Үндсэн хуулийг хэн өөрчлөх вэ?

Хуучирсан мэдээ: 2015.11.17-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийг хэн өөрчлөх вэ?

Сүүлийн найман жил ярьсан Үндсэн хуулийг өөрчлөлтийг З.Энхболдын парламент хийж чадах уу гэсэн асуулт олон нийтийн дунд эргэлзээ төрүүлж байна. Үүнээс үүдэлтэйгээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх цаг өнөөдөр мөн үү, тэр тусмаа өнөөгийн парламентад ийм чадамж байгаа юу гэсэн асуулт тавигдаж байгаа юм.

Одоо мөрдөгдөж байгаа Үндсэн хуульд болон 2010 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журамд зааснаар эцэг хуульд өөрчлөлт оруулах эсэхийг зөвхөн УИХ шийднэ. Уг журмын 11 дүгээр зүйлийн хоёрт зааснаар Үндсэн хуулийг өөрчлөх төслийг УИХ хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх  ёстой.

УИХ-ын нэр бүхий 47 гишүүний гэх Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл парламентын дэмжлэгийг авч чадах уу. Сөрөг хүчний улстөржилт, нөгөө талдаа парламентад суудалгүй намуудын эсэргүүцэлтэй тулгараад буй Үндсэн хуулийн өөрчлөлтийг олон нийт дэмжиж байна уу. Үндсэн хуулийг өөрчлөх цаг нь болсон уу, болсон бол хэзээ яаж өөрчлөх ёстой вэ, өөрчиллөө гэхэд хэн өөрчлөх юм бэ гэсэн асуултууд олны дунд маргаан дагуулсаар.

Тэгвэл арваннэгдүгээр сарын 6-нд УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн ахлагч Н.Батбаяр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлтэй хамт Ард нийтээс санал асуулга авах тогтоолын төслийг өргөн бариад 11 хонож байна. Хуулийн дагуу бөгөөд журамд заасанчлан  УИХ-ын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хөндөхөд ердөө 19 хоног үлджээ.  Үүнээс өмнө ард нийтийн дунд бүх нийтийн санал асуулга авна гэдгээ ажлын хэсэг зарлачихлаа. УИХ-ын дөрөвний гурав нь бүх нийтийн санал асуулгыг явуулахыг дэмжвэл Үндсэн хуулийг өөрчлөх  үгүйг Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн нэг бүрийн саналаар шийднэ гэсэн үг.

Иргэд эцэг хуулийг эх болгохыг дэмжихгүй аваас энэ асуудал бүр багаар тооцоход ирэх дөрвөн жилд, цаашлаад найман жил дахин хөндөгдөхгүй.  Харин өнөөгийн засаглалын хямрал, эрдэс тойрсон бүлэглэлүүдийн тэмцэл, засгийн тогтворгүй байдал, төрийн албаны төрлийн хэлхээ дахиад найман жил үргэлжилнэ. Яагаад гэж үү?

Яагаад гэвэл ирэх 2016 он бол сонгуулийн жил.  УИХ бол Үндсэн хуулийн өөрчлөлтийг сонгуулийн хугацааныхаа хамгийн сүүлд хэлэлцдэг учиртай. Энэ нь аль ч парламент сонгуулийн эхний жилээ Үндсэн хуулийг хэлэлцэж, эрх мэдлээсээ хагацахыг хүсдэггүйтэй нь холбоотой. Цаашлаад 2017 онд  шинэ Ерөнхийлөгч сонгогдоно. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгчид дахиад хоёр дахь удаагаа төрийн тэргүүнээр сонгогдохыг хүсэх нь буруу зүйл биш. Тиймээс  Ерөнхийлөгч дэмжихгүй бол Үндсэн хуулийн өөрчлөлт хийгдэхгүй.  Тэгэхээр яг одоо л хувьсгалын тохироо бүрдсэн гэж хэлж болно.

УИХ-ын нэр бүхий 47 гишүүний гэх Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл парламентын дэмжлэгийг авч чадах уу. Сөрөг хүчний улстөржилт, нөгөө талдаа парламентад суудалгүй намуудын эсэргүүцэлтэй тулгараад буй Үндсэн хуулийн өөрчлөлтийг олон нийт дэмжиж байна уу. Үндсэн хуулийг өөрчлөх цаг нь болсон уу, болсон бол яаж өөрчлөх ёстой вэ, өөрчиллөө гэхэд хэн өөрчлөх юм бэ гэсэн асуултууд олны дунд маргаан дагуулсаар.

Хэрэв Үндсэн хуулийг өөрчлөх цаг нь өнөөдөр биш бол яг хэзээ вэ? Өнөөгийн УИХ-д ийм чадамж байхгүй бол хэзээ Монголын парламентад ийм чадамж суух вэ? УИХ-д Үндсэн хуулийг өөрчлөх чадамж суухыг Монголын ард түмэн хэдий болтол хүлээх вэ?

2008-2012 оны парламентыг, түүний өмнөх УИХ-ыг ч Үндсэн хуульд өөрчлөлт оруулах чадамжгүй гэж шүүмжилдэг л байсан.  Өнөөдөр ч энэ шүүмжлэл дахин өрнөж байна. Өнөөгийн УИХ чадамжгүй юм бол маргаашийн парламентад бас чадамж байхгүй гэсэн шүүмжлэл өрнөх нь бас тодорхой. Тэгэхээр монголчууд бид өөрсдөө биш бол өөр хэнээр Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийг хийлгэх вэ?

Амьдралд төгс төгөлдөр нийцдэг хууль гэж хаана ч хэзээ ч батлагдаж байгаагүй. Хуульчлаагүй уламжлалт ёс заншил хүртэл бодит байдалтай эвцэлдэхээ больж байгаа нөхцөлд,  хорвоо дэлхийн хөгжил цаг мөчтэй уралдан өөрчлөгдөхийн хэрээр аливаа хууль тогтоолыг өөрчлөх цаг хугацаа, хувьсгалын тохироо гэж бий. Тохироо бүрдсэн  цагт нь өөрчлөлтийг хийхгүй бол хэдэн арван жилийнхээ хөгжлийг алддаг гашуун түүх ч байна. Өөрөөр хэлбэл, энэ нь боломжийг ашиглах үед нь ашигла гэсэн үг юм.

С.Ганбаатар Оюутолгойгоор, Х.Баттулга төмөр замаар, Л.Эрдэнэчимэг Тавантолгойгоор, Г.Уянга  Ч.Сайханбилэгээр, О.Баасанхүү С.Баярцогтоор улс төр хийж байна гэдэг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага  үүссэний илрэл. Хэрэв өнөөгийн УИХ-д Үндсэн хуулийг өөрчилж чадахгүй гэж бодож байгаа бол маргаашийн, маргаашийн маргаашийн УИХ-д ч үүнийг өөрчлөх боломжийг бид олгохгүй гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, хүссэн ч эс хүссэн ч өнөөгийн УИХ-ыг бид өөрсдөө сонгосон. Өөрсдийн маань сонгосон Их хурал “эцэг” хуулийг өөрчилж чадахгүй гэж хууль тогтоох төрийн дээд байгуулагатаа итгэж чадахгүй байнаа гэдэг ч Үндсэн хуулийг өөрчлөхийн нэг дохио. Тэгээд ч Н.Батбаярын хэлсэнчлэн “Болгоё гэсэн хүн аргаа олдог, болохгүй гэсэн хүн  шалтгаан олдог” нь үнэн шүү дээ.

Өчигдөр МАН-ын бүлгээс хэвлэлийн бага хурал хийлгэж, Үндсэн хуулийг өөрчлөх цаг бишээ гэв. Үүний өмнөхөн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж өнөөгийн УИХ-д Үндсэн хуулийг өөрчлөх чадамж байхгүйг  шүүмжилсэн юм. Тэгж ярих юм бол Үндсэн хуулийг өөрчлөх чадамжгүй энэ УИХ-ын 26 кноп нь Ардын намынх. Насаараа УИХ-д суусан, архаг хуульч Ц.Нямдорж Үндсэн хуулийг өөрчлөх чадамжгүй юм бол Ардын намынд эцэг хуулийг өөрчлөх хийгээд энэ улсыг гацаанаас гаргах хүсэл алга гэсэн үг.  

 Үндсэн хуулийг Эх хууль болгож өөрчлөх, парламентын гишүүний тоог 76-гаас 99 болох нь улстөрчдийн хэлэлцэж шийдвэрлэх асуудал бусуу. Энийгээ л УИХ дээр хэлэлцээд суух ёстой биз дээ. Н.Батбаяр 99 тоог 99 тэнгэртэй зүйрлэсэн ч байж болно.  Тэглээ гээд энэ нь Үндсэн хуулийн үзэл санаанаас том асуудал биш юм.  Тэгэхээр МАН улс орныхоо том зорилгыг бүлгийнхээ жижиг улстөртэй холих бүр хэрэггүй. Ер нь бол  Үндсэн хуулийн үзэл санааг өөрчлөх том зорилгын дэргэд Ардын намын хэлээд байгаа шалтгаан бол ердөө шалтаг. Эх хууль гэнэ үү, Үндсэн хууль гэнэ үү, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр, хэлэлцүүлгийнхээ явцад хэн ч ямар ч нэр санаачилж болно шүү дээ.  Харин өнөөдрийн хувьд Үндсэн хуулийнхаа үзэл санааг өөрчлөх ёстой юу гэдгээ зөвшилцлийн хүрээнд шийдэх ёстой юм.. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд, 1992 оноос хойш Монгол Улсын Ерөнхий сайдаар 13 хүн, үүрэг гүйцэтгэгчээр гурван хүн ажилласан нь манай Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байна гэдгийг улстөрчид олж харах цаг нь өнөөдөр юм.

Өршөөлийн хуулиар Н.Энхбаяр Монголын төр засгийг барьцаалж, З.Баянсэлэнгэ гудамжны тэмцэгчээс гуравхан жилийн дотор төрийн сайд болтлоо дэвшсэн нь үнэндээ Үндсэн хуулийн завхрал гэж хэлж болно. Оймсонд хавчуулагдан ордонд орж ирээд бусдын сум болж яваа О.Баасанхүү ч өнөөдрийн мөрдөгдөж байгаа Үндсэн хуулийн алдаа. Цаашлаад гуйж орчихоод хаяж гардаг, урьж оруулчихаад хөөж гаргадаг Ардчилсан намаас гаргаж буй араншингийн асуудал нь мөнөөх л Үндсэн хуулийн үндэст байна аа гэсэн үг. Тиймээс цаг хугацаа болон чадамжийн тухай асуудал болгохгүй гэсэн хүнд зүгээр л нэг шалтаг.

Бүлгийнх нь шийдвэр эсрэг гарсан ч дотоод сэтгэлдээ Үндсэн хуулийг өөрчлөхийг Ардын намынхан дотор дэмжих  хүн цөөнгүй бий.  Тэгээд ч “Бусад улс нэг ерөнхий сайдтай байдаг бол манайх 76, бүр түүнээс ч олон толгойтой болчихоод хаашаа харах зүг чигээ мэдэхгүй болчих гээд байна” гэж М.Батчимэгийн хэлсэн, “Монгол Улс зургаан удаагийн сонгууль явуулсан. Гэтэл Засгийн газраа долоон удаа огцруулсан байдаг юм. Гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаа ийм тогтворгүй байж болохгүй. Засгийн газрын үйл ажиллагаа тогтвортой, бодлогоо хэрэгжүүлэх боломжийг нь олгох ёстой” гэж Н.Батбаярын хэлж байгаа  нь аль аль нь үнээн.

Бүрэн эрхийн хугацааныхаа дийлэнхийг сандал суудал, сайдыг огцруулах асуудалд зарцуулсан өнөөгийн парламентын түүхэнд үлдэх гавъяа нь Үндсэн хуулийн өөрчлөлт. Үндсэн хуулийн өөрчлөлтийг өнөөдөр хийхгүй л бол ахиад арван жил Монгол Улс тамын тогоондоо, “чөтгөрийн тойрогтоо” амьдарна гэсэн үг.  Засаглалын хямралаас үүдэлтэй эдийн засгийн хямралаас гарах хамгийн энгийн бөгөөд оновчтой гарц бол Үндсэн хуулийг өөрчлөх. Өнөөдрийг алдвал монголчууд маргаашийг алдана. Маргаашийг алдвал  ирээдүйгээ алдана. Сэтгэл байвал уг нь сэрээгээр ч газар хагалах боломжтой гэдэг дээ.

 Ж.НЯМСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж