2016 оны төсвийг сонгуульд зориулагдсан төсөв гэж үзэх нь зохисгүй

Хуучирсан мэдээ: 2015.11.16-нд нийтлэгдсэн

2016 оны төсвийг сонгуульд зориулагдсан төсөв гэж үзэх нь зохисгүй

Ирэх оны төсвийн хүрээнд ярилцахаар УИХ-ын гишүүн Д.Ганхуягийг энэ удаагийн "Ярилцах танхим"-ын зочноор урилаа.

-Засгийн газраас өргөн барьсан ирэх оны төсвийн төсөл нэлээд өөрчлөгдөж задарч байна. Иймээс  Засгийн  газарт  төсвийг  нь  буцааж,  дахин  оруулж  ирэх  ёстой  гэсэн байр  суурьтай  гишүүд  бий.  Ажлын  хэсгийн ахлагчийн хувьд энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-2016 оны төсвийг өнгөрсөн 5 дахь өдөр УИХ баталлаа. Энэ төсвийг хэлэлцэж эхлэж байхад зарим гишүүд Засгийн газар буцааж татаж авах нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байсан. Шалтгаан нь Засгийн газар 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн төслийг бараг зэрэг УИХ-д өргөн барьсан. Дээр нь хоёр хуулийн төсөл хоорондоо харьцангуй уялдаа ихтэй байсан. Төслүүдийг УИХ хэлэлцэх эсэхийг нь олон цаг ярьж дэмжсэн. Цаашид хэлэлцүүлэг үргэлжилж 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэж баталсан. Энэ хуулийг УИХ-д өргөн барихад дагуулж өргөн барьсан Бүтцийн өөрчлөлт хийх,төсвийн урсгал зардлыг танах хуулийн төслүүдийг дэмжихгүй байх санал УИХ дахь цөөнхөөс гарч, энэ санал нь УИХ-ын гишүүдийн олонхийн дэмжлэг авахаар байсан  тул Засгийн газар эдгээр хуулийн төслүүдээ татаж авсан. Засгийн газрын буцааж татаж авсан энэ хуулиудын гол зорилго нь яамдын тоог 2016 оны 08 сарын 01-с цөөлж 9 яамтай болгох, төрийн өндөр болон улс төрийн албан тушаалтны цалинг 30 хувиар бууруулах, төрийн албан хаагчдын цалингийн санг 10 хувиар бууруулах зэрэг байсан. Ийм зарчмын саналууд буцааж татагдсан учир 2016 оны төсвийн хууль болон дагалдсан хуулиудын төслийг УИХ-р хэлэлцэхэд зарчмын зөрүүтэй санал олон гарах  нь ойлгомжтой тул , төслийг татуулж авахуулах санал гарсан гэж ойлгож байна. Миний хувьд их хугацаа заран байж байнгын хороод болон УИХ-р хэлэлцэх эсэх нь дэмжигдсэн тул цаг хугацаа хэмнэх үүднээс хэлэлцүүлэгийг үргэлжлүүлэх нь зөв гэж үзэж байсан.

-Бүтэц орон тоотой холбоотой зарим заалтууд байнгын хорооны хуралдаан дээр унаж, Засгийн газар ч зарим нэгийг нь эргүүлэн татлаа. Хэдийгээр ирэх онд шинэ хөрөнгө оруулалт хийхгүй гэж байсан ч зарим нэг шаардлагагүй хөрөнгө оруулалтууд ч тусгагдаж байгаа байдал ажиглагдсан. Ажлын хэсгийн түвшинд энэ бүхнийг хэрхэн авч үзэж байгаа вэ?

-Ажлын хэсэг аль болох Засгийн газраас өргөн баригдсан төсвийн төслийг бага өөрчлөх, бүтцийн өөрчлөлт хийх, цалин болон цалингийн санг бууруулахтай холбогдсон хуулиудаа засгийн газар татаж авсан тул энэ урсгал зардлыг аль нэг зардлуудыг танах байдлаар  төсөвт суулгах, дотоодын хөрөнгийн болон санхүүгийн зах зээл дээрээс хувийн хэвшлийн санхүүжилт босгох орон зайг хумихгүйн тулд ЗГ-ын өргөн барьсан төслөөс төсвийн алдагдлыг нэмэгдүүлэхгүй байх, төсвийн үр өгөөжийг дээшлүүлэх зэрэгт гол анхаарлаа хандуулсан. Таны хэлж байгаа тэр утгагүй малын зөөврийн хашаа, тугны суурь гэх мэт зардлуудыг бүгдийг нь хассан.

-Ер нь зарлага, орлогыг хэрхэн танаж, бас нэмэгдүүлж байгаа талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Төсвийн орлогыг Засгийн газар нилээд өөдрөгөөр төсөөлсөн байсан тул орлогыг бараг нэмэгдүүлээгүй. Зүгээр ИНЕГ зэрэг ганц нэг байгууллага өөрийн олдог орлогоо тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж тэр хэмжээгээр зарлагаа нэмэгдүүлье гэсэн хүсэлт ирүүлсэн, үүнийг нь ажлын хэсэг хүлээн авч, байнгын хороо, чуулган дэмжсэн. Ер нь 2, 3 төрлийн зардал нэмэгдсэн. Дарга нар буюу төрийн өндөр болон улс төрийн албан тушаалтны цалин, төрийн албан хаагчдын цалингийн санг бууруулахгүй гэсэн шийдвэрийг УИХ гаргасан тул, энэ шийдвэртэй холбогдож төсвийн урсгал зардлыг 140 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Ийм хэмжээний зардлыг ерөнхийдөө хөрөнгө оруулалтын арга хэмжээний зардлаас хасч байж улсын төсвийн алдагдлыг Засгийн газрын өргөн барьсан төслөөс 0.1 хувиар нэмэгдүүлж ДНБ-ний 3.4 хувьтай байхаар баталсан. Хөрөнгө оруулалтын зардлыг хасахдаа 2016 онд шинээр эхлүүлэх арга хэмжээг бараг 100 хувь хассан. Дээр нь 2016 онд хийгдэх бүтээн байгуулалтын арга хэмжээний санхүүжих дүнг болон хөгжлийн банкнаас санхүүжих арга хэмжээний санхүүжих дүнг бууруулсан. Иймд 2016 оны төсвийг сонгуульд зориулагдсан буюу тойргийн хөрөнгө оруулалтанд их анхаарсан төсөв гэж хэлэх нь зохисгүй.

-Сонгуульд зориулсан төсөв гэдэгдтэй та санал нийлэх үү?

-Харин 2012 оны төсвийг бол сонгуульд зориулагдсан төсөв гэж хэлж болохоор байсан. Тухайн үеийн эрх баригчид 2011 онд 2012 оны төсвийн төслийг УИХ-д оруулж ирэхдээ зөвхөн хөрөнгийн зардлыг 2.5 их наяд төгрөг байхаар тооцсон байсан. Үүнийг нь УИХ дээр 800 орчим сая төгрөгөөр бууруулж баталж байсан. Ийм төсвийн төслийг л сонгуулийн төсөв гэж хэлэх байх. Үүний үр дүнд 2012 онд баахан барилгын ажлыг дөнгөж эхлүүлэн тууз хайчилж, өнгөрсөн жилд    дуусгахын тулд санхүүжилтийг нь жил бүр нэмэгдүүлж ирснээр  энэ жил л ихэнх  барилгын ажил нь дуусч байх шиг байна.

Иргэдийн дунд хавдрын өвчлөл буурахгүй байгаа тул уг эмнэлгийг өргөтгөх, тоног төхөөрөмж худалдан авахад тодорхой хэмжээний хөрөнгийг төсөвт нэмж тусгасан. Ингэснээр иргэд энэ хэлбэрийн өвчний тухайд хямд төсөр зардлаар эх орондоо оношлуулах, эмчлүүлэх боломж нэмэгдэнэ гэж үзэж байна. Ер нь өнөөгийн улсын төсвийн энэ байдал нь олон улсын зах зээл дээр эрдэс баялагийн гол нэрийн бүтээгдэхүүний үнэ огцом унаснаас гадна, 2004-2012 оны хооронд олсон орлогоосоо илүүтэйгээр төсвийн зарлагаа их хэмжээгээр тэлж хуримтлал бий болгоогүй явж ирсэнтэй шууд холбоотой. Тухайлбал сонгуулийн амлалтаас болж 2012 оны 8 сар хүртлэх хугацаанд 2.5 их наяд төгрөг буюу ам.долларын тухайн үеийн ханшаар 1.8 орчим тэрбум долларыг бэлнээр тараасан байдаг. 2015 онд парламентад бүлэгтэй бүх намууд хамтарч Засгийн эрх барьж байхдаа төсвийн алдагдлыг 5 хувьтай баталж байсан бол, энэ 2016 онд төсвийн алдагдлыг 1.6 хувь буюу 450 орчим тэрбум.төгрөгөөр бууруулж баталлаа. Энэ утгаараа бол 2016 оны төсөв харьцангуй хувийн хэвшлийг дэмжсэн  төсөв болсон гэж хэлэх байна.

-Ажлын хэсгийн гишүүд өөрсдийнхөө тойрогт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлдэг гэх яриа гишүүдийн амнаас цухалздаг. Баянзүрх дүүрэгт ирэх онд хичнээн төгрөгийн хөрөнгө оруулалт тусгагдсан бэ?

-Тойргийн тулгамдсан асуудлыг шийдэх, иргэд, сонгогчдын ая тухтай ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн тулд тойрогтоо нийгмийн болон бусад дэд бүтцийг бий болгоход хөрөнгө оруулалтыг татахад тухайн жилийн төсвийг баталсны дараагаас эхлэн Засгийн газар, яамдуудтай ажилладаг юм. Энэ утгаараа Засгийн газраас өргөн баригдсан төсөлд БЗД, НД-ийн хөрөнгө оруулалт боломжийн түвшинд байгаа.Тэрнээс Засгийн газраас ирэх жилийн төсвийн төслийг УИХ-д өргөн барьсаны дараа тойргийн гол хөрөнгө оруулалтыг шийдэх боломжгүй байдаг. АН бүлгийн гишүүд зөвхөн бүлгийн ажлын хэсгээрээ дамжуулж тойргийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх саналыг Төсвийн байнгын хороонд ирүүлсэн. Гэхдээ төсвийн орлого сайнгүй байгааг сайтар ойлгож, ирэх жил сонгуулийн жил ч төсвийн зарлагыг өсгөж алдагдлыг нэмэгдүүлэхгүй байж, хувийн хэвшлээ дэмжиж ажиллахад илүү анхаарсан. Өөрөөр хэлбэл энэ асуудал дээр АН-ын бүлэг илүү хариуцлагай байсан гэж хэлмээр байна. УИХ дээр ажлын хэсгээс оруулж байгаа санал ил тодоор хураагддаг тул ажлын хэсгийн гишүүд давуу эрх эдлэх боломжгүй байдаг.

-Ирэх оны төсвийн орлого бүрдүүлэлтийг хэрхэн авч үзэж байгаа вэ?

-Төсвийн орлогын тухайд Засгийн газрын өргөн барьсан төслөөр нь баталсан. Мэдээж засгийн газрын үйл ажиллагаанаас хамаарах зүйл их байгаа.

-Эдийн засагчдын хэлж байгаагаар ирэх онд орлого нэг их наядаар тасрах магадлалтай. Учир нь өмч хувьчлалаас олох 104 тэрбум төгрөг эргэлзээтэй. Орд газраас оруулах 200 тэрбум төгрөгт ч хэт итгэх нь буруу гэдэг. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Ирэх онд эдийн засаг сайжраасай гэж бодож байна. Монгол хүн бүр эдийн засгаа сайн болоосой гэж хүсэхээс гадна, өөрсдийн хувь нэмрээ оруулна гэдэгт эргэлзэхгүй байна. Засгийн газар Өмч хувьчлалыг хурдан зохион байгуулах хэрэгтэй. 2015 оны тухайд өмч хувьчлалын хөтөлбөр, жагсаалтыг батлаж өгөхөд УИХ их хугацаа алдсан. Оны хоёрдугаар хагас гэхэд л энэ шийдвэрийг гаргаж өгч байсан. Засгийн газар Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалт хийгдэнэ, гааль, НӨАТ-ыг нэмэгдэнэ гэж үзсэн байна билээ. Энэ компани одоо уг асуудалтай холбогдож Монгол улсын холбогдох хууль, гэрээний үндсэн зүйл заалтаа хэрэгжүүлнэ гэж ойлгож байгаа.

-Хөрөнгийн бирж, Төрийн банкийг хувьчлах нь хэр оновчтой санал вэ?

-Хөрөнгийн биржийг сонгодог утгаар нь ажиллуулах цаг нь аль хэдийн болсон.Төрд хэд хэдэн банк байх шаардлагагүй. Хөгжлийн банкийг л сайн ажиллуулахад хангалттай гэж бодож байна.

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар төсөвт сохор зоос ч  төвлөрөхгүй гэлцэж байна.Энэ үнэн үү?

-Энэ хууль, өршөөлийн хуулийг үр дүнгээ өгнө гэдэгт эргэлзэхгүй байна. Харамсалтай эдгээр хуулийг батлахад УИХ хэтэрхий их хугацаа зарцуулсан. Уг нь бусад оронд ингэдэггүй гэдгийг мэдсээр байж АН-ын бүлгээс бусад бүлгүүд завсарлага авсаар байсан. Судалгаагаар Монгол улсад далд эдийн засаг 40 орчим хувьтай гэдэг байх аа. Энэ хэмжээ тодорхой хувиар буурч төсвийн орлого бүрдүүлэлтэнд эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна. Дээр нь улсын төсөвт голлох нөлөөтэй НӨАТ-ын хуулийг шинэчилж баталсан. Энэ хууль сайн хууль болсон. Уг хуулиар иргэд НӨАТ-ын тушаалтанд хяналт тавьж, иргэд аж ахуйн нэгжээс худалдан авсан бараа, ажил үйлчилгээний төлбөрт нэмж төлсөн НӨАТ-ынхаа 2 хувийг буцааж авахаар болсон. Дээр нь гааль, татварын агентлагууд нэгдэж нэг агентлаг болохоор болсон. Ингэснээр аж ахуй эрхлэгчдийн гаалийн татвар, бусад татвар төлөлттэй холбоотой нэгдсэн мэдээлэлийн сантай болж, аж ахуйн нэгжүүдийн орлого, татвар төлөлтийн байдал нэгдсэн хяналтанд орж ямар нэг хийдэл, татвараас зайлсхийх боломж хомс болно гэж бодож байна.

-Засгийн  газар  ганц  ч  татвар  нэмэхгүй  гэж  байсан  ч  Онцгой  албан  татварыг нэмэгдүүлэхээр  боллоо.  Эрх баригч намын гишүүний хувьд энэ талаар байр сууриа илэрхийлээч. Эрх баригчид сонгуулийн мөнгөө босгохын төлөө хэт улайраад байгаа юм биш үү?

-Монгол улсын төр, засаг, улмаар тангараг өргөсөн төрийн түшээд үгээр хөөцөлдөж улс төрийн оноо цуглуулахаас илүүтэйгээр улсын эрх ашигт нийцсэн оновчтой, уян хатан бодлого гаргахын төлөө ажиллах нь зүйтэй гэж үзэж байна. Дэлхийн зах зээл дээр түүхий нефтийн үнэ буугаад байхад стратегийн бүтээгдэхүүн дээр тэр үнийн бууралтаас бий болж байгаа ашгийг нь зөвхөн компаниуд аваг гээд зүгээр сууж байж байдаг төр байж болох уу. Бодмоор байгаа биз. Бензиний ОАТ-ын дээд хязгаарыг нэмэгдүүлэх шийдвэрийг УИХ гаргасан. Гэхдээ энэ татварыг ямар хэмжээгээр нэмэгдүүлэхийг Засгийн газар, компаниуд болон бусад оролцогчид тооцоон дээр үндэслэн шийдвэрлэх албан ёсны бүтэц байгаа. Энэ бүтцээрээ шийдэх байх. Сүүлийн 8 жил ингэж явж ирсэн.

-Мөнгөний бодлогыг УИХ баталлаа. 2016 оны төсвийн хуультай мөнгөний бодлого нийцсэн гэж үзэж байна?

-Засгийн газар төсвийн төслөө УИХ-д өргөн барихын өмнө Монголбанк, олон улсын банк, санхүүгийн байгуулагуудтай урьдчилж уулзан санал солилцсон гэсэн. Монголбанк мэдээж төсвийн алдагдлыг улам багасгуулах хүсэл байсан. Гэхдээ УИХ 2016 оны төсвийг Засгийн газрын өргөн барьсан төслөөр нь баталлаа.  Ер нь Монголбанкны өнгөрсөн гурван жилд явуулж ирсэн бодлого зөв байсан нь одоо батлагдаж байх шиг байна. Эрдэс баялагийн бүтээгдэхүүний үнийн супер циклээс шууд хамааралтай эдийн засгийн өндөр өсөлтийг зөөлөн газардуулах бодлогыг Монголбанк хэрэгжүүлсэн. Энэ бодлогын үр дүнд ажлын байр боломжийн түвшинд хадгалагдаж, иргэдийн амьжиргааны өртөгт голлох нөлөөтэй бензин зэрэг гол нэрийн барааны үнэ тогтвортой байж, уул уурхайн бус салбарын өсөлт тогтвортой байж, инфляци зорьсон түвшиндээ 7 хувьтай байж, цаашид буурах хандлагатай байна. Мөн төлбөрийн болон гадаад худалдааны тэнцэл сайжирлаа. Эдгээр ажлын үр дүнд Монголбанк бодлогын хүүгээ бууруулах, улмаар арилжааны банкууд зээлийн хүүгээ бууруулж нэг оронтой тоонд хүргэх боломж гарч ирж байна гэж харж байна. Зээлийн хүү буураасай гэсэн хүсэл бол бүх Монголчуудын олон жилийн хүсэл юм.

-Ирэх онд эдийн засгийн өсөлтийг ДНБ-ний 4.1 хувь хэмээн таамаглаж төсөвт тусгасан байсан. Энэ хэр бодитой таамаглал вэ?

-Энэ бол харьцангуй өөдрөг таамаглал байх.

-Олон улсын валютын сангийнхны хэлж байгаагаар ирэх онд эдийн засгийн өсөлт 0.6 хувь, Дэлхийн банкны  таамаглалаар  1.5  хувь  гэсэн  байсан.Тэгэхээр манайх хэтэрхий  өөдрөг  байдлаар  төсөөлөөд байгаа  юм биш үү?

-Энэ бол өөдрөг бус таамаглал нь гэж үзэж байна. Гол нь 1 уньц алтны зах зээлийн үнийг нилээд доогуур тооцсон болов уу гэж харж байна. Ер нь сангийн яам эрдэс баялагийн бүтээгдэхүүний зах зээлийн үнийг олон улсын хэмжээний судалгааны байгуулагын хийсэн судалгаанаас авдаг.

-Нөхцөл байдлыг хэтэрхий өөдрөгөөр төсөөлөх нь ямар хор уршигтайг энэ оны төсөв харуулсан. Гэтэл алдаагаа засах ухамсар эрх баригчдад байхгүй бололтой?

-2015 онд төсвийн орлогын бүрдэлт 900 тэрбум.төгрөгөөр тасарсан нь үнэн. Энийг засгийн газар дүгнэхдээ түүхий нефтийн үнэ огцом унаж, үүнээс улбаалан олболох үйлдвэрлэлийн өртөг зардал буурсанаас улсын төсөвт хамгийн их нөлөөтэй зэсийн баяжмалын үнэ буурсан. Мөн иргэд, аж ахуйн нэгж эдийн засгийн өсөлт хурдацтай саарч байгаад мэдрэмжтэй хандаснаар импорт буурсантай холбоотой гэж тайлбарласан байсан. Дээр нь энэ эдийн засгийн ил тод байдлын болон өршөөлийн тухай хуулийг батлах гэж хугацаа алдсанаас татвар төлөлтөнд сөрөг нөлөө гарсан нь тодорхой юм. Ер нь бол төсвийг хэт өөдрөгөөр төсөөлөх нь сайн биш гэдэгтэй санал нийлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж