-Үндсэн хуулийн өөрчлөлт тойрсон нийгмийг хэлэлцүүлэг ид өрнөж байна. Нэгэнт эхэлсэн зөвшилцлийг ажил хэрэг болгон дуусгах онцгой чухал үүрэг одоо УИХ-ын гарт байна-
Ирэх онд монголчууд бид хэчнээн зоосоор юу идэж, юу өмсч, яаж амьдрахаа шийдлээ. Үе үеийн парламентын намрын чуулганы хийх ёстой нэгэн том ажлынхаа ард УИХ гарлаа. Одоо харин дараагийн том ажил бол Үндсэн хуульд оруулалт нэмэлт өөрчлөлт юм. УИХ-д өргөн баригдсанаасаа хойш энэ хуулийн төсөл сайн, муу элдвийг дуулаад байгаа. Энэ нь ч аргагүй юм. Учир нь, Үндсэн хууль бол Монгол хэмээх туурга тусгаар улсын хэрхэн яаж амьдрах бүхий л харилцааг зохицуулж буй гол баримт бичиг.
1992 онд ард олны өргөн оролцоотойгоор баталсан Үндсэн хуулийг нэг хэсэг гар хүрч болохгүй эд гэсэн хандлага давамгай байлаа. УИХ-ын санал болгосон Ерөнхий сайдыг Ерөнхийлөгч нь дэмжихгүй долоон удаа буцаасан, сөрөг хүчин нь кнопны тоондоо дулдуйдан ямар ч асуудлыг гацааж олонхио нуман тулгуурт оруулж чаддаг байсан зэрэг нөхцөл байдлыг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар гацаанаас гаргаж байсан. Хэдийгээр тухайн үед гарц болсон ч УИХ-ын гишүүдэд давхар Засгийн газрын гишүүн байх боломжийг энэхүү өөрчлөлтөөр нээж өгсөн нь эдүгээ “давхар дээл” хэмээх томьёолол болчихоод байгаа. УИХ болоод Засгийн газрын үүрэг функцийг ихээхэн бүдэгрүүлж байгаа энэ байдлыг засахаар Ерөнхийлөгчийн зүгээс хуулийн төсөл өргөн барьсан ч УИХ дэмжээгүй билээ. 2000 оны өөрчлөлтийг 1992 оны Үндсэн хуулийг эхийг барьсан гэдэг Гавьяат хуульч Б.Чимид “дордуулсан долоон өөрчлөлт” хэмээн тодорхойлсон нь Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах тухай санал, сэдлийг хэсэгтээ “хориотой сэдэв”-т оруулсан хэрэг байсан. Зөвхөн дордуулсан долоогоо буцаая гэсэн дуу хоолой сонсогддог байсан. Харин энэ УИХ-ын үед Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах асуудлыг парламентын түвшинд гаргаж тавьж, энэ процесс үргэлжилсээр өнөөдрийн хорин өөрчлөлтийн төсөл өргөн баригдаад байна. Мэдээж энэ процесс эрх баригч болоод парламентаас гадуурх намуудын зөвшилцөлтэйгөөр энэ цэг хүртэл явсан гэдгийг дурдах нь зүйтэй.
Үндсэн хуулинд хийхээр өргөн барьсан нэмэлт өөрчлөлтүүдийг харвал нэгдүгээрт, парламентыг илүү мэргэжлийн болгож, сонгодог загвар руу оруулах, хоёрдугаарт, гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг өргөтгөх, гуравдугаарт, ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумьж, илүү бэлгэдлийн болгох гэсэн үндсэн гурван зарчмыг тусгажээ. Юун түрүүн парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэн 99 болгож, бүрэн эрхийн хугацааг нэг жилээр сунган таван жил болгохоор санал болгожээ. Өнөөгийн байгаа 76 багадаагүй гэдгийг захын иргэн хэлэх байх. Гэсэн ч гурван сая иргэнд зориулсан хуулийг өнөөх 76-гийн зургаагийнх нь санал нэгдээд л гаргах боломж одоо байна. УИХ-ын хууль тогтоох үйл явц Байнгын хороодоор дамжин явагддаг, гол асуудлууд Байнгын хороон дээр шийдэгдэж, нэгдсэн чуулган Байнгын хорооны шийдвэрийг баталгаажуулдаг. Байнгын хороо 19 гишүүнтэйгээс 10 нь ирсэнээр ирц бүрдэж, зургаан хүн дэмжихэд асуудал шийдэгдэж байна. Гэтэл энэ зургаа тухайн асуудлын мэргэжилтэн огт биш, магадгүй зарим нь тухайн хуулийн төслийг уншаагүй ч байх магадлалтай. УИХ-ын гишүүдийн тоог нэмсэнээр Байнгын хороодоос гарч байгаа шийдвэр арай олон хүний толгойгоор дамжин гарах боломжтой болно. Ингэснээр УИХ-аас гарч байгаа шийдвэр илүү амьдралд ойр, хуулиуд чанартай байх юм гэсэн гол үндэслэл бий. 1992 оны Үндсэн хууль батлагдаж байх үеийн Монголын хүн ам одоо хоёр дахин нэмэгдээд байгааг мөн бодолцох учиртай. Аливаа улсын хууль тогтоох байгууллагын төлөөллийн тоог хүн амын тоотой хувилан гаргах аргачлал бий. Энэ аргачлалаар үзвэл манай парламент 140 гишүүнтэй байх боломжтой юм. Харин өнгөрсөн амралтын өдрүүдийн нийгмийн сүлжээний гол сэдэв болсон 9-ийн тоог монголчууд бэлгэшээдэг учраас давхарласан 9-ийн тоог санал болгосон гэсэн УИХ-ын гишүүн Н.Батбаярын тайлбарын тайллыг өөрт нь үлдээе.
Ерөнхий сайд гэдэг сайхан нэртэй ч үнэн хэрэгтээ кабинетаа ч бүрдүүлэх эрхгүй, төсвөө ч батлах эрхгүй албан тушаалыг бэлгэдлийн агуулгаас нь салгаж гүйцэтгэх засаглалын жинхэнэ тэргүүн байх санал нэмэлт өөрчлөлтөд бий. Улс төрийн намуудын фракциуд бялуу хуваах нэрээр өөрсдийн сайдаа шахдаг, тэр нь эргээд фракцдаа л үйлчилдэг, хүссэн шийдвэрээ гаргуулж чадахгүй бол өөрийг нь болоод кабинетийн гишүүдийг нь шүд сугалах маягаар огцруулахаар шантаажилдаг, Засгийн газрын ахуйн ажлыг парламентын танхимаар дамжуулан гацаадаг эмгэнэлт хошин жүжгийн үзэгдлүүд дахин тоглогдохгүй гэсэн үг.
Харин өнөөг хүртэл хүчтэй институт байж ирсэн Ерөнхийлөгчийн эрх мэдэл хумигдах санал орж ирсэн байгаа. Ард нийтээс сонгохгүй байх, хууль санаачлахгүй байх, Үндэсний аюулгүй байдлыг толгойлохгүй байх, Засгийн газарт чиглэл өгөхгүй, Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг томилохгүй байх гээд гол эрхүүдийг нь бусад засаглалын институт руу шилжүүлэх юм. Нэгэнт ард нийтээс сонгогдохгүй учраас сонгогчдод зориулсан мөрийн хөтөлбөр гаргах шаардлагагүй, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэж парламент, Засгийн газрын чиг үүрэгтэй хамт хутгалдан орох шаардлагагүй болгох юм. Монгол улс ард нийтээр Ерөнхийлөгчөө сонгодог болсон 1993 оноос хойш өнөөг хүртэл үйл явцыг харахад хэдийгээр улс төрийн намаас нэр дэвшин гарч ирээд, намын гишүүнчлэлээсээ хуулийн дагуу татгалздаг Ерөнхийлөгч бүрэн эрхийн хугацааныхаа явцад уг гарвал болсон намтайгаа байнга зөрчилдөж ирсэнийг харж болно. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумьж байгаа нь сонгодог парламентыг төлөвшүүлэх зорилготой уялдан гарч ирж байгаа шаардлага.
Ийнхүү Үндсэн хуулийн өөрчлөлт тойрсон нийгмийг хэлэлцүүлэг ид өрнөж байна. Нэгэнт эхэлсэн зөвшилцлийг ажил хэрэг болгон дуусгах онцгой чухал үүрэг одоо УИХ-ын гарт байна.
Д.НАРАНТУЯА