Хөх тэнгэрийн доорх хямрал

Хуучирсан мэдээ: 2015.11.18-нд нийтлэгдсэн

Хөх тэнгэрийн доорх хямрал

Хөх тэнгэрийн доорх хямрал

“Үндсэн хуулийн Цэцийн дээр хөх тэнгэр л бий” гэх уламжлал, орчин үеийг хослуулсан лут үг бий. Монголын язгуур хуулийг сахин хамгаалагчид болохоор аргагүй буй за. УИХ-ын гишүүн Н.Батбаярын яриад буйчлан бэлгэдэл ёсоор Цэц есөн гишүүнтэй. Тэдний гурвыг Ерөнхийлөгч, төдий тооныхыг Дээд шүүх, үлдсэнийг нь УИХ томилох бөлгөө.

Ингээд үзвэл Цэцийн дээр “хөх тэнгэр” нь нартай, сартай, хуртай, аянгатай, аадартай, цастай байж таараа. Тэр ч утгаараа Цэцийн үйл хэрэгт цаг агаарын үзэгдэл нөлөөлөх нь дамжиггүй гэх энгийн философи үйлчилнэ. Тэрхүү нөлөө ямар байхаас хамаарч бидний өдөр тутмын амьдралд нөлөөлөгч хууль тогтоомж Үндсэн хуультай зөрчилдөж буй эсэхэд харилцан үйлчилж болох уу? Логик талаасаа болно, тийм үү?

Энэ утгаар нь авч үзвэл, Цэцийн шийдвэр Үндсэн хуулийн талд байна уу эсвэл өөр ямар нэгэн “байгалийн хүчин зүйлс”-ийн нөлөөнд оров уу гэх эргэлзээ төрнө.

Үндсэн хууль бол хийсвэр ойлголт биш. Цагаан дээр хараар биччихсэн тодорхой баримт бичиг. Тиймээс тэрхүү Үндсэн хуулийн манаачдын гаргах шийдвэрт сэтгэл санаа, үзэл бодол нөлөөлөх нь ховор. Гэхдээ Цэц ямар шийдвэр гаргах вэ гэхээсээ илүүтэй даган мөрдөх үндэс болсон Эцэг хуульд асуудал байж болно. Тэрхүү хуулийг батлагч нь хүн л болохоор алдаж, оносон зүйл байж л таараа.

Өнөөгийн эдийн засаг, засаглалын хямралын гол үндэс нь Үндсэн хууль болчихоод буй талаар хаа сайгүй ярьж, хэлэх боллоо. Засгийн газрыг бүрэн эрхийнх нь хугацаанаас өмнө дэгээдэж унагаад буй шалтгаан нь 23 жилийн тэртээд батласан Үндсэн хууль болоод байгаа нь гарцаагүй бодит жишээ.

Тэгвэл өнөөгийн амьдралын үйл явцад тохирсон гээд буй хуулиуд Үндсэн хуультай зөрчилдөөд байна гэсэн шийдвэрийг Цэц гаргаад буй ямар учир шалтгаантай вэ гэж хуульчдаас асуувал хэд хэдэн үндэслэлийг дэвшүүлж байна. Цэцийн гишүүд Үндсэн хуулийг анх баталсан үзэл баримтлалаар өнөөгийн нөхцөлд хандах нь утгагүй гэх гаргалгааг зарим нь тавьж байна. Ингэхдээ “Нийгэм хувьсан өөрчлөгдөөд байхад хуучны үнэлэмжээр Үндсэн хуулийг тайлбарлаж байна” гэх дүгнэлт голдуу давамгайлна.

Энэ дүгнэлт ялангуяа Шүүхийн шинэчлэлийн хүрээнд хийгдсэн Шүүх байгуулах тухай хуулийн талаар Цэцэд хандсан маргааныг шийдвэрлэсэн дүгнэлтээс үүдэн их сонсогдох болов.

Өнгөрсөн долоо хоногт болсон Цэцийн дунд суудлын хуралдаанаар Цэцийн дүгнэлтийг үндэслэн УИХ-аас 2015 оны зургадугаар сарын 19-ний өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хэлэлцсэн.

Ингээд Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлээр иргэний болон эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийг, 2 дугаар зүйлээр дүүргийн иргэний болон эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийг байгуулахдаа нэрийн хувьд “аймгийн” болон “дүүргийн” гэж томьёолсон боловч энэ нь 2-3 аймгийн дунд давж заалдах шатны нэг шүүх, 2-3 дүүргийн дунд анхан шатны нэг шүүхтэй байх агуулгыг илэрхийлж байгаа бөгөөд энэ нь Үндсэн хуульд бэхжүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяаллын зарчмаар зохион байгуулагдах Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцоог үгүйсгэж, иргэний үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах Үндсэн хуулийн суурь зарчмыг алдагдуулж, Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн байна хэмээн Үндсэн хуулийн Цэц үзжээ.

Мөн Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 01 дүгээр тогтоолд заасан Үндсэн хуулийн зөрчил арилаагүй байгааг Үндсэн хуулийн Цэцийн уг дүгнэлтэд дурдсан байна.

