“Исламын улс” бүлэглэлийн зандалчин Жихади Жоны хамсаатныг Истамбул хотод баривчилсан байна. Айне Лесли Дэвис гэгчийг Европ руу явах замд нь баривчилсан тухай Туркийн албаныхан мэдээлжээ. Тэрбээр, Европт үйлдэх халдлагын төлөвлөгөө, заавар зөвлөмжийг хүргэхээр явж байсан аж. Туркийн тагнуулын алба Их Британийн цэргийн тагнуулын “MI6” агентлагтай хамтарч ажилласнаар Жихади Жоны хамсаатан Айне Лесли Дэвисийг илрүүлсэн байна.
Хар тамхинд донтсон Айне Лесли Дэвис Баруун Лондонд амьдарч байгаад 2013 онд сураггүй болжээ. Хожим түүнийг Сирид очиж, “Исламын улс” бүлэглэлд нэгдсэнийг олж тодруулсан байна.
Түүнчлэн Туркийн тагнуулын алба Жихади Жоны Сири дэх байршлыг АНУ, Их Британийн тагнуулын албаныханд хэлж өгсөн гэнэ. Үүний дагуу АНУ Сирийн Ракка хотноо Жихади Жоны байршлыг агаараас бөмбөгджээ. АНУ-ын цэргийнхний баталж буйгаар Жихади Жон агаарын цохилтын үеэр амь үрэгдсэн аж.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: CNN