“Оюутны 70 мянга”-ыг олгох журмыг өөрчилжээ

Хуучирсан мэдээ: 2015.11.17-нд нийтлэгдсэн

“Оюутны 70 мянга”-ыг олгох журмыг өөрчилжээ

“Оюутны 70 мянга”-ыг олгох журмыг өөрчилсөн байна. Анх бүх оюутанд энэхүү тэтгэлгийг олгож байсан бол 2013 онд 2.8-аас дээш голч дүнтэй оюутнуудад олгож эхэлсэн билээ. Харин энэ жил Засгийн газрын тогтоол гарч “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-д өөрчлөлт оруулсан байна. Өөрчлөлтөд сурлагын голч дүнг өсгөж, оюутны үндэсний тэтгэлгийг олгохоор болжээ. Бакалаврын хөтөлбөрт суралцагчийн голч дүн 2.0-оос доошгүй байсныг 3.0-аас доошгүй, магистрын хөтөлбөрт шинээр элсэгчийн бакалаврын дипломын голч дүн 2.8-аас доошгүй байсныг 3.2-оос доошгүй, докторын хөтөлбөрт шинээр элсэгчийн магистрын дипломын голч дүн 3.0-аас доошгүй байсныг 3.5-аас доошгүй байх тохиолдолд үндэсний тэтгэлгийг олгоно гэж заасан байна. Мөн их, дээд сургуульд шинээр элсэгчдийн ЭЕШ-ын оноо 720-иос дээш байгаа тохиолдолд энэхүү тэтгэлэгт хамрагдах боломжтой аж. Түүнчлэн  улсын чанартай олимпиадад нэг, хоёр, гуравдугаар байр эзэлсэн бол тухайн оюутанд 100 хувийн урамшууллын тэтгэлгийг олгохоор болсон байна. Одоогоор нийт хэчнээн оюутан тэтгэлэг авах боломж гэдэг мэдээлэл гараагүй байгаа бөгөөд ирэх оны эхээр энэхүү мэдээлэл ил болох аж.

 Г.ТУУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж