Нийслэл хотын төв зам дагуу худалдаа наймаа хийх дэлгүүрийн үүдээр хямдрал зарласан бичгүүд нүд эрээлжлэн байх аж. "Бараа бүтээгдэхүүн нь зарагдахгүйдээ ингэж байгаа байх, эсвэл өнгөрсөн жилийн загвар нь хуучирсан хувцсаа зарахын тулд хямдрал зарласан" гэж хэлэх хүмүүсийн шивэр авир яриа сонсогдоно. Их дэлгүүрээс зүүн тийш явах замд монгол бараа худалдаж авч буй ахимаг насны эгч "Одоо ч бүх юм үнэд ороод тэтгэврийн хэдэн төгрөг маань хаанаа ч хүрэхээ больж байна. Гал дээр тос гэгчээр эдийн засгийн хямрал бүүр их нөлөөлөөд, хүүхдүүдийн минь олдог мөнгө багасаад байх шив" хэмээн санаа алдав. Энэ үеэр хямдрал зарласан дэлгүүрийн менежер Г.Номинзулаас хямдралынх нь тухай сонирхон асуухад “Өнгөрсөн жилийнхээс орлого маань 50 хүртэлх хувиар буурсан. Манайд зарагддаг хувцаснууд маш үнэтэй орж ирдэг төдийгүй орос брэндийн бараанууд байдаг. Дунджаар өвлийн куртик 280-450 мянгын хооронд зарагддаг. Иргэдийн хувьд энэ жил яг өөрт хэрэгтэй өдөр тутам өмсдөг хувцсаа л худалдаж авч байна” гэсэн юм.
Гадаадаас орж ирдэг чанартай брэнд хэмээх тодотголыг агуулсан бусад бараа бүтээгдэхүүний дундаж үнэ сарын ажлын хөлс, хөдөлмөрөө дунджаар 500 мянгаар үнэлүүлдэг иргэдийн орлоготой бараг тэнцэнэ.
Тэгвэл эх орондоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн худалдаалж буй иргэд ч мөн адил хямдрал зарласан бичиг өлгөсөн харагдана. Тэдний нэг С.Сараа гуайн хувьд "Хэцүү л байна шүү дээ, яахав нийгмийн олонхийн амьдрал тааруу байна. Хэсэг бүлэг хүмүүс л тансаг сайхан амьдарч байна. Тэдэнд хямрал ямар нөлөөлөх биш. Томоохон дэлгүүрүүдээр орж, дуртай, таалагдсан хувцсаа үнэ хамааралгүй авч байна. Харин энгийн иргэд маань сард хэдэн төгрөгийн цалин авдаг билээ. Тэдгээр хүмүүсийн хувьд хэцүү байна. Өмнө гэхдээ арай ч ийм байгаагүй" гэв.
Түрээс өндөртэй учраас барааны үнэ нь дагаад өсдөг гэж хүмүүсийн ярилцдаг III, IV хорооллын дэлгүүрүүдэд энэ хямрал нөлөөлж хямдрал зарлаж уу гэдгийг мэдэхээр зорьсон юм.
Олон хүний хөл хөдөлгөөн үл тасрах 1000 нэрийн болоод 10000 нэрийн гэх тодотголтой төвийн зарим лангуу хямдрал зарласан гэсэн бичиг өлгөсөн байв. 10000 нэрийн төвд өмд цамц болон өвлийн хувцас зарах н.Тунгалаг эгчийн хувьд одоо бараг алдагдалтай ажиллах гээд байх шинжтэй гэж хэлсэн юм. "Бид чинь энэ газар олон жил худалдаа наймаа хийсэн. Энэ жилийнх шиг муу борлуулалттай жил үзсэнгүй. Бид бараа бүтээгдэхүүнийхээ үнийг ч нэмж чадахгүй байна. Нэмэх төдий л борлуулалт муудаж байна. Иргэдийн худалдан авах чадвар өнгөрсөн жил түүний өмнөх жилүүдтэй харьцуулбал эрс багасч байгаа нь мэдрэгдэж байна" хэмээн ярив. Тэр цааш нь "Бид хувцсаа өнгөрсөн жилийн үнээр нь худалдаалж байгаа. Тэр үед ам.доллар 1700 төгрөгийн ханштай байсан. Харин өнөөдөр 2000-д дөхөөд байна. Ам.доллар өссөнөөс болж нааш цааш явах замын зардал, тэгээд авч байгаа бараа бүтээгдэхүүний үнийн ханшийн зөрүү гардаг. Ийм байгаа учраас үнээ нэмээд зарах хэрэг гарахад нөгөө талдаа худалдаж авах хүмүүс буурчихдаг" гэв.
