээ.

 

Парис хотноо өнгөрсөн баасан гаригт /XI.13/ олон халдлага гарч, 129 хүн амь үрэгдэн, 350 гаруй хүн гэмтэж шархтсан билээ. Халдлагын үеэр амиа золиосолж, цагдаа нарт буудуулснаас долоон сэжигтэн амь үрэгдсэн юм. Францын прокурорууд амь үрэгдсэн долоон сэжигтний тавыг нь хэн болохыг тодруулсан байна. Тэдгээрийн дөрөв нь Францын иргэн, нэг нь Грект бүртгэлтэй дүрвэгч байжээ. Түүнчлэн халдлагад оролцсон байх магадлалтай хоёр сэжигтнийг эрэн сурвалжилж байна.

 

Одоогийн байдлаар цагдаа нар сэжигтнүүдийг барилгад бүсэлсэн байна. Барилгад хэдэн тооны сэжигтэн байгаа нь тодорхойгүй байна. Ойр орчмын газрыг цагдаа нар хамгаалалтанд авч, хүмүүсийг холдуулжээ. Буудалцааны үеэр хоёр хүн амь үрэгдсэн талаар  Le Monde мэдээлжээ.

 

 

Парисын халдлагаас хойш Франц даяар 15 мянган цэрэг, цагдаа хамгаалалтанд гарчээ. Цагдаа нар оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна. Сэнт-Денис дүүргийн автозамуудыг хаажээ.

 

Барилгад нэг эмэгтэй тэсрэх бөмбөг дэлбэлж, амиа золиосолсон талаар Францын телевиз мэдээлэв. Цагдаагийн ажиллагаа эхэлснээс хойш нийт долоон удаа дэлбэрэлт болох чимээ сонсогджээ. Цагдаа нар гурван зэвсэгт этгээдийг хөнөөсөн талаар мэдээлж байна.

 

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AGENCE-FRANCE PRESSE

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж