Монгол Улсын хүн амын нас баралтын шалтгааны гуравдугаарт осол гэмтэл ордог гэсэн статистик бий. Гэмтэл, согогын чиглэлээр улсын хэмжээнд эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг ганц эмнэлэг болох ГССҮТ жилд 100-120 мянган хүнд оношилгоо, эмчилгээ хийдэг ч энэ нь хаанаа ч хүрэлцдэггүй. Тиймээс “Бодь Интернэшнл” ХХК, “Мөнгөн гүүр хоспитал” ХХК зэрэг манай дотоодын үндэсний хөрөнгө оруулагчид гэмтэл согогын төрөлжсөн анхны хувийн эмнэлэг байгуулах зоригтой, басхүү эрсдэлтэй алхам хийсэн нь өдгөө эрүүл мэндийн салбарт үр өгөөжөө хэдийнэ өгөөд эхэлчихэж. “Мөнгөн гүүр” эмнэлгийн дүрс оношилгооны төвийн нэг жилийн ой энэ өдрүүдэд тохиож буй. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тус эмнэлэг давхардсан тоогоор 20 мянган хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэн нь ГССҮТ-ийн ачааллыг 20 орчим хувиар бууруулжээ.
Орчин үеийн өндөр хүчин чадалтай техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, гадаад, дотоодын чадварлаг эмч, мэргэжилтнүүдийн ачаар гадагшаа эмчилгээнд явах монголчуудын тоог 10 хувиар бууруулж, тэр хэрээр Монголоос гарах мөнгөний урсгалыг ч сааруулсан нь мэдээж. Мэдээллийн технологи өндөр хөгжсөнийг ашиглаад тэдний эмч, мэргэжилтнүүд зарим нэг эргэлзээтэй санагдсан шинжилгээний хариугаа хамтран ажилладаг гадаадын эмнэлгүүд рүү илгээж, оношилгоо, эмчилгээний аргаа зөвлөлддөг учраас өвчтөнийг нааш, цааш явуулж чирэгдэл учруулдаггүй тул ийн нүүр бардам хэлж буй. “Улсын хэмжээнд манайх шиг 10 их эмч, 13 техникчтэй оношилгооны тасаг ховор. Мөн 24 цагаар оношилгоо хийдэг хувийн эмнэлэг ч манайд тун цөөн. Хувийн хэвшлийнхэнд энэ бол нэг талаараа их эрсдэлтэй ч эцсийн эцэст ард түмний эрх ашиг гэж том зүйл бий. Гэмтлийн эмнэлгийн ачаалал шөнийн цагаар дээд цэгтээ хүрч, яаралтай тусламж авах шаардлагатай олон хүн дугаарлаж зогссоор хугацаа алдах тохиолдол их байдаг явдлыг багасгахад бид хувь нэмрээ оруулж байгаа” хэмээн тус эмнэлгийн захирал Д.Бархүү онцолсон юм.
ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛСЭЭР БАЙНА
“Мөнгөн гүүр” эмнэлэгт бүр суурилуулсан бүх тоног төхөөрөмж өдгөө дэлхий нийтэд түгээмэл хэрэглэдэг, сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай аппаратууд байдагт тэднийхээр үйлчлүүлсэн хүмүүс ам сайтай байдаг юм билээ. 1.5 теслагийн MRI аппаратаас эхлээд хүний бүтэн биеийг 25-хан секундын дотор алган дээр байгаа юм шиг тольддог дижитал рентген аппарат, 64 зүслэгт компьютерт томограф, элэгний хатуурал, өөхжилтийг тодорхойлохын зэрэгцээ С вирусийн эмчилгээний үр дүнг хянах фиброскан аппарат, зүрх судас, уушгины эмгэгийг хоёр талаас нь оношилдог ангиографийн аппарат гээд хувь, хувьсгалын эмнэлгүүд дундаа анхдагчид тооцогдох олон шинэ тоног төхөөрөмжүүдийг тэд оруулж ирсэн. Гэхдээ бас “Эрүүл мэндийн салбарын оношилгоо, эмчилгээг олон улсын жишигт нийцүүлнэ” хэмээн асар үнэтэй тоног төхөөрөмжүүд оруулж ирчихээд гоё сайхныг нь шагшаад, зүгээр суусангүй. Солонгос, Дани, Энэтхэг зэрэг орноос чадварлаг эмч, мэргэжилтнүүд урьж, хүн амын дунд зонхилон тохиолдож буй өвчнүүдийн оношилгоо, эмчилгээнд шинэ арга, технологи нэвтрүүлэх, тэднийг дагалдуулан монгол эмч мэргэжилтнүүдээ чадавхжуулах тал дээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд ихээхэн анхаарснаа эмнэлгийн удирдлагууд хэлж байлаа. Тухайлбал, нурууны диск шахагдан гарах өвчний үед томоохон зүслэг хийлгүй, унтуулгагүй хөнгөн мэс ажилбараар эмчлэх L дискний мэс ажилбарын шинэ аргыг солонгос эмч Монголд нутагшуулж буй. Мөн Дани эмч Антон Боел зөвхөн улсын I, III эмнэлэгт хийгддэг эмчилгээний арга болох зүрхний титэм судасны нарийслыг сэтгүүрдэх буюу стент тавих, пейсмейкер (зүрхэнд батерей тавих) гэсэн хоёр төрлийн мэс ажилбарыг 60 орчим хүнд хийгээд байгаа юм. Дани эмч дахиад ч Монголд ирж, “Мөнгөн гүүр“ эмнэлгийнхэнтэй хамтран ажиллах юм билээ.
Д.БАРХҮҮ (“Мөнгөн гүүр” эмнэлгийн захирал): ХСҮТ, ХӨСҮТ-тэй хамтран уушгины эмгэгийг рентген туяагаар оношилж байна
Манай эмнэлгийн нэг онцлог бол зөвхөн гэмтэл, согогийн оношилгоо, эмчилгээ хийдэггүй. Гэмтсэн хүн гэмтлээ эмчлүүллээ гэхэд цаана нь архаг өвчин нь сэдэрсэн эсэх, сэтгэл санааны өөрчлөлтөөс гадна дотор эрхтэн, мэдрэлийн системд ямар өөрчлөлт гарсан үгүйг анхаардаггүй байсан нь манай эрүүл мэндийн салбарын нэг доголдолтой тал юм. Тэгвэл бид зөвхөн тухайн гэмтсэн эрхтэнийг эмчлээд орхих бус, тэр хүнийг цогц үзлэг оношилгоо, эмчилгээнд хамруулдаг боллоо. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд “Мөнгөн гүүр” эмнэлэгт Эмэгтэйчүүдийн хавдрын мэс заслын, Чих, хамар хоолойн, Зүрх судасны, Уушги, амьсгалын замын өвчлөлийн тасаг нээлээ. Сүүлийн жилүүдэд агаарын бохирдлоос үүдэлтэй өвчин эмгэг нэмэгдэж байгаа тул уушгины хавдрыг эрт үед нь оношлоход бид ч бас хувь нэмрээ оруулахыг зорьж буй. Манай 64 зүслэгт компьютерт томографийн аппаратан дотор нэг тусгай программ байдаг юм. Тэр нь уушгины ямар ч эмгэг, өөрчлөлтийг 10 дахин бага рентген туяагаар оношилдгоороо маш ач холбогдолтой. Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын төвийн эмч нартай хамтран манай эмнэлэг уушгины эмгэгийг өндөр түвшинд оношилж байгаа. Дээрээс нь бид нэг жилийн ойгоо угтаад арваннэг, арванхоёр, нэгдүгээр сард энэхүү оношилгооны үнээ 30 хувь хямдруулж, 100 мянган төгрөгөөр шинжилж байгааг дуулгахад таатай байна.
