УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09.00 цагт товлогдсон байсан ч гишүүдийн ирц бүрдэхийг хүлээсээр дөнгөж сая эхэллээ. Хурал гурван цагаар хойшилж эхэлсэн нь гишүүдийн ирц бүрдээгүйтэй холбоотой юм.
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Малчдын тэтгэврийн насыг урагшлуулах тухай хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцэх шаардлага тавьж, Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулахыг шаардаж, гишүүд нь хуралдаан болох танхимд ирээгүйгээс ирц бүрдэхгүй хуралдаан эхэлж чадахгүй сунжирсан юм.
Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ хаврын чуулганаараа хэлэлцэн, хэлэлцэх эсэхийг дэмжсэн бөгөөд дээрх байнгын хороогоор анхны хэлэлцүүлгийг хийх ёстой юм. Харин МАН-ын гишүүдийн санаачилсан Малчдын тэтгэврийн насыг урагшлуулах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж эхлээгүй байна.
Байнгын хорооны хуралдаан эхлэнгүүт УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслөөр завсарлага авах санал гаргалаа. Гэвч хурал даргалагч “Танай бүлэг өмнө нь энэ хуулийн төсөл дээр ажлын тав хоногийн завсарлага авсан тул дахин завсарлага өгөх боломжгүй” гэдгээ мэдэгдэн хуралдааныг үргэлжлүүлж байна.
Одоогийн байдлаар дээрх байнгын хорооны хуралдаанд байнгын хорооны дарга Д.Батцогт, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, С.Эрдэнэ, Я.Санжмятав, Ц.Оюунгэрэл, А.Бакей, Л.Эрдэнэчимэг, цөөнхийн бүлгийг төлөөлж Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа нар оролцож байна.
Г.ДАРЬ