“ZMN” студийн найруулагч Ц.Ганбаттай ярилцлаа.
-Таны “Хамгийн чухал нь” нэртэй инээдмийн зохиол “The call” төслийн хүрээнд зарлагдсан уралдаанд шалгарч кино хийх эрхээ авсан. Танд баяр хүргэе?
-Баярлалаа.
-Манай өнөөгийн стресстэй нийгэмд инээдмийн кино гэдэг бол нэг ёсны эм юм. Та энэ үүднээс инээмдмийн зохиол бичсэн болов уу?
-Манайхан инээдэм гэхээр их сонирхдог ш дээ. Энэ нийгэм чухам ямар болчихоод инээдэм гүйлгээтэй байна гэдэг нь ч сонирхолтой. Манай студи “Ийм нэгэн дурлал-1”, “Ийм нэгэн дурлал-2”, “Надтай гэрлээч”, “Зөрлөг” гээд ерөнхийдөө инээдмийн кинонууд хийсэн. Энэ уралдаанд оролцоход минь хүмүүс “Та инээмдмийн төрлөөр бичээд үз” гэж зөвлөсөн юм.
Кино театрууд вэб сайтаар үзэгчдээс ямар төрлийн кино үзэх дуртай вэ гэсэн судалгаа явдаг. Уг судалдаанд инээмдийн кино 40-50 гаруй хувийн саналыг байнга авдаг. Хоёрдугаар байрт аймшгийн кино 10 орчим хувийн санал авдаг.
Бид нар кино хийхийн тулд тодорхой хэмжээний мөнгө зардаг. Зарлагадсан мөнгөө усанд хаясан чулуу шиг болгохгүйн тулд үзэгчид юу сонирхож байна, түүнийг нь гаргасан бүтээл хийнэ шүү дээ. Сүүлийн үед монгол кино асар их гарч байна. Үзэгчид ч сайн үзэж байна. Бидний хувьд инээдмийн жанраас өөр төрлөөр кино хийвэл их эрсдэлтэй, бүдүүн зүрх гаргасан хэрэг болно. Хүмүүс тэртэй тэргүй инээдмийг үзье гээд байхад. Яалт ч үгүй ийм байдалд орчихоод байгаа юм. Нийгмийн захиалга ч гэж хэлж болно. Зах зээл дээр бараа таваар нийлүүлэх гэж байгаа бол эрэлтээ харж л таарна.
-“Хамгийн чухал нь” киноны талаар одоо ярьчихвал хөшиг нээсэнтэй адил болчих байх. Гэхдээ уг киноноос инээдмээс гадна юуг мэдрэх вэ?
-Хүний амьдрал цаг явах тутам л хурдтай, ритмтэй болж байна. Өдөр бүр шинэ зүйл гарч ирж байна. Өчигдрийн шинэ юм өнөөдөр хуучин болчихдог. Бидний хэрэглэж буй компьютер, техник хэрэгсэл, машин тэрэг, телевиз хүртэл үргэлж л шинэчлэгдэж сайжраад л. Тийм их, асар галзуу юм шиг хурдтай амьдралд амьдарч байна шүү дээ. Ааг амьсгаа ч авах завгүй. Бид өөрсдийгөө талд мал малласан, амьдралын тухай нарийн юм бодох цаг хугацаатай гэж ярьдаг байлаа.
Гэтэл одоо манай улсын иргэдийн талаас илүү хувь нь хотдоо шавчихаад л, бужигнаад асар их ретм, хурдтай, ажиллаж амьдарч байна. Энэ дунд хүн нэг минут ч болтугай жаахан амсхийгээд “Би чинь ер нь яаж байна. Юуны төлөө амьдраад байна вэ. Миний энэ амьдралын утга учир, хамгийн чухал нь юу юм бол” гэж өөрөөсөө асуувал ямар хариулт өгөх бол. Тийм л санаатай кино.
– “ZMN”студийн олон сайхан бүтээлийг кино сонирхогчид мэднэ. Танай хамт олон энэ жил шагналын хуртай байгаа шүү?
-Тийм шүү. Кино авардсын оны шилдэг киногоор манай “Зөрлөг” шалгарсан. Миний найруулсан “Миний муу аав” киноны гол дүрийн жүжигчин Лхагвасүрэн шилдэг эрэгтэй жүжигчний номинацийг хүртсэн. Энэ мэтээр олон шагнал авчихаад байна. Манай кинонуудыг үзэгчид сэтгэл хангалуун үздэг шүү. Богино киноны төрөл гэдэг чинь өөрөө их сонин. Кино урлаг анх үүсэхдээ богино жанраар үүссэн. Анхны кино чинь “Парисын галт тэрэгний буудал дээр галт тэрэг зогсоно” гэдэг кино байдаг. Их богинохон кино байдаг юм. Кино чинь одоо ерөнхийдөө 100 минут үргэлжилдэг болсон. Үүнийг хэн ч ийм байхаар тогтоогоогүй. Түүнээс ч урт кино байдаг. Кино өөрөө өртөгтэй. Тэр өртгийг буцааж нөхөх шаардлагатай байдаг гэдгээс харгалзаад 100 минут гэдэг бол хэвийн хугацаа. Яагаад гэвэл кинотеатрт гаргалаа гэхэд өдөрт 5-7 удаа гарчихна. Тэгэхээр эргээд нөхөгддөг мөнгөө ч бодсон давуу талтай. Гэтэл ямар ч аугаа найруулагч уран бүтээлээ эхлэхдээ богино хэмжээний киногоор эхлүүлдэг. Биднийг бага байхад киноны өмнө богино хэмжээний уран сайхны кино, кино журнал гэж гардаг байсан юм. Одоо чинь маш олон телевизтэй болсон. Тэдгээр телевизүүд өдөрт хичнээн кино гаргадаг юм. Гэтэл богино хэмжээний кино үзүүлдэг тогтсон цаг гэж байдаггүй. Богино хэмжээний киног үзүүлж харуулах газар байдаггүй болоод хөгжихдөө саадтай тулгарч байна.
-Гэхдээ манайд л богино кино тэр бүр хөгжөөгүй болохоос “Оскар” зэрэг томоохон наадмын номинацид уг жанрыг багтаасан байдаг?
-Дэлхийн бүх том кино фестивалиуд богино жанрын кинонд шагнал өгдөг, тодорхой жанрын киног хөхиүлэн дэмждэг. Богино кино нь ихэвчлэн залуу хүний, анхлан эхэлж буй хүмүүсийн ажил мэт боловч одоо үеийн дэлхийн шилдэг найруулагчид ч богино төрөлд бүтээлээ хийсээр явдаг. Хэдий богино хэмжээний киноны зах зээл хумигдмал ч түүнийг хөгжүүлэхийн тухайд олон төсөл хөтөлбөр дэлхий даяар явагдаж байдаг. Үүний нэг нь “Юнител” групп өөрийнхөө таван жилийн ойд зориулан манай хэдэн найруулагчдад санал болгоод богино хэмжээний киноны төсөл гаргаж байгаад баяртай байгаа. Хүмүүс кино хийхийг гоё ажил гэж боддог юм шиг ээ. Кинонд тоглоод од болно гээд л. Кино чинь өөрөө зовлонтой. Кино зохиол бичихдээ зөвхөн монголынхоо юмыг давтчихгүйн тулд биш, энэ дэлхийд хэдэн сая кино гарсан байгаа. Тэр бүгдээс арай өөр, шинэлэг юм хийчих гээд л зүтгэнэ. Киноны зохиол бичих үйл явц өөрөө ярвигтай. Сайн зохиол ч их ховор. Тэгээд сайн зохиолтой болчихоор мөнгө хайгаад давхичихна даа. Жилээс жилд кино хийх өртөг өсч байгаа. Талх, ногоо, мах, бензин тосны үнэ өсдөгтэй адилхан. Кино хийхэд уран бүтээлч бид чинь хоол хүнс хэрэглэнэ. Киноны төсвийн ихэнх нь машины бензин тосонд явчихдаг юм. Дээр нь киноны техник, технологи гэж юм бий. Бас жүжигчдэдээ цалин өгнө гээд тоочвол их юм болно. Кино хийнэ гэж мөнгө хайсан хүмүүс л болчихдог ш дээ. Хамгийн том асуудал санхүү байдаг. Тэгэхэд бидэнд мөнгө өгөөд, богино хэмжээний кино хийлгэхээр болж байна. Энэ чинь киноны нэг том жанрыг дэмжсэн боломж байхгүй юу. Уг уралдаанд зохиол минь шалгарснаар би өөрийнхөө хүсэл зоригоороо, сэтгэл хангалуун ажиллах боломжтой болж байгаа юм.
-Мөнгө, санхүүгийн тань асуудлыг шийдчихсэн юм чинь та одоо зөвхөн киноны зураг авалтдаа л анхаарах нь дээ?
-Өөр асуудал байхгүй. Хийх юмаа л бодож байгаа. Уран зохиолд үргэлжилсэн үгийн зохиол гэж байхад өгүүллэг, шүлэг, дөрвөн мөрт гэж байдаг. Кино урлагийн сонирхолтой төрөл нь богино хэмжээний кино юм. Би богино кинон дээр ажиллаж байсангүй. Хэлэх гэсэн санаагаа богинохон хугацаанд гаргадаг ч кинонд байх бүхий л зүйлийг багтаасан байдаг.
-Богино хэмжээний киноны үргэлжлэх дундаж хугацаа хэдэн минут вэ?
-Миний сонссоноор 50 минутаас бага хугацаатайг богино хэмжээний кино гэдэг. Жишээлбэл, та бод доо. Таныг цагийн дотор өөрийгөө танилцуул гэвэл боломж бий. Гэтэл арав эсвэл гурван минутын дотор “Чи хэн юм. Юу хүсч байна. Тэрийгээ хэл” гэвэл хэцүү биз дээ. Тэр богинохон хугацаанд өөрийгөө танилцуулсныг тань нөгөө хүн чинь тэр хэмжээгээр ойлгож авах уу.
Кинонд ямар л групп шаардлагатай байдаг вэ, тэр бүгд богино хэмжээний кинонд ажилладаг.
-Та киноны салбарт ажиллаад хэдэн жил болж байна вэ?
-Анх 1994 онд бор зүрхээрээ, партизан маягаар найзтайгаа нийлээд “Pepsi”-ийг шинэ үе сонгож байна” гэж кино хийж байлаа. Түүнээс өмнө 1992 онд “Хатагтай Ембүү” кинонд туслах дүр бүтээж байсан. Тэр үеэс л кино урлаг руу орсон доо. Уг би чинь математикийн багш мэргэжилтэй хүн.