Үндсэн хуулийн Цэц дээрх дүгнэлтээрээ Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн нэг дэх Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх гэсэн хэсгийн 1-8 дахь заалт, хоёр дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх гэсэн хэсгийн 1-8 дахь заалт, 2 дугаар зүйлийн нэг дэх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх гэсэн хэсгийн 1, 2, 4 дэх заалт, хоёр дахь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэсэн хэсгийн 1, 2, 4 дэх заалтыг 2016 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Харин Цэцийн шийдвэрт шинээр байгуулсан шүүхүүдээ нэр төдийхнөөр өөрчлөлт оруулж аргалах гэсэн боловч бүтсэнгүй.

Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлээр иргэний болон эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийг, 2 дугаар зүйлээр дүүргийн иргэний болон эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийг байгуулахдаа нэрийн хувьд “аймгийн” болон “дүүргийн” гэж томьёолсон ч энэ нь 2-3 аймгийн дунд давж заалдах шатны нэг шүүх, 2-3 дүүргийн дунд анхан шатны нэг шүүхтэй байх агуулгыг илэрхийлсэн нь Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлтийг ҮХЦ гаргасан байна. Ингээд 2016 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс дээрх зүйл, заалтуудыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, дүүрэг бүрт анхан шатны шүүх, аймаг бүрт давж заалдах шатны шүүх шинээр байгуулах шаардлагатай болж байгаа юм.

Шүүх байгуулах тухай хуулийн гол өөрчлөлт нь тойргийн системтэй, дагнасан шүүхүүдийг бий болгосон явдал. Ингэснээр шүүгчид илүү мэргэших нөхцөл байдлыг үүсгэсэн юм. Харин Цэцийн шийдвэр үүнийг буцааж байранд нь тавихаар гарлаа.

Өмнөх хуулиар нь аймгийн шүүх гэж байсан бол тойргийн системээр болгосноор Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгууд хамтдаа 1 дүгээр тойрог болж, Давж заалдах шатны Иргэний, Эрүүгийн шүүх гэж байгуулагдсан байсан. Гэхдээ энэ байдалд иргэд олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэлтэй хандаж, Хэнтий, Сүхбаатар аймагт амьдарч байгаа иргэд давж заалдах журмаар гомдлоо гаргах бол шүүх хурал нь Дорнод аймгийн Хэрлэн суманд очиж оролцох шаардлагатай болсныг тайлбарлаж байна. Үүнийг ч Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрт дурдсан байсан учир энэ алдааг засчээ. Ингэхдээ Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр Давж заалдах шатны шүүх хуралдааныг тухайн аймагт нь хийж болохоор зохицуулалтыг хийж өгсөн байна.

Энэ хуулийн нэг том бодлогын өөрчлөлт нь хуучин зөвхөн Улаанбаатар хотод дүүргийн хэмжээнд дагнасан шүүхтэй байсан бол Монгол улсын хэмжээнд ихэнх анхан шатны шүүхийг Эрүүгийн, Иргэний гэж дагнасан шүүхтэй болгож байгаа явдал нь хамгийн том бодлогын өөрчлөлт, шинэчлэлт байжээ.

Гэхдээ тэрхүү шинэчлэлийг Үндсэн хууль зөрчсөн гэдгийг Цэц дүгнэв. Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авахгүй бол Их суудлынхаа хуралдааныг Цэц хийнэ. Ингэхдээ өмнөх шийдвэрээ өөрчлөхгүй л болов уу. Тиймээс Цэцийн шийдвэрийн дагуу аймаг бүрт давж заалдах шатны шүүх байгуулах хэрэг гарна гэсэн үг. Ингэхээр 13 аймагт, дүүрэг бүрт анхан шатны шүүх байгуулж таарна. Энэ тооцоогоор бол нийт 23 шүүхийг дахин байгуулах их ажил гарах нь.

Харин 23-аар нь шүүх байгуулах төсвийг УИХ-ын баталсан ирэх оны төсөвт суулгаагүй. Суулгах нь байтугай цалингаа тавих мөнгөгүй болсон учраас хэд хэдэн агентлагийг нийлүүлж, байрыг нь зарах ядарсан аргыг авахаар болсон.

Бүсээ чангалах бодлого ингэж л хэрэгжиж буй. Эдийн засгийн хямралтай үед Цэцийн гаргасан шийдвэр эдийн засгийн талаас нь аваад үзвэл оновчгүй шийдвэр. Дээр нь шүүхийн шинэчлэлийн талаас нь бодвол бас л базаахгүй дүгнэлт. Харин Цэц бол хуулиа л дагана. Тэнд юу гэсэн байна, түүнийгээ л мөрдөнө. Тиймээс л Цэцийн шийдвэр хямрал дээр хямрал нэмээд буй хэрэг. Үүнийг өөрчлөхийн тулд Эцэг хуульдаа гар хүрэхээс өөр аргагүй аж. Тэгээгүй нөхцөлд ашигтай, ашиггүй, хөгжил тушаа эсвэл тулгуур болох нь хамаагүй, хуулиа л дагна даа.

Цэцийн дээрх хөх тэнгэр цэлмэг нартай байх уу, пад харанхуй болох уу, аадар асгарах уу, аянга буулгах уу гэдгийг Үндсэн хуулийн өөрчлөлт харуулах биз ээ.

Л.НАРАНТӨГС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж