Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн байгуулах эрчим хүчний цогцолборыг нүүрсээр хангах тухай танилцуулгыг Уул уурхайн сайд Р.Жигжид өчигдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ. Салбарын сайдын хийсэн танилцуулгатай холбогдуулж Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр сэтгүүлчдэд тодорхой тайлбар хийсэн юм. Тэрбээр, "Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн эрчим хүчний цогцолбор байгуулах тухай шийдвэрийг Засгийн газар аравдугаар сарын 27-ны хуралдаанаараа гаргаж, бэлтгэл ажил хангах, төслийн нэгж байгуулахыг “Эрдэнэс Монгол” компанид даалгасан. Нүүрсний ордыг түшиглэн эрчим хүчний цогцолбор байгуулах ажил нь анхны томоохон хэмжээний бүтээн байгуулалт болох юм. Энэ бүтээн байгуулалтад хамтран оролцож байгаа Хятадын талаас нэг жилд 34 сая тонн нүүрс олборлох уурхай байгуулах зорилт тавьж байна. Уг эрчим хүчний цогцолбор нь манай улсын одоогийн үйлдвэрлэж байгаа эрчим хүчийг 8-9 дахин нугалах хэмжээний буюу 9240 мегаватт хүчин чадалтай өндөр хэмжээний цахилгаан станц барих юм. Дээр нь 8 сая кВт цахилгааныг шууд дамжуулах агаарыг шугам байгуулах төсөл аж. Энэ төсөл дээр манай улс нүүрс, усаар хангах үүрэг хүлээсэн. Нэг жилд 34 сая тонн нүүрс эрчим хүчний цогцолбор хэрэглэх юм бол ашигтай ажиллах эхний 30 жилд 1 тэрбум тонн нүүрс хэрэгтэй. Гэтэл түшиглэн байгуулж байгаа Шивээ-Овоогийн нүүрсний ордын тогтоогдсон нөөц бол 600 гаруй сая тонн. Энэ нөөцийг ойрын үед нэмэгдүүлэх тал дээр ямар арга хэмжээ авч болох вэ гэдгийг ярилцаад, “Шивээ-Овоо” компанийн зэргэлдээ томоохон орд эзэмшдэг ”Шинэ Шивээ” компанитай “Эрдэнэс МГЛ” компанийг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан хэлэлцээр хийж, хамтарсан аж ахуй нэгж байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. ”Шинэ Шивээ” компанийн эзэмшлийн талбайд нэг тэрбум гаруй тонн нүүрсний нөөц байгаа юм. Хамтарсан аж ахуй нэгж байгуулсан тохиолдолд манай талаас хүлээсэн үүргээ биелүүлэх бололцоо бүрдэж байна" гэлээ.
Т.ДАВААНЯМ