Хуучирсан мэдээ: 2015.11.17-нд нийтлэгдсэн

G20-оор юу ярилцав

 

Арваннэгдүгээр сарын 16-нд Туркийн Анталье хотноо “Их хорь” клубын саммит өндөрлөв. Дэлхийн 20 том эдийн засгийн тэргүүн нар тэгш бус эдийн засгийн өсөлтийн асуудлыг шийдэхэд  боломжит бүх хувилбар, хэрэгслийг ашиглана гэсэн үүрэг авлаа. Гэхдээ эдийн засгийн эдгээр асуудал нь Парист  болсон террористуудын халдлагын улмаас түр хойш тавигдав.

 

G20 клубт АНУ, Аргентин, Австрали, Бразили, Их Британи, Герман, Энэтхэг, Индонези, Итали, Канад, Хятад, Мексик, Орос, Саудын Араб, Турк, Франц, ӨАБНУ, Өмнөд Солонгос, Япон, Европын холбоо багтдаг.

 

Терроризмтай нягт тэмцэнэ

 

Анталье дэх анхны ажил хэрэгч хуралдаан  нэг минутын чимээгүй гашуудлаар эхлэв. Үүний дараа лидерүүд терроризмтай хийх тэмцэлд нэгдэх шаардлагатай гэж мэдэгдсэн юм.

 

G20 тусгай мэдэгдэлдээ “”Исламын улс” бүлгийнхэн Парист террор хийн 129 хүнийг хөнөөж, 350 хүнийг шархдуулсны дараа террорист ажиллагааг таслан зогсоохын тулд” улс орнууд нь илүү нягт хамтран ажиллах болно хэмээн өгүүлжээ.

 

Лидерүүд хилийн хяналт, нислэгийн аюулгүй байдлыг идэвхжүүлэх мөн террористуудын санхүүжилтийн сувгийг хаахаар тохиролцож чадлаа.

 

"Терроризмын ямар ч хэлбэрээс бид хүчтэй гэсэн шийдвэрлэх дохиог бид саммит дээр өгч байна” гэж Германы канцлер Ангела Меркель мэдэгдлээ. “Исламын улс” террорист бүлэглэлийн үйлдэл, Сири, Ирак дахь дайн нь дүрвэгсдийн хөдөлгөөний  гол шалтгаан гэж Ангела Меркель үзэж байна.

 

Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган санхүүгийн салбарт хандан террорист довтолгооныг өдөөгч ядуурал, ажилгүйдэлтэй тэмцэхэд туслахыг  уриалсан байна.

 

Терроризмтай тэмцэхэд хүчээ нэгтгэх шаардлагатайг Италийн ерөнхий сайд Маттео Ренци хэлэв. “Улс орны дотоод улс төрийн хүчний эв нэгдлийн зэрэгцээ европ түншүүдтэй хамтарсны хүчин чармайлтаар бид терроризмыг ялах чадвартай болно. Энэ сэдэв бол ойрын саруудад магадгүй он жилээр өдрийн дэгд үлдэх ёстой. Одоо бид эрүүл ухаан, ухаалаг хандлага шаардсан эгзэгтэй агшинг даван туулж байна” хэмээн тэр онцолжээ.

 

Дэлхийн эдийн засаг

 

Санхүүгийн зах зээлийн тодорхой байдал, улс орнуудын эдийн  засгийн өсөлт саарч буйд түгшсэн оролцогч ихэнх орны  тэргүүн нар 2018 он гэхэд даяарчлалын өсөлтийг 2 хувь  гэсэн төвшинд гаргаж ирэхээр мэдэгдлээ.

 

"Даяарчлалын эдийн засгийн өсөлт нь  тэгш бус, зарим том эдийн засгаар бүрэн дүгнэлт гарсан байгаа ч бидний хүлээлтэд хүрэхгүй байна. Дэлхийн эрэлтийн хомсдол болон бүтцийн асуудлууд нь өнөөгийн болон ирээдүйн өсөлтөд дарамт үзүүлсээр байна” гэж саммитийн төсгөлийн баримтын төсөлд өгүүлжээ.

 

ОУВС-гийн шинэчлэл

 

Даяарчлалын байгууламж ба түүнийг бүтээгч гол хэсэг болсон Олон улсын валютын сангийн шинэчлэлийн асуудал нь олон хөгжиж буй орнуудын хувьд тэргүүлэх гол чиглэл нь болоод байгаа юм. Квотыг анх ноогдуулсан үеэс дэлхийн эдийн засагт эзлэх хувиа нэмсэн улс орнууд ОУВС-гийн квот, саналыг нэмэх хүсэлтэй байгаа юм.

 

Төгсгөлийн баримт бичигт лидерүүд АНУ-д хандан ОУВС-гийн шинэчлэлийн баримт батлахыг уриалаад түүнийг барьж байгаад нь “гүнзгий гутралтай” гэж мэдэгджээ. Сануулахад, Америкийн парламент зохих хуулийг батлахгүйгээр ОУВС-гийн шинэчлэлт одоо явагдаж чадахгүй.

