Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан “Монголын төмөр зам” компанийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяаг дахин хорих шийдвэрийг шүүх гаргасан байна. Прокурорын байгууллагаас түүнийг батлан даалтад гаргасан шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан бөгөөд өчигдөр энэ хэргийг дахин хэлэлцэж шүүхээс түүнийг хорих шийдвэр гаргажээ.
Хэрэг явдлыг эргэн сануулахад Б.Батзаяаг “бусадтай бүлэглэн их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй” гэх хэргээр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс өнгөрсөн аравдугаар сарын 30-нд баривчлан хорьсон бөгөөд арваннэгдүгээр сарын 13 буюу өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шүүхээр хэлэлцээд батлан даалтаар гаргасан юм. Түүнтэй хамт Зайсан дахь хорих ангид хоригдож байсан Өмнөд Солонгосын “Самсунг СТ” компанийн захирал Ли Жон Гёлыг мөн батлан даалтад мөн гаргасан юм. Энэ хэрэгт холбогдоод байгаа БНСУ-ын бас нэгэн иргэнийг гадуур байцааж байжээ. Б.Батзаяаг батлан даалтад гаргахад түүний нагац ах, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат нэлээд үүрэг гүйцэтгэсэн гэх хардлага байсан юм. Мөн АН-ын нэр бүхий гишүүд түүний суллуулахаар идэвхтэй гүйсэн гэх мэдээлэл ч цацагдсан билээ.
Харин прокурорын зүгээс уг хэрэгт холбоотой бичиг баримтыг устгаж магадгүй гэсэн үндэслэлээр Б.Батзаяа болон Ли Жон Гёлыг батлан даалтад гаргасныг эсэргүүцсэн байна.
Б.Батзаяаг баривчилсаны дараа АН-ын бүлгийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, З.Энхболд дарга А.Гансүхэд хандаж “Дулаан хувцсаа бэлд” гэж хэлсэн тухай хэвлэлээр мэдээлж байв. УИХ-ын зүгээс бүлгийн гишүүд нь зөвлөхийг нь өмөөрсөнгүй гэсэндээ ийнхүү шаралхаж хэлсэн гэх хов жив ч гарч байсан юм.
Мөн Б.Батзаяаг баривчилж, хорьсны маргааш Х.Баттулга 40 гишүүн бүхий гарын үсэгтэй Тавантолгойн тогтоолын төслийг Засгийн газарт хүргүүлж байгаагаа Л.Эрдэнэчимэгийн хамтаар сууж байгаад хэвлэлийнхэнд мэдээлсэн. Энэ үеэр “Намайг ч бас шалгах” байх гэж сэтгүүлчдэд хэлж байсан юм.
Г.ТУУЛ