Халдлагын сэжигтнүүдийг эрэн сурвалжилж байна

Хуучирсан мэдээ: 2015.11.16-нд нийтлэгдсэн

Халдлагын сэжигтнүүдийг эрэн сурвалжилж байна

 

Парисын халдлагыг үйлдсэн сэжигтнүүдийг эрэн сурвалжлах өргөн хүрээтэй ажиллагаа өрнөж байна. Парист баасан гаригт /XI.13/ олон газар халдлага гарч, 129 хүн амь үрэгдэн, 350 гаруй хүн гэмтэж шархтсан юм. Халдлагын үеэр амиа золиосолж, цагдаа нарын устгасан долоон сэжигтнээс гадна зугтсан хамсаатнуудыг хайж байгаа аж. Францын цагдаагийн газраас 26 настай Салах Абдеслам гэгчийг халдлагын гол сэжигтнээр нэрлэн эрэн сурвалжилж байна.

 

Францын албаныхны мэдээлснээр халдлага гарснаас хэдэн цагийн дараа сэжигтэн Салах Абдесламын автомашиныг цагдаа нар Бельгийн хилийн ойролцоо зогсоон шалгасан байв. Түүнтэй хамт автомашинд өөр хоёр эрэгтэй явж байсан гэнэ.

 

Салах Абдеслам нь рок хамтлагийн тоглолт болж байсан газрын гаднаас олдсон “VW Polo” автомашиныг түрээсэлсэн болохыг олж тодруулжээ. Түүнчлэн түүний ах нарынх нь нэг тэсрэх бөмбөг дэлбэлж амиа золиосолж, өөр нэг нь баривчлагдсан аж. 31 настай Брахим Абдеслам бааранд амиа золиосолсон бол Мухаммед нь Бельгийн нийслэл Брюссельд баривчлагджээ. Парисын халдлагатай холбогдуулан Бельгийн цагдаа нар нийт долоон хүнийг баривчлаад байгаа аж.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж