Аль-Каидагаас дутахгүй олон улсад нэр нь түгсэн “Исламын улс” зэвсэгт бүлэглэл ОХУ, АНУ-д жихадын дайн зарлаж, иргэдийг айдаст автуулаад байна. Исламын шашинтай залууст хандан Орос, Америкийн загалмайтнуудын эсрэг дэлхий дахинаа ариун дайны гал өдөөхийг “Исламын улс” бүлэглэлийн хэвлэлийн төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Абу Мухаммед аль-Аднани уриалжээ. “Исламын улс” Парист халдлага үйлдсэнийхээ дараа тун удахгүй ОХУ-ын ээлж ирэхийг сануулсан юм. ОХУ нь өнгөрсөн есдүгээр сараас хойш “Исламын улс” бүлэглэлийн эсрэг Сирид агаарын цохилт өгч байна.
Исламын хэт даврагчдын заналхийллээр ОХУ нийтийн тээврийн аюулгүй байдлыг чангатгаж, хууль сахиулагчдын дунд өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ. ОХУ-ын терроризмын эсрэг хорооноос Оросын ард түмнийг хамгаалах арга хэмжээг холбогдох төрийн агентлагууд авч хэрэгжүүлж эхэлсэн хэмжээ. ОХУ-ын хамгийн том зорчигч тээврийн үйлчилгээг үзүүлдэг “Оросын төмөр зам” хяналтаа нэмэгдүүлж, томоохон өртөө, зогсоолд эргүүл хамгаалалт гаргасан байна. Мөн Оросын иргэний тээврийн “Росавиация” Франц руу нислэгээ цуцлаагүй боловч нисэх буудлын хяналт шалгалтаа нэмэгдүүлжээ.
Үүний зэрэгцээ өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын нийслэл Москва болон өөр олон хотод тэсрэх бөмбөгний аюулаас сэрэмжлэн нийтийн тээврийн буудал, худалдааны төв, зочид буудлуудаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ. Гэвч ямар ч тэсрэх бөмбөг олдоогүй аж. Тухайлбал, даваа гаригт Москва хотын “Курский” төмөр замын буудалд тэсрэх бөмбөг байрлуулсан гэх мэдээллээр 400 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Үдээс хойш нь “Ярославский” төмөр замын буудлаас мөн 200 хүнийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явагдсан байна. Исламын хэт даврагчдын заналхийллээс хойш ОХУ-ын аюулгүй албад аливаа жижиг мэдээллийг ч нухацтай шалгаж үзэж байгаа нь үүнээс харагдаж байгаа юм.
Мөн ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас иргэдийг Европын холбооны орнууд руу зорчихыг хориглох тухай мэдээлэл гарсныг үгүйсгэсэн байна. Ташаа мэдээлэлд ОХУ-ын мэдээллийн агентлаг “Interfax” уучлал хүсч, залруулга хийжээ. Гэхдээ ОХУ-ын гадаад хэргийн яамнаас Франц улс дахь иргэддээ сэрэмжлүүлэг хүргэсэн байна. Түүнчлэн олон улсын зүгээс ОХУ-д суух иргэддээ сэрэмжлүүлэг хүргэж, олон хүн цугласан газарт халдлага үйлдэгдэх магадлал өндөртэйг анхааруулжээ.
“Исламын улс” энэ бүхний дараа АНУ-ын Вашингтонд халдлага дайралт хийхээр заналхийлэв. Заналхийллийн улмаас АНУ-ын 21 муж улсын захирагчид Сирийн дүрвэгчдийг хүлээж авахаа зогсоосон байна. АНУ-ын Дотоодыг аюулаас хамгаалах албанаас зохих арга хэмжээ авч, заавар зөвлөмж гаргах хүртэл Сирийн дүрвэгсдийг хүлээж авахгүй гэдгээ муж улсын захирагч нар мэдэгджээ.
“Исламын улс” бүлэглэл “Хар баасан гариг” гэж нэрлэгдэх XI.13-ны өдөр Францын нийслэлд халдлага зохион байгууллаа. “Дурлалын хот” Парисын хүн олноор цугласан хөлбөмбөгийн цэнгэлдэх, клуб, ресторан, баар зэрэг газарт нэгэн зэрэг халдлага гарснаар 129 хүн амь үрэгдэн, 350 гаруй хүн гэмтэж бэртэв.
Түүнчлэн бүрэн баталгаажуулаагүй боловч Египетэд сүйрсэн Оросын 224 хүнтэй онгоцонд хэт даврагчид тэсрэх бөмбөг дэлбэлсэн байх өндөр магадлалтай байна. Шарм эль-Шейхээс Санк-Петербург хүрэх “Airbus-321” онгоцны сүйрэл дэлбэрэлтээс болсныг олон улсын мөрдөн шалгах албаныхан тогтоогоод байгаа юм. Гэхдээ энэ нь тэсрэх бөмбөг мөн, биш дээр маргаан үргэлжилж байна.
Парисын халдлагын дараа Францын ерөнхийлөгч Франсуа Олланд “Исламын улс” бүлэглэлтэй “дайн зарлаж”, үндсээр нь устгахаа мэдэгдсэн билээ. Түүнчлэн тэрбээр ОХУ болон АНУ-ын ерөнхийлөгчидтэй уулзаж, “Исламын улс” бүлэглэлийн эсрэг авах арга хэмжээг зөвлөлдөхөөр төлөвлөж байна. Франц болон ОХУ-ын зүгээс “Исламын улс” бүлэглэлийн эсрэг олон улсын цэргийн фронт байгуулах хүсэлтээ илэрхийлжээ.
Б.АНХТУЯА