АНУ-ын төрийн департментаас Саудын Арабт 1.29 тэрбум ам.долларын өртөг бүхий тэсрэх бөмбөг худалдах гэрээ байгуулжээ. Гэхдээ Саудын Арабтай хийсэн зэвсгийн гэрээг зогсоохыг хүсвэл АНУ-ын Конгресс 30 хоногийн дотор арга хэмжээ авах ёстой аж. Саудын Араб нь хөрш Йемений шийтийн хоутис босогчдын эсрэг агаарын цохилт хийж байгаа билээ.
Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээ болон Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассадын эсрэг дайралт хийхээс цааргалсан зэргээс үүдэн АНУ Саудын Арабын харилцаанд үл ойлголцол үүсээд байсан юм. Гэтэл Саудын Араб бол АНУ-ын хамгийн том зэвсэг худалдан авагч орнуудын нэг аж. Түүнчлэн “Исламын улс” бүлэглэлийн эсрэг Сири, Иракт агаарын цохилт өгөх олон улсын цэргийн эвсэлд АНУ-ын гол түшиг нь Саудын Араб юм. Саудын Арабын хаан Салман өнгөрсөн есдүгээр сард Вашингтонд айлчилснаар хоёр орны харилцаа сэргэсэн байна.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: ВВС