Францын нийслэл Парис хотод халдлага үйлдэж олон хүний аминд хүрсэн “Исламын улс” бүлэглэлийг үндсээр нь устгах болно хэмээн ерөнхийлөгч Франсуа Олланд мэдэгдлээ. Түүнчлэн тэрбээр Францад зарласан онц байдлыг гурван сараар сунгах болон Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг парламентад танилцуулахаар зэхжээ. Парламентын хоёр танхимын нэгдсэн хуралдааны үеэр хэлсэн үгэндээ Франсуа Олланд онц байдал тогтоосон хугацааг сунгахын тулд Францын Үндсэн хуульд засвар оруулах шаардлагатай хэмээсэн аж. Франсуа Олланд ойрын хугацаанд Исламын улсын заналхийлэлд өртсөн ОХУ болон АНУ-ын төрийн тэргүүнүүдтэй уулзаж, хэт даврагчдын эсрэг авах арга хэмжээг ярилцахаар төлөвлөжээ. Мөн Туркт болсон “Их 20” орны чуулга уулзалтад оролцогчид терроризмын эсрэг хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхээр ярилцжээ.
Мөн ирэх хоёр жилийн хугацаанд Францын батлан хамгаалахын төсвийг танахгүй, цагдаагийн хүчийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахаар төлөвлөжээ. Түүнчлэн терроризмын авир гаргасан хоёр орны иргэншилтэй хүмүүсийг Францын иргэншлээс шууд хасах гэнэ.
Парисын халдлагын дараа Францын арми Сири, Ирак дахь исламын хэт даврагчдын эсрэг агаарын дайралт, довтолгооныг эрчимжүүлэх болсон байна.
Парисын халдлагад 129 хүн амь үрэгдэж, 350 гаруй хүн амь үрэгдсэний дараа Эйфелийн цамхаг гэрлээ унтраасан байсан ч өчигдрөөс /XI.16/ Францын төрийн далбааны өнгөөр гэрэлтэх болсон байна.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: BBC