ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Оросын онгоцонд тэсрэх бөмбөг тавьж дэлбэлсэн гэмт этгээдүүдийг заавал барихаа амлаж, холбогдох мэдээллийг 50 сая ам.доллараар үнэлэн худалдаж авахаа мэдэгджээ. Египетийн Синайн хойгт сүйрсэн 224 хүнтэй “Airbus A321” онгоцонд тэсрэх бөмбөг дэлбэлсэн болохыг Оросын аюулгүй албаны дарга Александр Бортников баталсан юм.
Олон улсын мөрдөн шалгах албаныхан нисэх онгоц сүйрсэн газраас гадны тэсрэх бодис дэлбэрсэн гэх ул мөрийг олж илрүүлсэн аж. “Airbus A321” онгоцыг сүйрэлд хүргэсэн тэсрэх бөмбөгний хэмжээ нэг кг орчим байсан талаар Кремлийн мэдээлэлд дурджээ.
Өмнө нь ослын дараахан “Исламын улс” бүлэглэлийн Синайн хойг дахь зэвсэгт дайчид “Airbus A321” онгоцыг сөнөөсөн болохоо мэдэгдэж байжээ. Шарм эль-Шейхээс Санкт-Петербург хүрэх “Airbus A321” өнгөрсөн аравдугаар сарын 31-нд агаарт дэлбэрч сүйрсэн юм.
Түүнчлэн ОХУ Исламын улс бүлэглэлийн эсрэг Сири дэх агаарын дайралтаа үргэлжлүүлэхээ мэдэгдсэн байна. ОХУ нь өнгөрсөн есдүгээр сараас хойш Сири дэх “Исламын улс” бүлэглэлийн байршлуудад агаараас цохилт өгч байгаа юм.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: ВВС