Нэлээн хэдэн худалдагч, лангуу түрээслэгч нар Тунгалаг гуайн адил хариулт өгч байсан юм. Зарим хүний хувьд орлогогүй буух ч үе гардаг болж.
TAILY WEILL дэлгүүрийн менежер Б.Сэрчинмаа "Хямрал энэ жил эрс мэдрэгдэж байна" гэсэн юм.
Харин тэнд үйлчлүүлэх иргэдийн хувьд "Одоо ажил хийх гэхээр гологдох юм. Уг нь хийж бүтээх 40 гаран насан дээрээ явна. Ажил олдохгүй болохоор мөнгө байхгүй. Мөнгөгүй хүн чинь тэгээд юугаа ч авах билээ. Хааяа хувиараа хийсэн зүйлээ борлуулж байж л мөнгөтэй залгана. Тэр нь өдөр тутмынхаа хэрэгцээндээ л явах юм. Өнөөдөр өвлийн хувцас сонирхоод явж байна. Дэндүү үнэтэй байна. Олсон хэд маань хаанаа ч хүрэхгүй хэцүүхэн л байна даа хүүхэд минь" гэж хэлэх хүмүүс хэд хэд таарсан юм.
Ийнхүү цааш явж Баянхошууны найман нэрийн дэлгүүр ажиллуулдаг хүмүүстэй уулзаж мэдээлэл авлаа. Олон хүний хөл хөдөлгөөн үл тасрах автобусны буудлын ард байрлах дэлгүүрүүдийн хувьд борлуулалт гүйлгээ сайн байсан гэж ярьсан бол хөл хөдөлгөөн багатай газруудад худалдаа үйлчилгээ явуулж байгаа иргэдийн хувьд орлого нь буурсан гэв. Заримдаа 72 цаг хадгалах зориулалттай хүнсний бүтээгдэхүүн борлогдохгүй байгаа учраас худалдаанд гаргаж чадахаа больсон аж. Хамгийн их эрэлттэй байгаа бараа бүтээгдэхүүний тухай Э.Энхтөр ярихдаа "Талх нарийн боов гэх мэтчилэн өдөр бүр хэрэглэгдэх хүнсний бүтээгдэхүүн борлуулалт сайн байгаа" гэсэн юм.
О.Оюунчимэгийн хувьд "Есөн сараас хойш орлого нь илт буурч байна, хүмүүс зөвхөн зайлшгүй хэрэгцээт зүйлээ авч байна" гэж хэллээ.
Өдөр болгон дэлгүүрүүдээр явж бүтээгдэхүүн тараадаг борлуулалтын менежер Б.Нэргүй "Хүмүүс ядарч байна гээд төрөөс мөнгө нэхээгүй. Харин төр ажил хийхэд нь битгий саад болооч. Ядарсан иргэдийг хөөж тууж торгох юм" хэмээн ярилаа.
Хямрал дагаж хямдрал зарлаад ч худалдан авах чадвартай иргэд цөөн байгааг уулзсан хүн болгон хэлж байна.
Ж.ХАТАНБААТАР
Зураглаач Н.БАТМӨНХ