“Үндсэн хууль ийм учиртай”

Хуучирсан мэдээ: 2015.11.18-нд нийтлэгдсэн

“Үндсэн хууль ийм учиртай”

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг 47 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан. Тиймээс УИХ-ын даргын захирамжаар Н.Батбаяр гишүүнээр ахлуулсан 10 гаруй гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн бариад байна. Тиймээс Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжиж гарын үсэг зурсан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл нараас дараах асуудлыг тодрууллаа.

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн бариад байна. Өөрчлөлт оруулах асуудлыг судалж харсан уу. Ямар дүгнэлт хийсэн бэ?

-Үндсэн хуулийг өөрчлөх асуудалд ард нийт, УИХ дахь намын бүлгүүд ч санал нэгдсэн гэж үзэж байна. Би өмнөх парламентад УИХ-ын даргаар ажиллаж байхад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гурван томоохон төсөл орж ирсэн. Тодруулбал, хотын статусыг нэмж тусгая, УИХ-ын гишүүн Су.Батболдын өргөн барьсан төслөөс гадна зарим гишүүн төсөл боловсруулж өргөн барьж байсан. Эдгээр төсөл одоо ч УИХ-д байдаг. Нийидээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах дөрвөн төсөл байгаа шүү дээ. Н.Батбаяр нарын өргөн барьсан төсөлд дээрх гурваас зарим заалтыг оруулж боловсруулсан байсан. Миний бодлоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж харж байна. Гэхдээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Журмын тухай хуулийг баримталж явах нь зөв.

-Журмын тухай хуулийг баримталж нэмэлт өөрчлөлт оруулах ёстой гэлээ. Журамд юу гэж заасан бэ?

-Журмын тухай хууль гэдэг нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулбал ямар журмаар оруулах ёстойг ялгаж заагласан хууль юм. Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрх авч болно. Дараа нь Журмын тухай хуулийг мөрдөж ажиллах ёстой. Хэлэлцүүлгийн шатанд гишүүдээс 2/3 хувийн дэмжлэг авч байж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдах ёстой юм.

-Энэ парламент Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж амжих болов уу?

-Сүүлийн өдрүүдэд нийгэмд яригдаж байгаа асуудлаас харахад баталж болохгүй юм байна гэсэн дүгнэлт хийсэн.

-Яагаад?

-Яагаад гэвэл нэгдүгээрт, хугацааны хувьд давчуу болчхоод байна. Хоёрдугаарт, Үндсэн хуулийг өөрчлөх асуудлаар нийтийн ойлголт бий болох ёстой. Гэтэл хугацааны хувьд тийм боломж алга. Гуравдугаарт, тулгасан арга барилаар явах гээд байна. Одоо ухаандаа Ард нийтийн санал асуулгаар өөрчлөлт оруулах уу, үгүй юу гэж асуучихаад “Оруулъя” гэж олонхийн санал авбал оруулж ирсэн төслөө батлах тулгуу арга барил хэрэгжүүлж байна. Дөрөвдүгээрт, парламентын сүүлчийн шатанд өөрчлөлт оруулах нь буруу гэж би харж байна. Яагаад гэвэл гишүүд Үндсэн хуульд өөрчлөх оруулах болсон мөн чанарыг тайлбарлахын оронд, сонгогчдод ая тал зассан байдлаар шударга бус хандаж байна. Ийм учраас энэ удаагийн парламент батлах нь зохисгүй. Харин дараагийн парламент байгуулагдаад сонгууль болохоос хоёр, гурван жилийн өмнө хэлэлцэж эхлэх хэрэгтэй.

-Одоо батлахгүй бол найман жилийн турш гар хүрч болохгүй гэж яриад байна. Гэтэл та сонгуулийн дараа шинэ парламент хэлэлцэж болно гэлээ. Ирэх жилийг хүлээх шаардлага байна уу?

-Одоо хэлэлцэхгүй бол найман жил хэлэлцэж болохгүй гэсэн хууль байхгүй шүү дээ. Энэ бол төөрөгдүүлсэн яриа байгаа юм. Ер нь парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг ард нийтэд зөв ойлгуулж, санал авсаны дараа шийдэх ёстой.

-Д.Лүндээжанцан гишүүн хэлэхдээ “Дэмжиж би гарын үсэг зурсан. Харамсалтай нь, өргөн барихдаа Үндсэн хуулийн нэрийг өөрчилсөн, УИХ-ын гишүүдийн тоог нэмчихсэн, бүрэн эрхийн хугацааг таван жил болгочихсон байна. Энэ нь Үндсэн хууль боловсруулах журмын тухай хуультай зөрчилдөж байгаа юм” гэж хэлсэн. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ. Гишүүдийн тоог нэмж, төр барих хугацааг сунгах нь зөв юм уу?

-Тийм ээ. Ажлын хэсгийн боловсруулсан төсөл дээр нэмж гурав, дөрвөн заалт оруулсан байна. Нэр өөрчлөх асуудлыг байнгын хороогоор яриагүй. Харин гишүүдийн тоо, төр барих хугацаанд бодох зүйл бий. Үүнд өөрсдөө оролцох шаардлагагүй. Ард түмэн эсвэл Ерөнхийлөгч, намуудаас санал гаргах ёстой гээд орхисон.

