
Тэрбээр баримтлан ажиллаж байгаа бодлого, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа зургаан үндсэн чиглэлд хуваан тайлбарлалаа. Аливаа улс үндэстний амин чухал эрх ашиг болсон аюулгүй байдал, хуулийг хэрэгжүүлж шударга ёсыг хангах, орон нутгийн эрх мэдлийг өргөжүүлж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах мөн монгол хүний оршин тогтнох үндэс болсон өв соёлоо хамгаалах дэлгэрүүлэх чиглэлээр хийж байгаа ажлынхаа тухай дэлгэрэнгүй ярьсан юм. Дараа нь иргэд санал бодлоо хэлж, асуулт тавилаа. Намуудыг улстөрийн гишүүнчлэлгүй болгох, хүүхдийн мөнгөний бодлогыг үргэлжлүүлэх, орон нутгийн эрх мэдлийг өргөтгөх , төсвийн тухай хуулийг өөрчлөх, оюун санааны хувьсгал хийх, байгаль дэлхийгээ хайрлахтай холбогдсон Ерөнхийлөгчийн санал санаачлагууд, шийдвэр , хийж байгаа ажлуудыг талархан хүлээж авч байгаагаа иргэд илэрхийллээ. Шагналын бодлого, цаазаар авах ялыг халах тухай шийдвэр, өршөөлийн хууль, улстөрийн намуудын бэлэн мөнгөний асуудал, том орд газруудыг тойрсон асуудлуудаар иргэд мөн асуулт тавьж, Ерөнхийлөгчийн байр суурийг сонслоо. Нийслэлийн бүтээн байгуулалт, газар олголт, хог, утаа, зам гүүр, барилга төлөвлөлт гэх мэт хоттой холбоотой бусад тулгамдсан асуудлуудад Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г. Мөнхбаяр хариулсан. Цаашид жил бүрийн дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Ерөнхийлөгч нийслэлийн иргэдтэй уулзаж байхаар боллоо хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.