Өнгөрөгч баасан гаригийн шөнө болсон Парисын халдлагын улмаас Франц Улсын эдийн засагт хувьцааны үнийн уналт үүсээд байна. Хэдийгээр энэхүү үнийн уналт нь богино хугацааны туршид л тохиолдох урьдчилсан төлөвтэй байгаа боловч, гэнэтийн шалтгааны улмаас үүссэн зах зээлийн энэхүү өөрчлөлтийг дэлхий даяараа ажиглаж байна.
ТЭГВЭЛ ЭНЭХҮҮ ХАЛДЛАГА ФРАНЦЫН ЗАХ ЗЭЭЛД ЯМАР ҮР НӨЛӨӨГ АВЧРАХ ВЭ?
Зах зээлийн урьдчилсан тооцоогооор Франц Улсад орох хөрөнгө оруулалтын хэмжээ буурна гэнэ. АНУ-ын Төв банкны систем хүүгийн хэмжээгээ өсгөхөөр ажиллаж байгаатай давхцан, Хятадын эдийн засгийн удаашрал явагдаж байна. Дэлхийн хоёр ч томоохон эдийн засгийн төвүүд эгзэгтэй байгаа энэ үед хөрөнгө оруулагч нар дэлхийн эдийн засаг хаашаа эргэхийг тун болгоомжтой ажин сууж буй.
Иймээс энэхүү террорист халдлага нь хөрөнгө оруулагч нар мөнгөө бонд, алт зэрэг халхавчуудын ард үлдээх бас нэгэн шалтгаан болж болох юм.
Юутай ч Франц Улс учирсан хохиролтой нүүр тулж, эдийн засгийн шархаа нөхөх арга хэмжээнүүдийг авч эхлээд байна.
ТЕРРОРИЗМТЭЙ ТЭМЦЭН ЭДИЙН ЗАСГАА ЭРГЭН СЭРГЭЭЖ БАЙСАН БУСАД УЛС ОРНЫ ТУРШЛАГУУД:
2001 оны есдүгээр сарын 11-нд АНУ-д тохиолдсон террорист халдлагын үеэр Нью-Йорк дахь Уолл Стрийт 12 хувийн хувьцааны уналтаа эргэн нөхөх гэж нэг сарын хугацаа зарцуулж байжээ.
2005 оны долоодугаар сард болсон Лондонгийн бөмбөгдөлтийн үед Их Британийн Вант Улсын Хөрөнгийн Бирж алдагдсан 1.4 хувийн хувьцааны уналтаа ганцхан өдрийн дотор сэргээж байжээ.
Тэгвэл энэ удаагийн халдлагаас болж, дэлхийн эдийн засаг нэг хэсэгтээ л тогтворгүй байдалд байх бололтой.
Франц Улсын эдийн засаг аялал жуулчлалаас ихээхэн хамааралтай юм. Нэг жилд л гэхэд дор хаяж 82 сая тооны жуулчин хүлээн авч, 40 тэрбум еврог аялал жуулчлалын салбараас олдог байна. Тэгэхээр Франц Улсын эдийн засгийг бүрэлдүүлэгч хамгийн том эх үүсвэр нь яах ч аргагүй аялал жуулчлал юм.
ТЭГВЭЛ АЙМШИГТ ХАЛДЛАГА ЭНЭХҮҮ САЛБАРТ ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ?
Хэдийгээр энэхүү халдлага нь жуулчдын аяллын жагсаалтад хамгийн их бичигддэг дурсгалт төвүүдийг онилоогүй байсан боловч, олон хүний амралтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах нь дамжиггүй юм.
Орон орны халдлагын дараах аялал жуулчлалын салбарын сэргэлт харилцан адилгүй байдаг байна.
2004 онд Мадридад болсон орон нутгийн галт тэрэгний дэлбэрэлтийн үеэр 191 хүн үрэгдэж, 2000 хүн шархадсан түүхтэй. Тэгвэл энэхүү дэлбэрэлтийн дараагаар Мадридыг зорих жуулчдын тоо 12%-иар ихсчбайжээ.
2002 оны аравдугаар сард Балид болсон дэлбэрэлтийн үеэр нийт 200 хүн амиа алдсан. Тэдгээрийн 88 нь Австралийн жуулчид байжээ. Балигийн аялал жуулчлал үүнээс хойш эдийн засгийн хүндхэн үетэй тулгарч, дэлбэрэлтээс хойш хоёр жилийн дараа л бүрэн сэргэж өмнөх хэмжээндээ очиж байжээ.
Халдлагын үр дүн ямар байх вэ? гэдэг нь халдлагын гол бай жуулчид байсан эсэхээс ихээхэн хамаардаг нь эндээс харагдана. Аялал жуулчлалын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, дэлхий дээрх террорист халдлагаас шалтгаалж жуулчдын аяллаа цуцлах хандлага ихсэж байна гэв.
Мөн үүнээс гадна халдлагаас болж, Европын төв банкийг ирэх сараас еврогийн ханшаа зөөллөх шаардлага гарна гэсэн таамаглал ч эдийн засагчдын дунд бий болжээ.
Бэлтгэсэн: Г.СҮМБЭЭ