Сүүлийн үед салбарын яамнаас баримталж буй цогц бодлогын хүрээнд төр, хувийн хэвшлийн эмнэлгүүд түншлэлийн зарчмаар ажиллаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх тухай их ярьж буй. Тэгвэл энэхүү хамтын ажиллагаа манай эмнэлэг дээр үлгэр жишээчээр хэрэгжиж байгааг хэлмээр байна. Манайх Улсын гуравдугаар төв эмнэлэг болон ГССҮТ-тэй ойр байрладаг учраас тэдгээрийн яаралтай тусламжийн оношилгоо наашаа орж ирдэг. Манайд орчин үеийн хамгийн сайн тоног төхөөрөмж байна, тэдэнд чадварлаг боловсон хүчин байна. Хувь, хувьсгалын эмнэлэг гэж ялгаралгүй, энэ хоёр хүчин зүйлийг нэгтгэн хамтатгаж чадсанаараа эцсийн эцэст ард иргэдэд хэрэгтэй. Жишээ нь, ГССҮТ-д мөчдийн судас гэмтсэн өвчтөн хүргэгдэж ирлээ гэхэд судас нь яг яаж гэмтсэнийг илрүүлэх тоног төхөөрөмж тэднийд байхгүй учраас хоногийн 24 цагийн хэдийд ч манайх руу хүмүүсээ явуулж, тодруулагч бодистой аппаратаар оношлуулдаг. Мөн Улсын гуравдугаар төв эмнэлгийн харвалтын төвд ирсэн өвчтөнүүдийн оношийг маш яаралтай гаргах шаардлагатай ч тэнд өндөр хүчин чадалтай MRI аппарат байдаггүй. Тиймээс манайх руу өвчтөнүүдээ явуулж, богино хугацаанд оношийг нь зөв гаргуулдаг. Энэ утгаараа манай эмнэлэг бүгдэд нээлттэй. Улсын эмнэлэгт мэс заслын өрөө дутагдалтай байдгаас болоод мундаг чадалтай эмч нар шаардлагатай хагалгаа хийж чадахгүй байгаа бол манай дээр ирээд түүнийгээ хийж болно. Юуны тулд энд мэс заслын хамгийн сүүлийн үеийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон дөрвөн том өрөө байгаа билээ. Мэс заслын үеийн халдваргүйтгэлийн хоёр төрлийн ариутгалыг манайх нэвтрүүлчихлээ. Дотоодын хөрөнгө оруулагчид маань “Та нар үүнийг ашигла” гээд бүх боломж бололцоогоор хангаад өгчихлөө. Одоо энэ боломж нөхцөлийг ашиглаад олон монгол хүний амь нас, эрүүл мэндийг аврахын тулд бүгд хамтрах хэрэгтэй байна. Америкт гэхэд л хэн нэгэн чадалтай эмч хаана сайн тоног төхөөрөмж, орчин нөхцөлтэй эмнэлэг байна, тэнд очоод ажиллаж байдаг. Манайх ч гэсэн энэ чиглэл рүү цаашдаа явах байх гэж итгэдэг. Энэ дашрамд, улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа ийм эрсдэлтэй үед зориг гарган эрүүл мэндийн салбарт томоохон хөрөнгө оруулалт хийсэн үндэсний хөрөнгө оруулагчдадаа талархал илэрхийлмээр байна. Та бүхний итгэл сэтгэл, эмч, мэргэжилтнүүдийн хичээл зүтгэлээр монгол хүн бүр эрүүл саруул, элэг бүтэн аж төрөх болтугай гэж ерөөе.
Ө.ХАШХҮҮ (Монгол Улсын хүний гавьяат эмч): Хэчнээн мундаг эмч байлаа ч сайн тоног төхөөрөмжгүй бол зөв онош тавихад хэцүү
Тархи, нуруу, нугасны ерөнхий мэс засалч эмчээр энэ эмнэлэгтээ хоёр жил орчим ажиллаж байна. Гавал тархи, нуруу, нугасны эмгэг монголчуудад их тохиолддог. Энэ төрлийн эмгэгийг эрт оношилж, эмчилгээний зөв оновчтой аргыг зааж өгөх, хамгийн гол нь хожим ямар нэгэн үлдэцгүй төгс эмчлэх нь бидний гол зорилго. Эмчилгээний үр дүн зөв оношилгооноос эхтэй. Оношилгоог оновчтой хийхэд хэчнээн мундаг эмч байлаа ч сайн тоног төхөөрөмжгүй бол бас л хэцүү. Тиймээс эмнэлгийн маань оношилгооны тоног төхөөрөмжүүд биднийг ажлаа сэтгэл хангалуун хийх үндэс суурь болдог. Сүүлийн үед манай гадаад харилцаа эрчимтэй хөгжиж байгаа. Тухайлбал, Солонгосын эмч, мэргэжилтнүүдтэй хамтран нуруу, нугасны өвчнийг эмчлэх шинэ арга технологи нэвтрүүллээ. L дискний мэс ажилбараар нуруу нугасны өвчнийг эмчлэх, бэхэлгээ хийх, нугалам хоорондын жийргэвч мөгөөрсийг эмчлэх гээд олон төрлийн хагалгааг хийж байна. Манай хагалгаа өрөөнүүд бүгд вакуумжсан орчинтой, олон улсын ISO стандартыг хангасан гэдгээрээ онцлог.
Д.ЛХАГВАСҮРЭН (Дүрс оношилгооны ахлах зэргийн эмч): Долоо хоногт дор хаяж нэг тархины хавдрын тохиолдол илэрч байна
Манайх Улсын гуравдугаар төв эмнэлгийн Харвалтын төвтэй хамтарч ажилладаг. Тэнд өдөр тутам 10 орчим харвасан хүн ирдэг гэж бодоход тэдний олонх нь MRI аппаратаар яаралтай оношилгоо хийлгэсний дараа эмчилгээнд орох шаардлагатай байдаг. Яагаад MRI аппаратын шинжилгээ чухал байдаг вэ гэхээр тухайн хүн цус харваснаас хойш 30 минутын дотор тархинд нь ямар өөрчлөлт гарсныг шууд зурган дээр харуулж чаддаг. Үүгээрээ маш яаралтай оношилж, эмчилгээндээ түргэн орох боломжийг олгодог юм. Харин компьютер томографийн аппарат бол зургаан цагийн дараах өөрчлөлтийг харуулдаг учраас тэр хооронд тухайн хүний тархины аль хэсэг үхэжсэнийг илрүүлж, аврах арга хэмжээ авахад хэдийнэ оройтсон байдаг. Тиймээс Улсын гуравдугаар төв эмнэлгийн Харвалтын төвөөс манайд оношлуулахаар ирсэн өвчтөнүүдийг бид 22.00 цаг хүртэл хүлээн авдаг. Хоёрдугаарт, манай улсын хүрээлэн буй орчны бохирдлоос болоод сүүлийн үед тархины хавдрын тохиолдол эрс нэмэгдэж байна. Долоо хоногт дор хаяж нэг илрэх болсон тархины хавдрын давтамж нь хүүхэд, насанд хүрэгчдэд ялгаагүй тохиолдож байгаа нь эмзэглүүштэй. Үүнийг оношлоход мөн л MRI аппарат их чухал. Энэ төрлийн хавдрын оношилгоог хийхдээ зарим нэг эргэлзээтэй тохиолдолд бид Тайвань руу шинжилгээний хариуг илгээж, баталгаажуулдаг. Мөн зарим ховор тохиолдлыг “Сонгодо” эмнэлгийн эмч нартай хамтран зөвлөлдөж зөв онош тавьдаг.
Г.БАЙГАЛМАА (Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн эрхлэгч): Эмэгтэйчүүдийн хавдрын мэс заслын үеэр “экспрес шинжилгээ” хийдэг нь бидний давуу тал
“Мөнгөн гүүр” эмнэлэгт Эмэгтэйчүүдийн хавдрын мэс заслын шинэ тасаг нээгдлээ. Өмнө нь манай улсад хавдрыг илрүүлдэг, энэ өвчнөөс урьдчилсан сэргийлэх үзлэг хийдэг кабинет олон байсан. Тэгвэл одоо манай эмнэлэгт эмэгтэйчүүдийн хавдраас урьдчилан сэргийлэх, зөвлөгөө өгөх, хортой болон хоргүй хавдрыг илрүүлэх, мэс заслын аргаар эмчлэх цогц үйлчилгээ нэвтрүүлснээрээ онцлог. Тэр дундаа хувийн хэвшлийн эмнэлэг анхлан ийм тасаг нээсэн нь ач холбогдолтой юм. Мөн манайд эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хавдрын дурангийн оношлогоог мэргэжлийн түвшинд хийж байгаагаараа давуу талтай. Ихэнх эмэгтэйчүүдийн эмнэлэг умайн хүзүүний хавдрыг оношлоод, эмчилгээний арга замыг ХСҮТ-д даатгадаг бол бид бүх үйлчилгээг нэг дор үзүүлдэг. Умайн хүзүүний хавдар байна уу, эсвэл зүгээр шарх, улайлт уу гэдгийг тогтоогоод, шаардлагатай эмчилгээг зөвлөдөг гэсэн үг. Бас нэг давуу тал нь “Мөнгөн гүүр” эмнэлэгт хийгдэж байгаа эмэгтэйчүүдийн хавдрын мэс заслын үеэр “экспрес шинжилгээ” хийдэг юм. Жишээ нь, өндгөвчний хавдартай эмэгтэй хагалгаанд орж байхад хортой, хоргүйг нь тэр дороо шинжилж үзээд, хоргүй хавдар байвал эрхтэн хадгалах хагалгаа буюу нөхөн үржихүйн бусад эрхтэнд мэс хүргэлгүй үлдээдэг. Хэрэв хортой гэсэн хариу гарвал хагалгаагаа өргөтгөөд, хэд хэд дэх шатны булчирхайг авахаа мэс заслын явцад шийддэг юм. Энэ бол олон улсын стандарт. Хавдрын хагалгаа хийж байгаа бүх эмнэлэгт энэ стандартыг мөрдөхийг олон улсад шаарддаг. Гэвч манайд ХСҮТ хүртэл ийм “экспрес шинжилгээ” хийдэггүй. Миний хувьд Орост их сургууль төгсөөд, Японы Хавдар судлалын төвд эмэгтэйчүүдийн мэс заслын чиглэлээр мэргэшиж, умайн хүзүүний хавдрын дурангийн оношилгооны арга туршлагыг Сингапур, Малайз, Канадад суралцаж олж авсны дээр умайн хүзүүний хавдрын оношилгоо, эмчилгээний чиглэлээр Стэнфордын их сургуульд мэргэжил дээшлүүлж, дурангийн хагалгааны шинэ арга технологийг Францад эзэмшсэн. Мөн ХСҮТ-д 20 жил ажилласан. Тиймээс Монгол Улсад байдаггүй энэ стандартыг одоо нэвтрүүлэхийг зорьж байна.
Түүнчлэн бид Германы эд, эсийн шинжилгээний лабораторитой хамтарч ажилладаг. Энэ технологийн давуу тал нь монгол эмч нар шинжилгээгээ илүү нарийн баталгаажуулахын тулд Герман руу явуулснаар манайхны эд, эсийн шинжилгээ олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөнө гэсэн үг. Мөн “Мөнгөн гүүр” эмнэлэгт хэвлийн дурангийн хагалгаагаар хортой, хоргүй бүх төрлийн хавдрыг эмчилж байна. Бас умайн хөндий дурандах шинжилгээг Монгол Улсын хэмжээнд ганц манайд л хийж байгаа. Энэ нь умайн хөндийн хавдрыг дурангаар оношлохоос гадна умайн хөндийд эмчилгээ хийх боломжтой. Улсын хэмжээнд хараахан нэвтрээгүй байгаа энэ олон эмчилгээний аргыг эх орондоо нэвтрүүлснээр гадагшаа явах өвчтөнүүдийн тоог бууруулах, мөнгөний урсгалыг багасгах гээд олон талын ач холбогдолтой.
Д.УУГАНБАЯР (“Мөнгөн гүүр” эмнэлгийн гүйцэтгэх захирал): Даатгалын тогтолцоогоор нь дэмжээд өгвөл эрүүл мэндийн салбар аяндаа хөгжинө
Үндэсний хөрөнгө оруулагчид, эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд хамтраад хувийн хэвшлийн энэ эмнэлгийг босгоод ирлээ. Ингэснээрээ гэмтэл согогын чиглэлээр оношилгоо, эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг улсын ганц эмнэлгийн нуруун дээрх ачаанаас үүрэлцэж, хамтран ажиллаж байна. Гэвч энд хэд хэдэн зүйлийг зайлшгүй анхаармаар байгааг хэлэхийг хүсэж байна. Монгол Улсын эрүүл мэндийн салбарын бодлого, даатгалын тогтолцоо, иргэдийн эрүүл мэндийн боловсрол, ойлголт их өрөөсгөл, дутагдалтай байна. Эрүүл мэндийн салбар бол өөрөө маш онцгой салбар. Тиймээс энэ чиглэлээр төрийн бодлого боловсруулж байгаа хүмүүс нь мэргэжлийн байх шаардлага өнөөдөр нэн тэргүүнд тулгарч байна. Тэр хүмүүс салбарынхаа онцлогийг мэдэхгүй, ойлгохгүй учраас эдийн засаг талаас нь хардаг байдал газар авлаа. Өнөөдөр төр, хувийн хэвшлийнхэн салбарынханд эрүүл мэндийн даатгалын мөнгийг ялгаатай өгч байгаа нь биднийг өвчтөнүүдээ ялгаатай үз гэсэн үг юм уу гэж гайхахад хүрээд байна. Монголд үгүйлэгдэж байсан ангиографийн аппаратыг хувийн хэвшлийн үндэсний хөрөнгө оруулагчид өөрсдийнхөө мөнгөөр аваад ирлээ. Тэгээд одоо биднийг эрүүл мэндийн даатгалын тогтолцоогоор нь дэмжээд өгвөл энэ салбар аяндаа өөрийгөө аваад явчихна шүү дээ. Хэрэв тэгвэл заавал улсын төсвийн мөнгөөр эмнэлэг барьж, олон эмч нарыг цалинжуулах, тэдний нийгмийн асуудлыг шийдэх, тоног төхөөрөмж худалдаж авах шаардлагагүй болно. Эрүүл мэндийн салбарын бодлого боловсруулагчдаас бидний хүсээд байгаа ганц зүйл бол бодлогоо зөв тодорхойлоод, даатгалынхаа тогтолцоог хувь, хувьсгалын гэж ялгалгүй адилхан тэгшитгээд өгчих. Үнэгүй үзлэг, оношилгоо, эмчилгээнд хамрагдсаар байгаад хэвшчихсэн ард иргэдэд таалагдахын тулд хэдий болтол социализмын үеийн зарчмаараа явах вэ. Уг нь манайд хувийн эрүүл мэндийн даатгалын шинэ тогтолцоог зарим аж ахуйн нэгж нэвтрүүлж эхэлсэн нь сайн хэрэг. Жишээ нь, “Мандал” даатгалынхан “Жаргалан“ хэмээх эрүүл мэндийн сайн дурын даатгалыг шинээр нэвтрүүлж, хэд хэдэн томоохон эмнэлэгтэй хамтран ажиллаж байгаагийн нэг нь манайх. Энэ мэтээр хувийн хэвшлийнхэн салбарынхаа асуудлыг шийдэхийн тулд өөр өөрсдийнхөөрөө гарц хайж байна. Одоо үүнд төрийн зөв, тогтвортой бодлого хэрэгтэй. Явж явж иргэд эрүүл мэндийнхээ төлөө даатгуулсан мөнгөөрөө орчин нөхцөл, тоног төхөөрөмж сайтай, чадварлаг боловсон хүчинтэй эмнэлэгт очиж үйлчлүүлэхийг хүснэ. Эмнэлгүүд ч үйлчлүүлэгчээ татахын тулд өрсөлдөж эхэлнэ. Эцэст нь улс, ард түмэн л хожно.
40-50 МЯНГАН АМ.ДОЛЛАРААР ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАДАГ ЭНЭТХЭГ ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТАРНА
Энэ сарын 27-28-нд Энэтхэгийн элэг шилжүүлэн суулгадаг нэгэн эмнэлгийн хоёр эмч “Мөнгөн гүүр” эмнэлэгт ирж, үзлэг хийх юм байна. Хоёр өдрийн хугацаанд дээрх эмч нар 80 орчим хүнд үзлэг хийхээр төлөвлөжээ. Энэтхэг улс элэг шилжүүлэн суулгах мэс ажилбарын тоон үзүүлэлт хийгээд боломжийн үнэтэй гэдгээрээ дэлхийд зартай. Тэр дундаа дээрх эмнэлэг нь хамгийн хямд буюу 40-50 мянган ам.доллараар элэг шилжүүлэн суулгадаг гэдгээрээ улсдаа хэдийнэ нэр хүнд олсон гэнэ. Монголчууд арай хямд төсрийг нь бодоод элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орохдоо ихэвчлэн Солонгос, Энэтхэгийг зорьдог. Тэнд одоогийн ханшаар 60 орчим мянган ам.доллараар элэг шилжүүлэн суулгадаг. Тэгвэл үүнээс даруй 10-15 мянган ам.доллараар хямд өртгөөр монголчуудыгаа элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэж болох гарцыг “Мөнгөн гүүр” эмнэлгийнхэн хайсаар олжээ. Тэднийхтэй хамтран ажилладаг Энэтхэгийн өөр нэг эмнэлэгтэй яг адилхан орчин нөхцөл, тоног төхөөрөмж, боловсон хүчинтэй учраас чанар, аюулгүй байдлын нэг талаар санаа зоволтгүй гэсэн.
Ийнхүү “Мөнгөн гүүр“ эмнэлгийнхэн гадаадын өндөр ур чадвартай эмч мэргэжилтнүүдийг урьж, хамгийн сүүлийн үеийн шилдэг тоног төхөөрөмжийг нэвтрүүлэхийн зэрэгцээ хувь, хувьсгалын гэж ялгалгүй Монголынхоо бүх эмнэлэгтэй нээлттэй хамтран ажиллаж, монгол түмний эрүүл энхийн манаанд цаг наргүй хүчин зүтгэж байна.
Л.ЧИМЭГ