-Ард нийтээс санал асуулга авах нь зөв үү. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа заавал ард нийтээс санал асуулга авах шаардлага байна уу?

-Үндсэн хуульд холбогдуулж гарсан бүх хуульд парламент өөрөө өөрчлөлт оруулах эрхтэй. Гэтэл өөрийнхөө эрхэнд эргэлзээд, ард нийтээс асуух гээд байна. Нөгөө талаар арваннэгдүгээр сарын 26-нд санал асуулга явуулж амжихгүй боллоо. Уг хууль амжиж гарахгүй учраас 40 хоногийн дотор Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломж байхгүй байна гэсэн үг. Яах вэ, муйхардаж хэлэлцэж болох юм.

-Ерөнхийлөгчөө парламент дотроосоо сонгодог байя гэсэн заалтыг оруулсан байсан. Энэ нь зөв үү?

-Үүнийг ажлын хэсэг олонхийн саналаар шийдсэн. Гэхдээ энэ асуудал юунаас болж гарч ирсэн бэ гэвэл. Ерөнхийлөгч ард түмнээс сонгогдсон гэдэг утгаараа Засгийн газар болон УИХ-ын үйл ажиллагаанд оролцож хууль санаачлах, хориг тавих эрхтэй байдаг. Үүнд засвар хийж болох юм гэж бид үзсэн.

-Ерөнхийлөгчийн зарим эрхийг хязгаарлах шаардлага байна гэж үзжээ. Үүнийг тодруулж өгөөч?

-Үндсэн хуулийн заалтад Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг тодорхойлсон байдаг. Үүний дотор Ерөнхийлөгчид Хуулиар онцгой бүрэн эрх олгоно гээд заагаад өгчихсөн. Өөрөөр хэлбэл, Монголын 400 гаруй хуулийн 200 нь Ерөнхийлөгчид бүрэн эрх олгосон байна. Энэ заалтыг баримталж Ерөнхийлөгч асар их бүрэн эрх авч, олон ажил хөөцөлдөж явуулах эрхтэй болсон. Ингэх явахдаа гүйцэтгэлийн асуудлыг шүүрэн авах байдлаар Үндсэн хуулийн өөрийнх нь эрх хуваарилалтын зарчмуудыг алдагдуулахад хүрч байна гэж үзсэн. Тиймээс хуулиар онцгой бүрэн эрх олгоно гэсэн заалтыг хасах нь зүйтэй.

-Үндсэн хуулийг өөрчлөх нь ямар эерэг нөлөөллийг бий болгох вэ?

-Энэ өөрчлөлтийг хийхгүй бол Засгийн газар, УИХ ажлын дутагдал, буруу үйл ажиллагаагаа Үндсэн хуульд чихэх гэсэн хандлага байна. Жишээ нь, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулах санал тавиад, огцруулдаг. Тэр тогтворгүй байдал нь ажил муутгах шалтгаан болж байна гэх мэтээр Үндсэн хуульд буруугаа тохоод байна. Тиймээс бид ингэж хэлүүлэхгүй байх үүднээс засах зүйлээ засчих шаардлагатай байгаа юм гэв.


Харин одоо УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаас Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар тодруулснаа хүргье.

-Үндсэн хуулийг өөрчлөх хуулийн төслийг өргөн барилаа. Өөрчлөх шаардлага нөхцөл үүссэн гэж та үзэж байна уу?

-Би 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Үндсэн хууль батлагдахад оролцсон. Энэ хуулийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж ирлээ. Ер нь аливаа улсын Үндсэн хууль бол тодорхой хугацааны дараа өөрчлөлт орж, урт хугацаагаар үйлчилдэг. Жишээ нь, АНУ-ын Үндсэн хууль 300 гаруй жил үйлчилж байна. Энэ хугацаанд 27 удаа өөрчлөлт орсон байдаг. Үндсэн хууль тогтвортой удаан хугацаанд үйлчилж чадвал тухайн улс орны хөгжил, ард түмний амьдралд үлэмж нөлөөтэй. Иймээс манай Үндсэн хууль үйлчилж эхлээд 25 жил болох гэж байна. Энэ хугацаанд нэг удаа өөрчлөлт хийсэн. Ер нь Үндсэн хуульд тийм амар гар хүрч болдоггүй. Маш олон талаас нь шүүн тунгааж, эрдэмтэн мэргэдийг оролцуулж, ёстой нөгөө “долоо хэмжиж нэг огтол” гэсэн зарчмаар явах ёстой. Үндсэн хуулийн зүйл заалт болгон нь хоорондоо нарийн уялдаа холбоотой. Иймээс УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байна уу, үгүй юу гэдэг асуудлыг нягталж судлахаар УИХ-ын дэд дарга Л.Цогоор ахлуулсан ажлын хэсэг хоёр жил ажиллаж, зарим нэг асуудалд нэмэлт оруулах шаардлагатай гэж үзсэн. Ингээд дахин ажлын хэсэг байгуулагдаж төслийн эх бичвэр гарсан. Энэ бичвэрийг дэмжиж би гарын үсэг зурсан. Харамсалтай нь, өргөн барихдаа Үндсэн хуулийн нэрийг Их хууль гээд нэрлэчихсэн, УИХ-ын гишүүдийн тоог нэмчихсэн, бүрэн эрхийн хугацааг таван жил болгочихсон байна лээ. Энэ нь Үндсэн хууль боловсруулах журмын тухай хуультай зөрчилдөж байгаа юм. Хэрэв есөн сарын дундуур ээлжит бус чуулган хийсэн бол энэ үзэл баримтлалуудаа нэг бүрчлэн хэлэлцээд, УИХ-аас өөрчлөлт оруулахаар бол гишүүдийн дөрөвний гурав нь буюу 57-оос дээш гишүүн дэмжиж батлах ёстой. Ард нийтийн санал асуулга явуулах бол гуравны хоёр нь буюу 51-ээс дээш гишүүн батлах ёстой байдаг. Ийм учраас ядаж ард түмнээс асууж өөрчлөлт оруулах нөхцөлд 51 гишүүн тохиролцож байж бэлэн болсон төслөө ард нийтийн санал асуулгаар шийдвэрлүүлэх ёстой. Тиймээс би гарын үсэг зурсан. Харамсалтай нь цаг хугацаа тулчихсан байна.

-Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд байгаа нэлээд хэдэн эрх мэдлийг хасах заалт байна. Тухайлбал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлдэг эрхийг хасах, хууль санаачлах эрхийг хасах зэрэг нэмэлт өөрчлөлтийг боловсруулсан байна. Энэ тал дээр судлаач хүний хувьд та ямар байр суурьтай байна вэ?

-Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах нь зүйтэй. Яагаад гэвэл хоёр Засгийн газартай юм шиг болчихоод байгаа юм. Харин Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч тэр утгаараа байх ёстой. Олон улсын жишгээр бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө Ерөнхий сайд толгойлдог боловч манайд Ерөнхийлөгч толгойлох нь зөв юм.

-Ерөнхийлөгчийн зарим нэг эрхийг хязгаарлаж, парламент дундаасаа ерөнхийлөгчөө сонгодог байх нь ерөнхий сайд, ерөнхийлөгч хоёрын үүргийн давхардлыг арилгах, сонгодог парламентын жишиг руу явах эхний алхам гэж харж болох уу?

-Ер нь тэгж ойлгож болно. Манайх чинь уг нь парламентын засаглалтай улс шүү дээ. Гэтэл хөндлөнгөөс харахад холимог, ерөнхийлөгчийн засаглалтай юм шиг харагддаг. Амьдрал дээр бол ерөнхийлөгчид 100 гаруй хуулиар тусгайлсан бүрэн эрх өгчихсөн. Нэг ёсондоо эрхээс гадна хариуцлага. Тийм учраас төрийн тэргүүн үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч гэдэг утгаараа олон эрх овоолоод байх нь зохимжгүй.

-Олон жил яригдсан дээд доод танхимтай болох асуудлыг та юу гэх вэ?

-Ардын их хурлаар Үндсэн хуулийг хэлэлцэж байхад 102 гэдэг тоо оруулж ирээд хоёрдугаар хэлэлцүүлгийн үед хасагдсан юм. Ер нь алсыг харсан тооны өөрчлөлт байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдалд хоёр танхимтай парламент, гишүүдийн тоог нэмэхийг ард иргэд хүлээн зөвшөөрөхгүй. Иймээс миний хувьд одоо байгаа тоондоо барих нь зүйтэй.

-Засгийн газрыг болон гүйцэтгэх засаглалыг тогтвортой ажиллуулах үүднээс Ерөнхий сайд өөрөө Засгийн газрын кабинетаа томилдог, өөрөө огцруулдаг зохицуулалтуудыг оруулсныг та юу гэж үзэж байна вэ?

-Үүнийг бид анх сэдэж гаргасан. Төрийн сайд танхимаа өөрөө бүрдүүлэх эрхийг нь өгье. Гэхдээ одоо байгаа шиг хүн бүрээр хэлэлцэж томилохгүй, огцруулахгүй байх тухай ярьж байсан. Үүнээс гадна ерөнхий сайд УИХ-ын өмнө ажлаа хариуцдаг, тайлагнадаг зарчмаар явах нь зүйтэй.

-Орон нутаг руу чиглэсэн хоёр гурван заалтыг нэмж оруулах тухай яригдаж байна. Тухайлбал, суманд улстөрчдийг багасгах зорилгоор Иргэдийн нийтийн хурлаас төлөөлөгчдийг сонгодог болох гэх мэт?

-1992-1996 оны Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын хуульд энэ санаа байсан. Үүнийг эргэн сэргээсэн байна. Гэхдээ намын үүргийг үгүйсгэх нь хэр зохимжтой байдаг бол гэдгийг УИХ-аар ярьж шийдэлд хүрсний дараа ард түмнээсээ асуух нь зүйтэй.

Т.ДАВААНЯМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж