Оюутолгой 431.7 сая долларын ашиг олжээ

Хуучирсан мэдээ: 2015.11.17-нд нийтлэгдсэн

Оюутолгой 431.7 сая долларын ашиг олжээ

“Оюу толгой” компанийн 2015 оны гуравдугаар улирлын тайлангаас харахад тус компани 226 мянган тонн баяжмал борлуулж, 431.7 сая ам.долларын орлого олсон нь өмнөх хоёрдугаар улирлаас 2.5 хувиар өссөн үзүүлэлт юм байна . Энэ нь зэсийн үнэ буурсан хэдий ч борлуулалтын хэмжээг нэмэгдүүлснээр орлогын зөрүүг хэсэгчлэн нөхөж чадсан гэж тус компанийнхан тайлбарлаж буй.

Түүнчлэн ил уурхайн өндөр агуулгатай хүдрийн биетийг олборлож эхэлсэнээр 2015 оны дөрөвдүгээр улирлын зэс, алтны үйлдвэрлэл өмнөх улирлаас нэмэгдэнэ гэж "Оюутолгой"-н удирдлагууд тооцжээ.   Мөн далд уурхайн бүтээн байгуулалтын ТЭЗҮ-ийн хөрөнгө оруулалтын тооцоог шинэчилж, 2016 оны нэгдүгээр улиралд дуусгахаар төлөвлөжээ. “Туркойз хилл ресурс” компани 2015 оны эцсээр төслийн санхүүжилтийн гэрээг байгуулж, 2016 оны эхээр буюу ирэх оны хоёрдугаар хагасаас далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөөд байгаагаа тайландаа дурдсан байна.

Далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах эхний 4.2 тэрбум долларыг дэлхийн арилжааны 15 банкнаас авахаар  гэрээ хэлэлцээ хийж, санхүүжилтэд 2015 оны эцэс гэхэд гарын үсэг зурахаар  бэлтгэлээ хангаад байгаа бололтой. 2015 оны есдүгээр сард Монгол Улсын Засгийн газар Хөрөнгө оруулалтыг баталгаажуулах олон талт агентлагийн хүсэлтийн дагуу “Оюутолгой” төслийн санхүүжилттэй холбоотойгоор тус агентлагаас баталгаа гаргахад хүлээн авагч улсын хувьд зөвшөөрөл өгч гарын үсэг зурсан. Хүлээн авагч улсын зөвшөөрөлд гарын үсэг зурсан нь төслийн санхүүжилтийг шийдвэрлэхэд чухал үйл явдал болсон юм. Олон улсын санхүүгийн байгууллагуудын дотоод хяналтаар оруулж, батлуулахаар төслийн санхүүжилтийн мэдээллийн товхимлыг 2015 оны аравдугаар сард талуудад хүлээлгэн өгчээ.  Ил уурхайн өндөр агуулгатай хүдрийн биетийг олборлож эхэлсэн тул 2015 оны дөрөвдүгээр улирлын зэс, алтны үйлдвэрлэл өмнөх улирлаас нэмэгдэнэ гэж үзэж байгаа бөгөөд “Оюутолгой” компанийн 2016 онд үйлдвэрлэхээр төлөвлөсөн баяжмалын 80 хувийг борлуулах  гэрээ байгуулаад байгаа аж.

 Г.ТУУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж