-АНУ-ын муж улсууд Сирийн дүрвэгсдийг хүлээж авахаас татгалзаж эхэллээ-
“Исламын улс” бүлэглэл Парисын халдлага амжилттай болсныг тэмдэглэхийн сацуу дараагийн бай нь АНУ-ын Вашингтон болохыг анхааруулжээ. Энэхүү заналхийллийн видео бичлэг цацагдсаны дараа АНУ-ын муж улсууд Сирийн дүрвэгсдийг хүлээж авахаас татгалзаж эхэллээ. Мичиган муж улсын захирагч Рик Снидер АНУ-ын дотоодыг аюулаас хамгаалах агентлаг тодорхой арга хэмжээ авах хүртэл шинээр дүрвэгчдийг хүлээж авахыг зогсоож байгааг мэдэгджээ. Үүнтэй адил Алабама, Техас, Арканзас, Аризона, Флорида, Жоржиа, Индиана, Айова, Иллинойс, Луйзиана, Миссиссиппи, Массачусетс, Охайо, Висконсин зэрэг муж улсууд ч дүрвэгсдийг хүлээж авахаа зогсоосон байна.
Харин АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Сирийн иргэний дайнаас дүрвэгсдэд туслах хэрэгтэй хэмээн мэдэгджээ. Барак Обама “Тэдний өмнө хаалгаа савснаар бид үнэт зүйлсээсээ урвасан хэрэг болно. Манай улс зовж зүдэрсэн дүрвэгчдийг хүлээж авахын зэрэгцээ аюулгүй байдлаа хамгаалах ёстой” хэмээсэн байна.
Францын нийслэл Парист өнгөрсөн баасан гаригт /XI.13/ олон халдлага гарснаар 129 хүн амь үрэгдэж, 350 гаруй хүн шархтсан билээ. Халдлагыг Исламын улс бүлэглэл зохион байгуулснаа хүлээсэн юм.
Иргэний дайн, “Исламын улс” бүлэглэлийн харгислалаас зугтан олон сая сиричүүд хөрш орнууд болон Европыг зорих болсон билээ. Европыг зорих цагаачдын урсгал энэ он гарсаар огцом нэмэгдэж хямралын хэмжээнд хүрсэн юм. АНУ-ын зүгээс Сирийн 10 мянга орчим дүрвэгчийг эх орондоо хүлээж авахаа мэдэгдсэн юм.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: ВВС