 

Татвар хураалтыг автоматжуулна

 

Лидерүүд татвараас зугтаж буй корпорациудтай тэмцэх багц арга хэмжээг дэмжив. Харин тэр арга хэмжээг улс орнууд хэрхэн сахих  тухай асуудал нэгдүгээр тавигдав.  “Татварын баазыг угаах, орлогыг  татварт хамааруулахгүй байхтай тэмцэх төлөвлөгөө”  гэдгийн нэг хэсэг нь энэ бололтой. Одоо улс орнууд автоматаар татварын мэдээллээ солилцох асуудлыг цаашид авч үзэх нь улс орнуудын зорилго болж байна.

 

Эдгээр бүх арга хэмжээ нь олон улсын татварын дүрэмд байгаа цоорхойнуудыг нөхөхөд чиглэгдэнэ.

 

Дүрвэгсдийн хямрал

 

Лидерүүд дүрвэгсдийн цар хүрээг тэмдэглээд улс орнууд тэдний байрлуулах эсвэл ямар нэгэн тусламж үзүүлэн энэ ачааллыг туулах ёстой гэж мэдэгдсэн байлаа.

 

"Цаг хугацаа тэвчихгүйг бид бүгд мэдэж байна. Сая сая дүрвэгсдэд  найдлага өгөхийн тулд G20 хөдлөх ёстой" гэж Меркель хэлээд Европын холбооны хүрээнд дүрвэгсдийг тэнцүү хуваарилах ёстой хэмээн шаардсан байв.

 

Төгсгөлийн баримт бичигт G20-ийн лидерүүд дүрвэгсдийг ажилтай болгохын тулд тусламжаа нэмнэ, тэр нь тэрхүү асуудлыг шийдэх анхны алхам болно гэв. Европт энэ жил нэг сая хүн ирнэ гэсэн хүлээлттэй байгаа бол Турк хөршийнхөө хоёр сая хүнийг хүлээн авчээ. 2017 он гэхэд дүрвэгсдийн тоо гурван сая болно гэж Европ хүлээж байна.

 

Цаг уурын өөрчлөлт

 

Цаг уурын өөрчлөлт нь эдийн засгаас гадуурх бас нэг чухал сэдэв байсан юм. Одоогоор талууд ямар нэгэн шинэ  гэрээнд хүрээгүй, дахиад л хорт хаягдлыг бууруулна гэсэн ерөнхий мэдэгдлээр төгсөх нь ойлгомжтой.

 

“Сэргээгдэх эрчим хүчийг ашиглахын тулд технологийн хүртээмж, санхүүжилтийг нэмэх шаардлагатай” гэж Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди мэгдсэн байгаа. Энэ зорилгоор  улс орнууд 2020 гэхэд 100 тэрбум доллар  гаргах ёстой гэж тэр үзжээ.

 

"Туркийн урсгал"

 

“Туркийн урсгал” хийн хоолойг барих нь Орос, Туркт хамаатай. Гэтэл арваннэгүгээр сарын 16-нд хоёр орны лидер саммитийн талбарт энэ тухай  ярилцсан байна. Тэд энэ талаар мэдэгдэл хийгээгүй харин "Газпромын" тэргүүн Алексей Миллер уг төслийг хурдан хэрэгжүүлж болно гэлээ. Хар тэнгисийн ёроолоор дамжих  хийн хоолой нь “Өмнөдийн урсгалын” коридороор шинэ хоолой тавигдах учир хэрэгжүүлэлт нь  богино хугацаанд хийгдэнэ гэж тэр хэлэв.

 

"Засгийн газар хоорондын гэрээнд гарын үсэг зурагдахаас тэр нь бүрэн хамааралтай. Өнөөдөр бид жилдээ 32 тэрбум  хий шахах хоолойн хүчин чадал ба  хоёр  салааг барих нь ашигтай гэх талаар ярилцаж байна” хэмээн Миллер нэмэн өгүүлэв.

 

“Туркийн урсгал” гэрээнд гарын үсэг зурах нь удахгүй. Туркийн шинэ засгийн газар байгуулагдсаны  дараа үргэлжилнэ гэж ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак өмнө хэлж байсан юм.
Гэрээнд гарын үсэг зурах нь Туркийн шинэ засгийн газар байгуулагдах хугацаанаас хамаарна. Хэлэлцээр энэ жилд амжихгүй байх, харин ирэх жилд бидэнд сонсогдох болов уу.

 

Орост Украины төлөх өр

 

Украины Орост төлөх өрийн талаар  чуулга дээр яригдлаа.Энд өрийн асуудлыг зохицуулахад үндэс болох  саналыг Орос өөрөө дэвшүүлсэн байв. “Энэ жилийн 12-р сард төлөгдөх ёстой Украины гурван тэрбум долларын өрийг төлөх дарааллын саналыг бид  дэвшүүлж байна. Тэр нь өрийг барагдуулах асуудлыг зохицуулах үндэс болж  чадах юм” гэж Сангийн сайд Антон Силуанов  хэлжээ. Одоо тэр саналыг нь ОУВС ба Украин авч үзэх ёстой.

 

 Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж